Энэ оны гуравдугаар сарын 24-нд болсон Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит наймдугаар “Их Эе”-ээр Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгснөөр Бөхийн холбоо тойрсон хэрүүл, тэмцлийн эхлэл тавигдсан юм. Уг маргаан даамжирч, улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын зөвшөөрлөөр Бөхийн өргөөний хаалгыг барьсан билээ. Хэргийг нэхэн сануулбал, гурван шатны шүүхээс цэцдийн хурлыг хуралдуулж болохгүй гэсэн шийдвэр гарсныг Шийдвэр гүйцэтгэх албаныхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулахыг хүссэн ч “Даралт ихэссэн” гэх шалтгаанаар гардан авахаас татгалзсан юм. Харин МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан болон Р.Нямдоржийн хүү Улсын гарьд Н.Ганбаатар нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдыг Бөхийн өргөө рүү нэвтрүүлэхээс татгалзсны улмаас зодоон цохионд тулснаар бөх сонирхогчдын урмыг хугалсан байдаг. Арга мухардсан Шүүхийн шийдвэрийн алба хаагчид цагдаагийн нэмэлт хүч гаргаж байж Бөхийн өргөөний урд талын хаалгыг эвдэн дотогш нэвтэрсэн удаатай. Ингээд хурал болдгоороо болж Дархан аварга Б.Бат-эрдэнийг тэргүүнээр сонгосон юм.
Гэвч үүнээс нэгхэн хоногийн дараа МҮБХ-ны тухайн үеийн цэцдийн зөвлөлийн дарга Ц.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх нар мэдээлэл хийж, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг тэргүүнээр өргөмжилсөн гэдгээ дуулгасан юм. Уг асуудал даамжирсаар Гацууртын Л.Чинбатын талынхан буюу дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний хаалгыг эвдэж, орох гэснийхээ хариуд зодуулснаа зураг хөрөгтэйгээ олон нийтэд зарласан нь бөх сонирхогчдын урмыг дахин хугалсан. Ингэж Бөхийн холбоо хоёр хуваагдснаар Бөхийн өргөө “эзэнгүй өргөө” болох эхлэл тавигдаж, хаалгаа барьсан юм. Талуудын үл ойлгоцолцлоос болж Бөхийн өргөөний хаалга өнөөг хүртэл цоожтой байна. Энэ хугацаанд намрын нээлтийн барилдаан, Улс тунхагласны баяр, Монгол бахархлын өдрийн, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанийг ээнэгшиж дассан Бөхийн өргөөнд хийх боломжгүй болсон юм.
Түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөөс Бөхийн өргөө нь 1998 оны арванхоёрдугаар сарын 26-ны энэ өдөр үүдээ нээж байсан түүхтэй аж. Тэгвэл он солигдохоос хэдхэн хоногийн өмнө аваргууд нэгдэж буйгаа дуулгангаа Бөхийн өргөөг 20 жилийн тэртээх түүхэн өдөр нь дахин нээх болсон таатай мэдээ дуулгалаа. Энэ мэдээ Монголчуудыг баярлуулсан нь лавтай. Ингээд Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын байр суурийг хүргэе.
Х.Баянмөнх: Би Л.Чинбатын холбоог хууль ёсных гэж үздэг
“Б.Бат-Эрдэнэ бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяагдсан үүргийнхээ дагуу өнөөдөр ярьж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүй, зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй хүмүүс. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна. Тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бөхийн холбооны маргаанаас болж Монгол бөхийн үйл ажиллагаа зогсоод байна. 16 жил шүүхдэлцээд өнөөдөр ч шийдэгдээгүй байна. Б.Бат-эрдэнэ бид хоёр жудаг гаргаж нэг шийдвэрт хүрэхээр болсон. Монгол бөхөд жудаг гэж бий. Би 92 настай Содном гэх даншигийн заантай нэг найран дээр суусан юм. Тэр хүнийг хүндлээд дээш суу гэсэн. Тэгтэл тэр хүн “Би 92 нас хүрсэн ч жудаг ёсоо зөрчихгүй” гэж хэлж байлаа. Би Л.Чинбатын холбоог хууль ёсных гэж үздэг. Би үзэл бодлоосоо ухардаг хүн биш. Гэхдээ Бөхийн өргөө аль ч холбооны өмч биш. Төр Бөхийн өргөөг авах ёсгүй. Би улсад 10 удаа түрүүлсэн бай шагналаа бөхийн өргөөндөө хандив өргөсөн. Бид муудалцаагүй. Зөвхөн үзэл бодлын зөрчилтэй байсан. Одоо бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ” гэв.
Б.Бат-эрдэнэ:Баянаа аваргаасаа уучлалт хүсье
“Бөхийн өргөөнд үүссэн нөхцөл байдал 16 жил болж угжирсан асуудал. 2018 оны гуравдугаар сарын 24-нд Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит хурлаа хийж надад тэргүүн ачааг үүрүүлсэн. Жилийн өмнөөс би татгалзсан шийдвэр гаргасан. Тэр байр сууриндаа хэвээр байгаа. Цаашид Их хурлаа дахин хуралдуулж, шийдвэр гараад явах байх. Одоо бол Бөхийн өргөө хаалттай байгаа. Дархан аварга Х.Баянмөнх бид хоёр тал талаасаа ахмад настай нь. 20 насны зөрүүтэй ч аав, хүү шиг, ах, дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая гэж ярилцсан. Ингээд бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулсан. Бид хамтарч бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгууллаа. Энэ зөвлөл нь үндсэндээ 6-7 хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр хүмүүс санаан зоргоороо оролцсон улсууд биш. Зарим хүмүүсийн ярьсан шиг Х.Баянмөнх аваргатай хэрэлдэж, холбоог булаацалдаагүй. Ийм түүх ч байхгүй. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацааны мэдээллийг шүүгээд үзэх хэрэгтэй. Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсч байна. Бас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсье” гэсэн юм.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (5)