Баримт 1.
Намайг намын дарга, Ерөнхий сайд байхад Ардчилсан нам засаг барьж чаддаггүй гэж хүний өөрийнгүй харлуулж зүтгэсээр байгаад сольсон. Энэ удаа МАН-ыг 65-уулаа юм чинь тогтвортой ажиллах юм болов уу гэсэн тийм биш байна. Тэгэхээр аль нэг нам хэдэн суудал авах нь чухал биш улс төрөөр тоглодог бүлэглэл бий болсон байна.
Баримт 2.
Шударга бусын хонгил гэдгийг би ухаантайдаа хэлчихсэн юм биш. Олон хүний амьдралыг Ц.Элбэгдорж нарын бий болгосон шударга бусын хонгил сүйрүүлсэн. Би энэ хонгилоор 4-5 жил явсан. Өнөөдөр болохгүй бүтэхгүй байгааг нь хэлсэн хүнийг хонгилоороо явуулж хавь ойрынхных нь амь амьдралаар тоглож байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр шүүхийн өмнө хүний амь, амьдралаар дэнчин тавьж тоглодог болсон байна.
Баримт 3.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр төрийг унагаах гэж, Засгийн газрыг нь огцруулах гэж хичнээн олон залуусыг шорон гянданд суулгав. Мөнгөнтуяа гээд хүний жаахан охиныг хилс хэрэгт хэлмэгдүүлж 6 сар шоронд суулгачихаад хэдэн төгрөг өгөөд л орхисон. Мөнгөнтуяаг Н.Алтанхуяг огцорсон өдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны орой шоронгоос гаргасан. Зургаан сар хүний охиныг тамлаж байгаад шүү дээ. Гэтэл хүн хэлмэгдүүлсэн хүмүүс нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Одоо тэд хонгил дотроо дахиад өчнөөн бизнесмэн, өчнөөн олон хүнийг шорон гяндангаар айлгаад суулгаж байна.
Баримт 4.
Намайг Ерөнхий сайд болсны дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг аа чи бусад ажлаа хий. Би Эрдэнэтийг хариуцна” гэж хэлсэн. Тэр нь Эрдэнэтэд хүмүүсээ байршуулна. Үүнтэй холбоотой бүх бизнесийг хийнэ гэсэн үг. Тэгэхдээ надад арай ч 49 хувийг авна гэж хэлээгүй л дээ. Үгэнд нь орохгүй, өөрийнх нь эрх ашигт нийцүүлж шийдэхгүй болхоор шоронд хийнэ гэдэг.
Баримт 5.
Ц.Элбэгдорж сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан бол Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон.
Баримт 6.
Оюутолгой дээр хоёр тэрбум долларын хэтрэлт үүссэн. Үүнийг зөвшөөр гэж надад тулгадаг байсан. Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бонд босгосон. Түүгээр ямар их юмыг хийж бүтээж, өөрчилж болж байна. Гэтэл хоёр тэрбум ам.долларын хэтрэлийг шууд зөвшөөрнө гэдэг бол Монгол Улсын хувьд том алдаа. Тиймээс би зөвшөөрөөгүй.
Баримт 7.
Газрын доорх баялаг бол ард түмний өмч. Гэтэл шунал нь ихэдсэн улстөрчид ард түмэнд оногдох газрын доорх баялгийг хорь, гучуулхнаа хувааж иднэ гэж дайрч болохгүй. Тэгээд бурууг нь хэлж, түүнд нь хаалт хийхээр хонгилоороо явуулдаг.
Баримт 8.
Ер нь бол Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан. Над шиг тэнэг хүн л “Хаан шалдан байна” гэж хэлээд дараа нь алуулсан.
Баримт 9.
Ц.Элбэгдорж шуудайтай нүүрсний үнэ мэдэхгүй шүү дээ. Алт, мөнгө, зэс, коксжих нүүрсээ л мэднэ. Амьдрал мэдэхгүй. Ц.Элбэгдорж нүүрсний тухай Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нараар яриулбал жаахан юм ойлгох байх.
Баримт 10.
Манай Элбэгээ 2009 онд Ерөнхийлөгч болсон. МАН тэр үед УИХ-д олонхи байсан. АТГ, прокурор, дээд шүүхийн даргыг томилохын тулд УИХ-ын олонхитой ойлголцох ёстой. Тэр нь М.Энхболд байсан. Ц.Элбэгдорж Дээд шүүхийн даргаар Ц.Зоригт гээд өөрийн хүнээ тавилаа. Прокуророор Д.Дорлигжавыгаа тавилаа. Дараа нь АТГ-ын даргаар Н.Ганболдыг, орлогчоор нь Б.Хурцыг тавилаа. Ингээд бүх юмаа хийсэн. Эсрэг юм яривал АТГ дээр хэрэг үүсгэнэ. Прокурор зөвшөөрөл өгнө, цаашаа шүүхээр оруулаад ял өгөөд шоронд хийнэ. Хонгил гэж энийг хэлээд байгаа юм. Дорлигжавыг би ардчиллын хүн ардчилсан байдлаар ажиллах байх гэж горьдож байсан. Гэтэл өчнөөн олон бизнесийнхэн шоронд орлоо. Гансүхийг хүртэл хийлээ. Тэгээд итгэл алдарсан даа. Чиний нам, миний нам, тэрний намдаа биш. Их өөр эрх ашигт үйлчилдэг юм байна гэж бодсон.
