Эрчим хүчинд түлш нийлүүлэх П.Ганхүүгийн тухай 24 баримт
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн гүйцэтгэх захирлын албанд Эрчим хүчний сайд байсан Пүрэвжавын Ганхүүг томилсон байна. П.Ганхүү гэдэг эрхмийн тухай 24 баримт энэ.
Баримт 1. Пүрэвжавын Ганхүү 2016 оны наймдугаар сарын 01-нээс 2017 оны аравдугаар сар хүртэл нэг жил хоёр сар Ж.Эрдэнэбатын буюу Мэргэжлийн Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайдаар ажилласан.
Баримт 2. УИХ-ын сонгуулийн дараа МАН засгийн газраа байгуулах үед Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Т.Энхтайваныг нарыг нэр дэвшүүлэхээр болтол АТГ ашиг сонирхлын зөрчилтэй гээд татгалзсан. Тэгээд П.Ганхүүг нэр дэвшүүлж сайд болгосноос үзэхэд тэрбээр ашиг сонирхлын зөрчилгүй хүн бололтой.
Баримт 3. П.Ганхүү нь Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрын 16 сайдын доторхи УИХ-ын гишүүн бус есөн сайдын нэг.
Баримт 4. П.Ганхүүг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд оролцсон 53 гишүүний 47 буюу 88.7 хувь нь дэмжин Эрчим хүчний сайдаар томилсон байдаг.
Баримт 5. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1999 онд төгссөн. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй.
Баримт 6. 2015 онд Австралийн Сиднейн их сургууль төгсч эдийн засгийн магистр цол хамгаалсан. АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Баримт 7. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан. Нэг үгээр хэлбэл салбарынхаа яамны шат бүхэнд ажилласан туршлагатай.
Баримт 8. П.Ганхүү хэдийгээр сайдаар ганцхан жил ажилласан ч салбарынхнаасаа мэргэшсэн, мэргэжлийн сайд, боломжийн сайн ажилласан гэсэн үнэлгээ авсан байдаг.
Баримт 9. Гэхдээ 2016 оны 11 сард П.Ганхүү яамныхаа шууд харьяалалд байдаг Дулааны 3 дугаар цахилгаан станцад өөрийн баз хүргэнээ ээлжийн инженерээр томилж хэл аманд өртөөд авсан.
Баримт 10. Түүнийг сайд байхад 2017 оны нэгдүгээр сараас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн.
Баримт 11. Түүнийг сайд байх үед 2017 оны зургадугаар сарын 28-нд Эрдэнэт-Булганы 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч 160 орчим сумын эрчим хүч тасарсан. Сайд П.Ганхүү “ЦДҮС” ТӨХК-ийн 100 гаруй инженер, техникийн ажилтан бүхий шуурхай ажлын хэсгийг ахлан хоёр хоногт багтаан засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан. Энэ үеэр 14 төмөр бетон тулгуур босгож шугамыг засварлажээ.
Баримт 12. Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хэмжээнд замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлнэ хэмээн мэдэгдэж байсан. 2016 он хүртэл эрчим хүчний салбарт 68 тусгай зөвшөөрөл олгосон ч бүтээн байгуулалт, ажлаа эхлүүлсэн нь цөөн гэж тэрбээр мэдэгдэж байлаа.
Баримт 13. Тэрбээр Эгийн голын УЦС-ыг барих ажлыг эрчимжүүлэхээр ОХУ-тай хамтраад байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судалгааг хийлгэсэн.
Баримт 14. Хөдөөгийн 10 аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлж байна, 2018 он гэхэд ашиглалтад оруулна гэж нэгэнтээ мэдэгдэж байлаа.
Баримт 15. Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016 оны наймдугаар сарын 26-ны өдөр тушаал гаргаж “Нийслэлийн гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хэсэг” байгуулснаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 1562 өрх айлыг гэрэл цахилгаанд холбосон. Нийслэл хотын хэмжээнд тог цахилгаангүй 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа байдаг.
Баримт 16. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барих, 128.0 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан.
Баримт 17. 2017 оны зургадугаар сард Хөвсгөл нуурын баруун эргийн 35/15 квт-ын 40 км шугамыг нэг сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсныг П.Ганхүү “Энэ ажлыг сар гаруйн хугацаанд барьсан нь манай салбарын ажлыг шалгасан том бүтээн байгуулалт боллоо” гэж хэлж байлаа.
Баримт 18. Сайд болсон даруйдаа тэрбээр жилийн орлогоо 32,5 сая төгрөг гэж мэдээлж байжээ.
Баримт 19. П.Ганхүү 538 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ороно сууцтай.
Баримт 20. Тэрбээр 105 сая төгрөгөөр үнэлсэн Toyota Land Cruiser 200, Toyota RAV 4 гэдэг хоёр машинтай.
Баримт 21. Экс сайд маань хурдан удмын адуу 16, Үхэр 20-тойгоо нийтэд нь 35 саяар үнэлсэн байдаг.
Баримт 22. П.Ганхүү 2016 онд хадгаламжиндаа 49,8 сая төгрөгтэй, Голомт банкнаас 100 сая төгрөг зээлсэн өртэй байжээ
Баримт 23. Тэрбээр 25 сая төгрөгийн үнэт эдлэл, урлагийн бүтээлтэй хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг.
Баримт 24. "Ю Си Эс" ХХК-ийн 250 ширхэг хувьцаа эзэмшин 25 хувийн ногдол ашиг хүртэн дүрмийн санг нь 10 сая төгрөг гэсэн байна.
Сэтгэгдэл (30)