УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг хэлэлцээд, дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцээд дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Мөн бүлгийн хуралдаанд нийт МАН-ын 64 гишүүний 35 нь оролцсон гэдгийг онцолсон юм.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Удирдах зөвлөлийн хуралд оролцуулахгүй гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүн онцолсон. Мөн Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг өргөн барьсан 27 гишүүн өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд суугаагүй. Тэгэхээр өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэр мөн хүчин төгөлдөр бус” гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн юм.
Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шүүхээс эцсийн байдлаар буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад бид гишүүний эрхэд халдаж болохгүй“ гэсэн тайлбар өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв.
Сэтгэгдэл (5)