СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Тамхи татдаг 10 хүний зургаа нь уушгины хавдраар өвчилдөг-
-Тамхи татсаны дараа хүний артерийн даралт ихэсдэг учир зүрх судасны өвчлөл тусах магадлал маш өндөр-
-Тамхины талаарх ерөнхий ойлголтоос яриагаа эхэлье?
-Тамхин дотор маш олон төрлийн хорт бодис агуулагддаг. Ерөнхийдөө тамхины хамаарлыг никотины хамаарал гэж нэрлэдэг. Донтуулах бодисыг нь сэтгэц идэвхит бодис гэж нэрлэдэг. Энэ нь тодорхой хугацаанд давтамжтайгаар хэрэглэхээр ямар ч хүн бие болон сэтгэцийн хувьд хараат болохыг хэлдэг. Сэтгэц идэвхит бодисыг дотор нь хуулийнхаа хүрээнд хориглогдоогүй, хориглогддог гэж хоёр ангилдаг. Тамхи нь хуулийн хүрээнд хориглодоггүй сэтгэц, идэвхит бодис юм. Сэтгэцийн хувьд хараат болно гэдэг нь тухайн бодисыг хэрэглэмээр санагдах, найз нөхөдтэйгөө суухаараа татмаар болдог. Харин даамжраад ирэхээр биеийн хувьд хараат болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн бодисыг хэрэглэхгүй болохоор бие тавгүйтэж, сэтгэл санаагаар унана. Заавал хэрэглэж байж тайвшрах гээд байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг гэж үздэг. Үүнд маш олон төрлийн хавдар үүсгэгч бодисууд агуулагддаг юм. Тухайлбал, уушгины хорт хавдраар өвчлөх магадлал нийт хүн амтай харьцуулахад 10 дахин их байдаг. Мөн тамхины утаа явж байгаа замын хоол боловсруулах эрхтэн, улаан хоолой, давсаг амны хөндий, нойр булчирхай, бөөрний хавдрыг үүсгэдэг. Тамхи татсаны дараа хүний артерийн даралт ихэсдэг учир зүрх судасны өвчлөл тусах магадлал маш өндөр байдаг. Тамхи татах үед хүний артерийн судас байнга агшиж байдаг. Ингэснээр хүн байнгын цусан хангамжийн дутагдалтай болдог. Өөрөөр хэлбэл, байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай явдаг гэсэн үг.
-Хүчилтөрөгчийн дутагдал бий болсноор хүний биед юу болох вэ?
-Тамхи татдаг хүмүүсийн арьс салст байнгын хуурайшилттай байдаг. Мөн байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай байхаар хүүхэн хараа хөх хөр өнгөтэй болдог. Ер нь үс, хумс гээд нөлөөлөхгүй эрхтэн байдаггүй.
-Эмэгтэйчүүдийн дунд тамхи татсанаар турдаг гэх ойлголт байдаг?
-Тийм. Ихэнхи эмэгтэйчүүд буруу ойлголттой байдаг. Тамхи нь хүний өөхөн эдийн хуваарилалтыг нь алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, биеийн хэвлий хэсэгт өөхөн хуримтлалыг бий болгодог юм. Ингэснээр биеийн галбир алдагдана гэсэн үг
-Та дээр тамхи сэтгэцийн эмгэгт нөлөөлдөг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
- Тамхинд агуулагдаж байгаа никотин нь сэтгэцийн болон биеийн хараат байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, тамхи татаж байж л ажил хийх чадвартай, ажлын бүтээмж сайтай болдог, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн өсвөр насны хүүхдүүд тамхины хожуу гарах хор хөнөөлийг нь мэдэхгүй, ойлгохгүйгээс үүдэн тамхи татах нь их байдаг. Хожим нь тамхины хэрэглээ нь нэмэгдэж, сэтгэлзүйн хараат байдалд ордог л доо.
-Тамхи татахаар тайвширдаг гэдэг. Тамхинд тайвшруулах бодис агуулагддаг юм уу?
-Сэтгэц идэвхит бодисыг хүн ихэвчлэн хоёр шалтгаанаар л хэрэглэдэг. Нэгдүгээрт, тухайн бодисоос ямар нэгэн байдлаар таашаал хүртэх гэж, хоёрдугаарт өөрт байгаа таагүй мэдрэмжийг дарах зорилгоор хэрэглэдэг. Гэхдээ энэ нь түр зуурын арга гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Бие нь гүйцэд өсөн төлжиж, төлөвшөөгүй байгаа өсвөр насныхан хэрэглэхээр яаж нөлөөлөх вэ. Мэдээж насанд хүрсэн хүнээс илүү хор хөнөөлтэй байх?
-Бие махбод нь өсч байгаа, сэтгэлзүйн хувьд бүрэн төлөвшөөгүй үедээ хэрэглэнэ гэдэг төдий чинээ тухайн бодист донтох магадлал өндөр болно гэсэн үг. Энэ нь хавдар болон бусад тамхины шалтгаант өвчлөлөөр өвчлөх магадлалыг өсгөдөг.
-Хорт хавдрын 38 хувь, зүрхний эмгэгийн 34 хувь, амсгалын эрхтний тогтолцооны 28 хувь нь тамхи татсаны улмаас үүсдэг байна-
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ ихэссэнийг судалгаа харуулж байгаа. Жирэмсэн мөртлөө тамхи татаад зогсож байгаа ээжүүд цөөнгүй ажиглагддаг. Энэ нь урагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Эх ураг хоёрын барьер буюу хамгаалалтын хүчин зүйл байдаг. Барьер нь зарим бодисыг урагт дамжуулдаг бол зарим бодисыг нэвтрүүлэлгүй хамгаалж байдаг. Гэтэл сэтгэц идэвхит бодисууд энэ хамгаалалтаар төвөггүй нэвтэрч ордог учир эхэд нөлөөлж байгаа хортой зүйл нь урагт яг л тэр хэмжээгээрээ нөлөөлдөг. Ураг бүрэлдэн тогтож байх үед ямар нэгэн саатал өгөх л юм бол төрөлхийн гажигтай төрөх магадлалууд маш өндөр болдог. Тиймээс тунгаас хамаарахгүйгээр урагт шууд нөлөө үзүүлдэг юм. Үүнээс үүдэн ураг дутуу төрөх, ургийн гажиг үүсэх, ураг амьгүй төрөх магадлалууд ихэсдэг. Мөн өсөлтөнд нөлөөлдөг.
-Энэ өвчлөлд хамааралтай болсон хүнийг яаж эмчилдэг юм бэ?
-Сэтгэц идэвхит бодисын эмчилгээ нь нэлээд урт хугацааны эмчилгээ шаарддаг. Хамгийн гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ байдаг. Нарийн мэргэжлийн эмчид хандаж эхлээд зөвлөгөө авах ёстой. Никотин орлуулагч бодисууд манай улсад байдаг. Эмчилгээнд үүнийг ашигладаг юм. Зарим нэгэн мансууруулах төрлийн бодист орлуулах бодис байхгүй байдаг болохоор дан сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Ерөнхийдөө аливаа нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь л хамгийн хялбар байдаг.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)