МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бид бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх санал ирүүлсэн дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэн. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад түдгэлзүүлэх шаардлагагүй гэх дүгнэлт гаргасан. Сая хуралдаанаар бүлгийн 41 гишүүний 39 нь дэмжсэн. Өөрөөр хэлбэл, гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагүй гэж үзсэн. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нотлох баримттай нь танилцдаг учраас ийм шийдвэр гаргаж байгааг нь дэмжье гэдэг шийдлийг гаргасан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудад оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд 100 хувь дэмжье гэх саналд тогтсон.
-МАН эрх баригч намын хувьд ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн нэрийг түдгэлзүүлээд шалгуулж болдоггүй юм уу. Хамгаалаад байгаа юм шиг харагдаж байна шүү дээ?
-Дээр дурдсанчлан Халдашгүй байдлын хороо дэд хороо бол нотлох баримттай танилцах эрхтэй мэргэшсэн хүмүүс. Олон жил парламентад суусан. Тэд үзээд ЖДҮ-тэй холбоотой асуудалд үргэлжлүүлэн шалгах асуудал байна. Заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэж болох асуудал байна гэж үзсэн. Тухайлбал, ЖДҮХС тодорхой гэрээтэй, төсөл сонгон шалгаруулалтаар орсон, хаанаас хаа хүрсэн нь тодорхой байдаг учраас үүнийг заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэдгийг нэгэнт мэргэжлийн дэд хороо үзсэн учраас дэмжиж байгаа юм.
-УИХ-ын чуулган цаашид хэвийн үргэлжлэх үү?
-Чуулган хуулийн хугацаандаа багтаж үүнийг шийдвэрлэх ёстой. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлал бий. Тиймээс манай бүлгийн зүгээс чуулган хэвийн үргэлжлээд явна гэж бодож байна.
Г.Алимаа