АСЕМ-ын зардалд хийсэн аудитын дүнгээр нэр бүхий 17 гишүүнийг мөнгө завшсан байж магадгүй хэмээн АТГ-аас шалгалт хийж эхлээд буй.
Нийслэлийн хотын дарга асан Э.Бат-Үүл болон бусад холбогдох хүмүүс мөнгө завшсан гэх мэдээллийг эсэргүүцэж АСЕМ-ын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Нийслэлийн хотын дарга асан Э.Бат-Үүл “Гутаах зохион байгуулалттай ажлыг хийж байгаа хүмүүст бид өршөөлгүй хандана. Гадны гар хөл болж байгаа хүмүүст бид өршөөлгүй хандана. АСЕМ-ыг зохион байгуулсан явдаүл бол монголын хувьд нэр төрийн хэрэг байсан. Энэ нь Зөвлөлтийн колончлолоос гараад улс шиг улс, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсноо нотолсон, олон улсын хэмжээнд зарласан чухал үйл явдал. АСЕМ-ын зохиогчид нь монголчууд. Чингисийн эзэнт гүрэн гэж Мөнх хааны үед оргилдоо хүрсэн үед монголчууд АСЕМ-ыг зохион байгуулж байсан. Европ, Азийн бүх төрийн тэргүүнүүд энд цугладаг байсан. Яг 800 жилийн дараа 54-үүлээ цуглалаа. Гэтэл АСЕМ-ыг гутааж байгаад би зориуд нэр томьёо гаргаад байгаа. “Хулхи” монголчууд гэж. Гадны гар хөл болж монголыг гутааж явдаг өөдгүй улсууд байдаг. Ийм хүмүүсийн хийж байгаа ажил” гэв.
Түүнчлэн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой хүмүүс байгаа бол тэднийгээ л ярих ёстой. Гэтэл АСЕМ-ыг бүхэлд нь хутгаж байна гэсэн юм.
Улсын төсвөөс хамгийн багадаа 250 тэрбум төгрөг гарах байсныг 20 тэрбум төгрөг болгосон. Спортын олимпыг Грекчүүд зохиож байсан бол улс төгрийн олимпийг Монголчууд зохиосон юм. АСЕМ-ыг ингэж харлуулна гэдэг бол Монгол Улсад дан хулгайч дээрэмчид байдаг юм шиг нэр хүндийг шалан дээр унагаж байгаа төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг утгаар нь бид мэдэгдэл хийж байгаа хэмээн ярьж байлаа.
Мөн энэ үеэр Монголын урчуудын эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч А.Чадраабал “2016 онд болсон АСЕМ-ын түүхэн үйл явдалд хөшөөний уралдааныг Гадаад хэргийн яамнаас зарласан. Тэр уралдаанд би загвараа хийгээд шалгарсан. Сүүлийн үед юу гэж байна гэхээр Хятадын төмсөг, хорт хавдар гэж яриад байгаа. Би үүнийг бүтээхдээ юу гэж бодсон гэхээр АСЕМ гэдэг бол Их хуралдайн анхдагч юм байна гэдгийг түүхээсээ олж үзсэн. Дорнын филисофид амьдралын бүх ертөнцийг харах өнцөг нь модоор төлөөлүүлдэг. Модны үндэс бол ертөнцийг харах, өөрөө өөрийгөө төсөөлөн бодох, танин мэдэх гэсэн бэлгэдэлтэй байдаг. Гэтэл өрнийн шинжлэх ухааны нээлт ололт нь сансар гаригаас дэлхийн өрх гэдгийг 1967 онд Германы судлаачид гаргаж ирсэн. Бид зөвхөн зэр зэвсгээр дэлхийн талыг эзэлсэн биш. Бидний уураг тархи ямар хүчтэй байсан бэ гэдгийг энэ бүтээлээрээ харуулах гэж зорьсон. Миний бүтээлд таван мод доороосоо ургаж гарч ирж байгаа юм. Энэ нь Алунгуа эхийн таван хөвгүүний домгийг тэнд оруулсан. Хөшөө гаднаас харахаас гадна дотор нь орно. Монгол гэр байгаа юм шиг орон зайг үүсгээд ханаар нь хадны зураг оруулаад дээш харахад мөнх хөх тэнгэр харагдаж байгаа” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (22)