УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн албан бланкан дээрээ УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулах мөн түүний туслах Т.Зөнбилэг биед халдсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ыг тараах тогтоолын төслийг бичиж, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа талаараа “УИХ яагаад томилсон хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ. Хариуцлага тооцож чадахгүй бол энэ УИХ чадамжгүй гэж үзэж байна. Хоёрын хооронд УИХ байх шаардлагагүй, тараах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэд хэдэн УИХ-ын гишүүн дэмжихээ илэрхийлсэн” гэлээ. Тэрбээр мөн Засгийн газрыг огцруулах Д.Хаянхярваагийн тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гэдгээ ч хэлсэн юм. УИХ-ыг тараах бичгийг өргөн барих болсон шалтгаанаа тэрбээр ийн тайлбарлаж байна. “Хариуцлагын асуудлыг би хэд хэдэн удаа хэлж байсан. Намар цахилгааны тэг зогсолттой холбоотой Эрчим хүчний сайдад хариуцлага тооц гэж Ерөнхий сайдад хэлж байсан. ЖДШ-ийн зээлтэй холбогдсон гишүүд, сайд нарт ч хариуцлага тооц гэсэн. Энэ мэтчилэн олон шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцсонгүй. Хариуцлага алдсан, асуудалд орсон сайд, албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй байна.
Хууль зүйн байнгын хороо хоёр өдөр хуралдсангүй. Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл гишүүд рүү утасдаж, хуралд битгий суу, ирц битгий бүрдүүл гэж ярьж байсан нь цагаандаа гарсан. Төрийн гацаа байдал үүссэн. Тиймээс УИХ нь ч таръя, Засгийн газар нь ч огцоръё гэсэн байр суурьтай байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн" хэмээн ярив.
Мөн тэрбээр цааш нь ярихдаа Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах болон түүний өргөн барих УИХ-ыг тараах хуулийн заалт нь өөр гэдгийг хэллээ. Тэрбээр мөн УИХ цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон гэдгийг онцоллоо. Хэрэв түүний тогтоолын төсөлд гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурвал чуулганаар хэлэлцэх юм.
Түүний хэвлэлийн зөвлөх Т.Зөнбилэгийн биед халдсан хэргийн талаар ярихдаа “Сүүлийн үед над уруу их дайралт ирж байна. Манай зөвлөх рүү дайрч, толгойг нь хагалсан. Өөрөө зохион байгуулчхаад сенсаацлаж байна гэж байна. Би ямар нэг улс төрийн зарчмын байр суурь болон үзэл бодлоо хэнээс ч айхгүй хэлж, хийдэг. Тиймээс надад ийм юм зохион байгуулах хүн биш. Дээр нь би ийм зүйлийн төлөө зөвлөхийнхөө толгой уруу турбагаар зохиж байх ёс зүйтэй хүн биш. Улс төрийн анхааруулга, дохио юм болов уу гэж бодож байна. Хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгана. Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад халдлагын талаар мэдээлэл өгсөн. Гэр бүл, хамтран зүтгэгчдэд эрсдэл үүсэх нөхцөл гарч болзошгүй байна. Тиймээс үүнээс сэргийлж өгнө үү хэмээн албан бичгийг өгч байна. УИХ-ын чуулган дээр байр суурь илэрхийлсэнтэй холбоотой ийм асуудал хөндөгдөж байна уу даа гэж бодож байна. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ыг тараах албан бичгийг өгнө гэдгээ хэлсэн. Тиймээс эдгээрээс болж байна гэж хардаж байна.
Б.Батзориг сайдыг огцруулах үеэр Ерөнхий сайд нэг зүйлийг хэлсэн. Энэ нь Үндсэн хуулиар миний ажлыг хийлгэх чадамжгүй болгосон байна. Үндсэн хуулийг өөрчилнө, УИХ, Засгийн Газрыг тараах асуудлыг хөндөн тавьж ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ гэх зэргээр иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан мэдэгдэл хийсэн. Үүнийг бол бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд их шүүмжилсэн. Өчигдөр гэхэд Ерөнхий сайд намын байран дээр хүмүүс цуглуулж жагсаал цуглаан хийх тухай асуудлыг хөндсөн байна. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Ийм байж болохгүй” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (26)