Баримт 11.
Хонгилоор ганцхан улстөрчдийг явуулдаггүй. Мөнгөтэй, бизнестэй хүмүүсийг шоронд хийгээд лицензийг нь дээрэмдээд, мөнгийг нь аваад л бизнесийг нь нураадаг. Ийм шударга бус байж болдог юм уу. Монгол улсад анх удаа ардчиллаар овоглосон Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гэж гурван хүн гарч ирчихээд хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй гэж олон удаа хэлсэн.
Баримт 12.
Манай Засгийн газрын үед Тавантолгой дээр боломжтой хувилбарыг танилцуулъя гээд манай энэ үйлтэй Ч.Сайханбилэг ажлын хэсгийг нь толгойлоод ажилласан. Тэгээд төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”, “Шинхуа”, “Пибоди” хамтарч ажиллахаар гэрээ байгуулах түвшинд хүрсэн. 2014 оны зургадугаар сард шүү дээ. Арваннэгдүгээр сард манай Засгийн газрыг огцруулсан. Тэгээд Тавантолгойн гэрээ юу болж орсон гээч, Төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” алга болоод “Шинхуа”, “МСS” хоёр ороод ирж байгаа юм. Н.Алтанхуяг үгээр нь байгаагүй учир огцруулаад өөрсдийхөөрөө хийсэн.
Баримт 13.
Ард түмэн, эх орныхоо төлөө ажил хийх үү эсвэл газрын доорхи баялгийг идэх гээд байгаа хэдхэн хүнд зориулж шийдвэр гаргах уу гэдэг сонголт миний өмнө ирээд байсан юм. Би ард түмний талд зогссон. Тэгээд л Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг дээр нүүрс гэх хэрэг үүсгээд хамаатан садныг нь шоронд хийгээд дарамтлана. Тэгэхээр Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгнө гэдэг зохиол бичсэн.
Баримт 14.
Ц.Элбэгдорж л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоно оо л гэсэн. Сайханбилэг бол сонголтгүй сонголт л байсан. Энэ хүн бүх л болохгүй юмыг хийсэн. Дубай, Тавантолгой, Эрдэнэт гээд. Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байгаад бүх юмыг хийлгэсэн.
Баримт 15.
Би УИХ дээр намайг битгий огцруулж өгөөч ээ, үлдэж байгаа хоёр жилд дахиад хийх ажил их байна гэдгээ хэлсэн ш дээ. Ажил хийх гэж байгаа хүн юу гэж өргөдөлөө барьчихаад өөрийгөө огцруулах гээд орох вэ дээ. Энэ олон жилийн дараа ажил хийх боломж олдоод ард түмний нүд нь жаахан сэргэж байхад би өөрөө өргөдөл өгөөд явж байх уу? Ц.Элбэгдоржийн хүсэл л тийм байсан. Н.Алтанхуягийг дарамтлаад байвал өргөдөл өгөх байх аа гэж бодсон. Харин би хүсээд байвал УИХ дээр кнопдоод огцруулаарай гэсэн. Манай намын гишүүдийг хонгил руугаа хийнэ гэж айлгаж байгаад 7 гишүүнийг чуулганд оруулаагүй. Хожим энэ хүмүүс шалтгаанаа хэлнэ биз. АН-ын 15 гишүүнийг айлгаж байгаад манай Засгийн газрыг унагасан.
Баримт 16.
Манай намын дүрмээр намын дарга Засгийн газар байгуулахад оролцож нөгөө намтай гэрээ хэлцэл хийдэг учир Ерөнхий сайдаа өгсний дараа “Алтанхуяг аа одоо МАН-тай нийлж Засгийн газар байгуул” гэсэн. Би МАНАН-гийн Засгийн газар байгуулж байсанд орвол бол намын даргаа өгчихье гээд л өгсөн.
Баримт 17.
Ч.Сайханбилэг МАНАН-гийн Засгийн газар байгуулсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай, У.Хүрэлсүх Шадар сайдтай, Ж.Эрдэнэбат Сангийн сайдтай. Ингээд МАНАН-гийн Засгийн газрыг долоо, найман сар ажиллуулсан. Яах гэж ажиллуулсан юм, 2016 онд АН-ыг ялагдуулах бэлтгэл хангуулж ажиллуулсан юм.
Баримт 18.
