Анхдагч, алдартны өлгий Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн мэндчилгээг дэлхийн өнцөг булан бүрт суугаа нийт Булганчууддаа өргөн дэвшүүлье.
Монгол улсын тусгаар тогтнолын тэмцлийг удирдан манлайлагч, анхны гадаад явдлын яамны сайд Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддорж, Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажиллаж байсан мэргэн бэйс А.Амар, Ардын Хатанбаатар С.Магсаржав гээд цогтой эх орончид, анхны хоньчин Хөдөлмөрийн баатар З.Очир, анхны уурхайчин баатар Д.Даваажав, анхны ногоочин баатар С.Бадамсүрэн, анхны барилгачин баатар Д.Базаргүр, анхны тариаланч баатар Г.Дэмбэрэл, ууган гавьяат мастер Б.Түвдэндорж, ажилчин эмэгтэйчүүдийн дундаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, анхны алдарт гавьяат хуурч Д.Түдэв, анхны Ардын жүжигчин Ц.Цэгмид, анхны ардын эмч Р.Пүрэв, анхны сансрын нисгэгч Улсын баатар Ж.Гүррагчаа, анхны олимпийн аварга, олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр нарын 100 гаруй алдар цолтныг зүй ёсоор бахархан дуурсах учиртай.
Булганчууд бид түүхт ойн баяраа тэмдэглэхдээ 8 настай балчраас 80 настай азай буурай хүртэл хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа бүтээсэн өрнүүн их амжилт, их бүтээн байгуулалтаар угтан тосож байна.
Найман арванаар өртөөлсөн Булганчууд бидний түүх бол Монгол хэмээх нэгэн өрх гэрийн салшгүй нэгэн хэсэг билээ.
Та бидний хичээнгүй хөдөлмөр, чин сэтгэлийн хүчин чармайлтын үрээр Монголын түүхийн домогт өлгий нутаг Булган аймаг цаашид улам цэцэглэн хөгжих болтугай.
Нутаг усны буян арвижиж, Түмэн олны сэтгэл амирлах болтугай.
Булган аймгийн Засаг дарга З.Батзориг