Жижиг, дунд бизнес эрхлэгчид юун түрүүнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг, туслалцаа эрж хайхаасаа урьдаж, өөрийн бизнес нь эрэлттэй, амжилт олох эсэхийг танин мэдэх нь зүйтэй гэдгийг зах зээлийн өнөөгийн байдал, бизнесүүдийн өрсөлдөөн бэлхнээ харуулж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллахад зөвлөх үйлчилгээ маш чухал гэдгийг төр, засгийн түвшинд ч тэр, бизнес эрхлэгчдийн хувьд ч ойлгуулан, таниулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.23) тус яамны хурлын танхимд зохион байгууллаа.
"Бизнесийн зөвлөх үйлчилгээ" гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлнэ, энэ төрлийн үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлж болно" гэж заажээ.
Санхүүгийн бус энэхүү үйлчилгээ нь зах зээлд нэвтрэх, бодлогын нөлөөлөл, сургалт, судалгаа, техникийн туслалцаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, ханган нийлүүлэлт зэрэг олон чиглэлтэй байна. Зөвлөх үйлчилгээ эрхлэгч нь олон жилийн туршлагатай, тодорхой салбар, чиглэлээр мэргэшсэн, жижиг, дунд бизнест зах зээлээ таних, тандан судлах, боломжийг эрж хайхад тусалж, эрсдэлгүй, илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулж, өргөжин тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх бүрэн чадавхтай байх ёстой. Мөн жижиг, дунд бизнесүүдэд итгэлтэй үйлчилгээ, өрсөлдөхүйц үнэ санал болгох нь зүйтэй гэдгийг хувийн хэвшлийн төлөөлөл хэлж байна.
Цаашид зөвлөх үйлчилгээний компаниудыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болох, харилцан туршлага солилцох, давуу болон сул талаа нөхөж, хамтран ажиллах, нэг талдаа бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, нөгөө талаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулах нь чухал байна гэдэг дээр талууд санал нэгдлээ.
ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй бизнесийн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, менежментийн зөвлөх үйлчилгээний хөгжил, олон улсын туршлага, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын асуудал, зөвлөх үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага зэрэг сэдвээр ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөллүүд илтгэл, танилцуулга хийлээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг жижиг, дунд бизнесүүдэд сайтар ойлгуулах, зөвлөх үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө мэргэшсэн, чадавхтай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байв.