Эрдэнэтийн овоолго дээр “Эрдмин” гээд үйлдвэр байгаа. Нөгөөх дээр нь Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын “Ачит ихт” гээд үйлдвэр байгаа. Би заримдаа ардчилал гэж ярихаасаа ичих юм. Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй. Элбэгдоржоо одоо боль оо, арай хэтэрлээ ш дээ. Эрдэнэтийг идээд болоо юм биш үү. Эрдэнэтийн овоолгын шороог хүртэл идэхээ боль л доо. Шороог нь ядаж ард түмэнд үлдээж болохгүй юм уу?
Баримт 19.
М.Энхболд огцорвол хүн хэлмэгдүүлдэг хонгилын тулгуурууд нурж унана. Одоо прокурор, АТГ, шүүх гээд хамгаалагчид нь байгаа учир эд их пээдгэр байгаа. 60 тэрбумын хэрэг гээд улаан цайм юман дээр мэлзээд л гөлийгөөд суугаад байгаа биз дээ. Монголын төр ингэхээр ялзрахгүй яах юм.
Баримт 20.
Би энэ олон генералыг хараад ичиж байна. Хонгилын хаалга нээж өгсөн Ганболд генерал, дагалдан Донжчимбуу генерал, Хурц генерал, болиоч дээ. Энх цагт яагаад ийм олон генерал төрдөг юм. Яахаараа шударга бусын хонгил руу хүмүүсийг хийснийхээ төлөө генерал болдог юм.
Баримт 21.
Эрдэнэтийн 49 хувийг өгөх авах асуудал заавал УИХ-аар орох ёстой. Тэрийг Ч.Сайханбилэг ганцаараа шийдэх эрхгүй. Хонгилынхоны л хийсэн ажил. Ингэж л дээрэм хийдэг. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн болгон Ц.Элбэгдоржийн захиалгаар хийгдсэн. Би жишээ хэлэх үү? Ч.Сайханбилэг дөнгөж гарч ирчихээд Тагнуулын даргаа солиод Б.Хурцыг тавьсан. Б.Хурц нь АТГ-ын орлогчоор ажиллаж байхдаа баахан хүнийг хориод Ц.Элбэгдоржийн гар хөл болж маш олон хүнийг хэлмэгдүүлсэн. Цагдаагийн дарга, Шүүхийн шийдвэрийн даргаа сольсон. Ерөнхий сайд болоод 5 хоногт л сольсон. Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намын дарга байсан. Засгийн газар нь АН-ын Засгийн газар байсан. Гэтэл МАНАН-гийн Засгийн газар байгуулаад л хууль хяналтын байгууллагын дарга нараа бүгдийг нь сольсон.
Баримт 22.
Н.Алтанхуяг гэдэг нөхөр Ерөнхий сайд байхдаа Цагаансуваргын ордын төрд эзэмших 34 хувийг 0 болгосон гээд байдаг юм. Би тийм юм хийгээгүй. Манай Засгийн газар 34 хувиар нь бичээд УИХ-д оруулсан. Үр дүн нь яаж гарсан гээч. УИХ дээр 34 хувь 0 болоод гарч ирсэн. Одоо эндээс Монгол Улсын эзэн хэн бэ гэдгийг бод. Ард түмэн ядаж 34 эзэмших ёстой гээд оруулж байхад 76 гишүүнийг бужигнуулж байгаад 0 болгоод гаргаад ирсэн. Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хийсэн “Ачит Ихт” гээд "Эрдэнэт” эзэмшихээр байсан. Тэрнийг бас алга болгочихсон.
Баримт 23.
И.Сталины үед хүн байвал хэрэг олдоно гэдэг байсан гэдэг. Энэ хонгил яг тэгж ажилладаг. Тэр байтугай Тавантолгой дээр Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын гээд хэрэг боллоо доо. Нөгөө газар нь манайд хохирол байхгүй гэдэг. Тэгэхээр нь хохирогч хүчээр болгож байгаа юм. Би технологи ярьж байгаа юм. Жаахан муу, хар технологи. Тавантолгойн захирлаар ажиллаж байсан залууг АТГ дуудаад чи хохирогч бол. Хохирол байхгүй гэсэн дүгнэлтээ гарчихсан гэхээр нь хүүе танай ах чинь тэнд хэрэгт холбогдчихсон байгаа шүү дээ мэдэж байгаа юу. За тэгвэл хохирогч болоод хүрээд ирэх үү гэдэг. Өнөөх нь тэгье л гэсэн байгаа юм. Нөгөө залуу ажлаа өгчихөөд дараа нь над дээр ахынхаа төлөө ийм зүйл хийчихлээ уучлаарай гээд ирж байсан.
Баримт 24.
Би өөрийн бодолтой, итгэл үнэмшилтэй, түүндээ хатуу байж чаддаг хүн. Өнөөдөр Монголын парламент, засаг төр нь олон түмний итгэл даахаа больжээ. Үүнийг тараах нь зөв. Тараачихаад Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэвэл тийм зүйл байхгүй ээ. Парламентын засаглалаа өөд нь татаад явчихад болно
Сэтгэгдэл (68)