Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төр нь иргэдийн боломжийг хулгайлагчид гэмт хэрэгтнүүдээр дүүрч, нам нь мафижсан бүлэглэл болж, олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байгааг та бид харж байна. Баяжих, хөлжих донтнуудын хүслээр Монгол Улс туйлдаж, ийм цаг үейин бид хамтдаа туулж явна. Одоо энэ бүгдийг эцэслэх цаг болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэх зүйлээр далдалдаг увайгүй хүмүүсийг ард түмний шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ.
Шударга ёсыг сэргээн тогтоохын тулд таван зүйлийн хийх хэрэгтэй гэлээ. Тодруулбал, нийгмийн бүхий л салбарт бий болсон шударга бусын хонгилыг эвдэж, нураах, иргэдийнхээ итгэлийг өөрсдийн шуналаас доогуур үзэж, сонгогчдын итгэлийг алдаад байгаа энэ Их Хурлыг тараахаас шинэчлэл бүрдэнэ. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэл хүлээдэг байх хэрэгтэй. Гэвч Монголд ийм зүйл алга. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль, журмуудыг нэн даруй хүчингүй болгож, хувь хүн засагладаг биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Түүнчлэн намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрийн шударга тогтолцоо бий болно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож, мөнгө тарааж байгаа явдал бол төрийн эсрэг хийж байгаа үйлдэл гэж хатуу шийтгэдэг болгоё.
Мөн байгалийн баялгийг ард нийтийн болгохын тулд тодорхой хэдэн саналыг хэлье. Нэгдүгээрт, лиценз наймааг зогсоож, Үндсэн хуулийн дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийе. Тэмцээд байх шаардлагагүй. Зохион байгуулж хийх үлдсэн. Авлигачин төсөв зохиодог энэ ажлыг тас цохиж, улсын төсвийг хэмнэж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, Монголчуудад биш гадаадынханд ашигтай зээлийг Монголчууд авдаг явдлыг зогсооё. Стратегийн ордуудаас төсөвт ордог мөнгийг нэгтгэж, баялгийн сан байгуулаад иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг төр хурааж аван, хуулийн дагуу гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зохион байгуулна. Уул уурхайн биш бусад барааны хязгаарлалтыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, гадаад худалдаан нэгдмэл байдлыг хэрэгжүүлэх шаардлага Монголд үүсээд байна. Улс орны ажил бүтээн байгуулалтгүйгээр бүтэхгүй. Та бүгд мэдэж байгаа. Маргаашийг бий болгох бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлье.
Мөн чинээлэг дундаж давхарга бий болгох. Үүнийг бодлогоор дэмжиж, босгох ажлыг хийе. Бензин шатахуун гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, цалин орлогыг нэмэгдүүлэх ажлыг хийе. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварыг нь хялбаршуулсан байдлаар тооцдог болгоё. Тшом компанитай адил нөсөр тайлан тооцоо хийх шаардлага жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд байхгүй. Монгол Улсад өнөөдөр хямрал болгоод буй зүйл нь эдийн засгийн ардчилал гэдэг зүйл байхгүй болсонтой холбоотой. Бүх юм цөөхөн хүний гарт орсон. Эдийн засгийн ардчиллыг бий болгохын тулд хоршоолсон супермаркет, шатахуун түгээх станцыг бас хоршоолсон болгоё. Даатгал, банк зэргийг олон нийтийн оролцоотой болгоё. Өнөөдөр талцаж, хэрэлдээд суух биш, гарц шийдэл, хөгжил дэвшил ярих цаг болсон. Үр хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгөх төлөвлөгөө бидэнд байна. Тиймээс хүчээ нэгтгэж, шударга бусын хонгилыг устгаж, та бид Монголдоо бахархалтай амьдрах Нэгдмэл Монгол хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Олны хүч оломгүй далай байдаг. Эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (15)