“Тавантолгой”-н цахилгаан станцыг барьж байгуулах зорилгоор Засгийн газар, “Оюултолгой” компани хооронд Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Эрчим хүчний яаманд боллоо.
Тус арга хэмжээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Оюутолгой” компанийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Торрес нар оролцсон юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ “Он солигдох энэ өдөр манай салбарын хувьд түүхийн хуудсаа баяжуулсан арга хэмжээ болж байна. Өнөөдрийн гэрээ хоёр талаасаа хүчин чармайлт гаргаж чадах юм бол харилцан үр ашигтай болсон гэрээний тод жишээ болж чадна. “Оюутолгой” бол манай эрчим хүчний салбарын хамгийн том хөдөлгөгч хүч. Импортын барааны хэмжээ өндөр байгаагаас болж ихээхэн хэмжээний валютын гадагшаа урсгаж байна. Ирэх жилээс бид “Оюутолгой” компанид дотоодын эрчим хүчээ нийлүүлж эхэлснээр гадагш урсаж буй валют, импортын хэрэглээ буурна. Дагаад “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжиж эхлэх юм. 2023 онд “Тавантолгой” цахилгаан станц ашиглалтад орсоноор “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжих төдийгүй импортын гаднаас авч буй хэрэглээ зогсоно. Бид гадагш урсаж буй урсгалаа бүрэн эх орондоо авч үлдсэн, эдийн засгийн хувьд үр ашигтай арга хэмжээ болно” гэв.
Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал А.Торрес “Энэхүү гэрээг байгуулснаар “Тавантолгой” цахилгаан станц төслийг хийж хэрэгжүүлэх замын зураглалын тодорхойлж өгнө” гэлээ.
“Тавантолгой”-г түшиглэн барих дулааны цахилгаан станц нь 300 мегаватт хүчин чадалтай бөгөөд 2023 оны зургадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа юм.
Р.Хишигээ