Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2018” шагнал гардуулах ёслол Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай юм.
Энэ жил Их дээд, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, сургалтын төвөөс нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Шалгаруулалтад 21 аймаг есөн дүүргээс нийт 157 багш материалаа ирүүлжээ.
Оны шилгүүдийг тодруулбал, Ховд их сургуулийн багш Г.Нямдаваа, Техник, технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ, Налайх МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа, Нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн багш Ж.Хатанбаатар, Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн бага ангийн багш Д.Мөнхзаяа Дархан-Уул аймгийн 29-р сургуулийн багш Э.Мөнх-Учрал, Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн багш Г.Ганчимэг, Нийслэлийн БЗД-ийн 147-р цэцэрлэгийн багш Н.Хонгорзул, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр нар шилдэг багшаар тус тус шалгарлаа.
Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан хариуцсан ажлын үзүүлэлт нь дээшилсэн, ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, ёс зүй хэв журмын зөрчил гаргаагүй, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг гол үзүүлэлт болгожээ.
Б.Лхам