БАРИМТ 1. Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул аавын эрх танхил нэгэн. Тэрээр 1983 онд мэндэлжээ.
БАРИМТ 2. Бага насаа одоогийн “Тэнгис” кино театрын хажууд байрлах цагаан есөн давхар, дөрөвдүгээр байрт өнгөрөөсөн бөгөөд нийслэлийн 24 дүгээр сургуульд элсэн улмаар 50 дугаар сургуульд шилжсэн байна. Тэрээр арван жилийн 50 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
БАРИМТ 3. Арав төгссөнийхөө дараагаар Германд хэсэг хугацааг өнгөрөөсөн гэж түүнийг мэдэх хүмүүс ярьдаг. Тэндээсээ Англи улсыг зорьсон хэмээх нь бий. Гэхдээ хэвлэлийн шарласан хуудаснаа Сингапурын "Pioneer" дунд сургуулийг төгсч, тэндээсээ Лондонгийн "David Game" коллежид есөн cap их сургуулийн бэлтгэлд сурч, Оксфордод тэнцэж, 2005 онд төгссөн гэж байх. Үүнээс гадна мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх үүднээс 2015-2017 Удирдлагын академийг дүүргэжээ. Ямартай ч түүний мэдлэг боловсрол нимгэн биш аж.
БАРИМТ 4. Гавьяа шагналыг гайгүй сайн хүртсэн нэгэн. Тэрбээр 2010 онд Гадаад харилцааны яамны Түшээ цол, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны “Алтан од” одон, Нийслэлийн МАН-ын 91 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын Холбооны 95 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын холбооны Төрийн тэргүүний залуу түшээ, Монголын Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн Газрын “Нийслэлийн, Тэргүүний Шилдэг Залуу медаль зэрэг шагнал хүртсэн байдаг.
БАРИМТ 5. Хүний нутагт хичээнгүйлэн эрдэм мэдлэг олж авсан С.Эрдэнэтуул эх орондоо ирээд аавынхаа эзэмшлийн "Нарантуул" зочид буудалд менежер, "Голомт” банкны картын төвд цалингийн карт хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил эрхэлж байжээ. Ийнхүү хэсэг ажилласны эцэст АНУ-д магистрт сурахаар явсан байна. Гэвч сургуулиа дүүргэж чадалгүй монголдоо буцсан. Түүний хийх ажил бэлэн байсан бөгөөд сайн аавын буянаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэст ажилд орсон нэгэн.
БАРИМТ 6. Улс төрд орох сонирхолд хөтлөгдөх үедээ "Би 2000 онд Чингэлтэй дүүрэгт сонгуулийн ажилд ухуулагчаар ажилласан. Үүний дараа 2008 онд Завхан аймагт аавынхаа шадар туслахаар ажиллаж, арын албанд нь тусалсан. Өөрийнхөө бизнесийг хийгээд мөрөө хөөгөөд явж болж байна. Гэхдээ миний ихийг хийе, ядарч зовсон хүмүүст амьдралд хөлөө олж, тогтоход нь тусалъя гэсэн бодол маань илүү хүчтэй. Ийм бодлоор улс төрд орсон” гэж тайлбарласан байдаг.
БАРИМТ 7. Улс төр тийш хөтөлж чиглүүлсэн хүн нь мэдээж аав Ш.Сайхансамбуу байх. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн болохоор ийм зам сонгох шийдэлд хүргээ болов уу. Орон нутгийн 2016 оны сонгуульд МАН-ын далбааг хийсгэн яваа бор халзан хонь ч сонгогдохоор байсан үед нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. С.Эрдэнэтуул нь Баянзүрх дүүргийн 14 тойрог өрсөлдөн ногоон гэрлээр ялсан. Тэр цагаас хойш НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оны есдүгээр сараас одоог хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн даргаар ажиллаж байгаа.
БАРИМТ 8. Цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой таагүй мэдээллийн гол баатар болж байгаа хүн нь С.Эрдэнэтуул. Түүнийг хүрээлэнгийн газрыг тохижуулах нэрийдлээр албан тушаалтнуудтайгаа нийлж мөнгө цохидог, танил талын хүрээнд тохижилтын асуудлыг шийддэг гээд олон асуудал дагадаг аж.
БАРИМТ 9. С.Эрдэнэтуулыг дагасан бас нэгэн бараан мэдээлэл тухайн цаг үед хэвлэлийн шар хуудсыг чимж байсан түүх бий. Тэрээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусын дотор байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Үүнийг худал үнэн гэж тухайн цагт маргаан үүсч байгаагүй юм.
БАРИМТ 10. Үүнээс гадна дээрх хэрэг гарснаас хойш буюу 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл байдаг. Тухайн үед асуудлыг хурдан шийдэхгүй бол элдэв хэл аманд өртөх байсан тул хохирогч хүүгийн эцэг эхэд унаж явсан машинаа өгсөн гэдэг. Энэ тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч, Ш.Сайхансамбуугийн чих нэлээд халууцсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ерөнхийдөө сайн аавын буянаар аливаа асуудлаа мултарч байсан.
БАРИМТ 11. Залуу насны алдаа эндэгдэл нь түүний хувьд хар түүх болсон. Өдгөө тэрээр айлын сайн хань, хүүхдүүдийнхээ сайхан ээж болжээ. Гэр бүлийн хувьд өнөр нэгэн бөгөөд өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Төрийн албанд ажиллаж 2000 мянган төгрөгний хоол идэж, төрсөн өдрөө 200 мянгад багтаан тэмдэглэдэг гэсэн байдаг. Тэгвэл энэ бүсгүй цагдаа залуутай 10 гаруй жил үерхэн, тоонот гэрт толгой холбосон байна.
БАРИМТ 12. Сонгогдсон тойргийнхноо хэзээ ч мартдаггүй нэгэн гэдэг. Хичээлийн шинэ жилийн үеэр багачуулаа баярлуулчихна. Ахмадын баяраар азай буурлуудаа хүндэтгэж, гарын бэлэг өгчихдөг байна. Өнгөрөгч жилийн ахмадын баяраар Хонхор, Гачуурт, Хужирбулан, Улиастайд оршин суудаг тойргийн ахмад настнуудтайгаа уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн мянга гаруй азай буурайд гарын бэлэг гардуулсан байна.
БАРИМТ 13. Бэлтэй айлын танхи охин эдэлж хэрэглэх зүйл нь ч үнэ цэнэтэй. Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул BMW-X6 унадаг хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж түүнийг нь сургуулиа төгссөнд баярласан аав нь бэлэглэсэн гэдэг. Үнэ ханшийн хувьд 70 мянган еврогийн үнэтэй. Тухайн цаг үеийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлбэл 140 сая төгрөг. Үндсэндээ 3-4 өрөө байр унаж байна гэсэн үг.
БАРИМТ 14. Бас нэгэн сонирхол татах мэдээлэл бол тэрбээр “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулж байжээ. Тодруулбал, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, уг клубыг байгуулсан. Клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг, анхдагч нь С.Эрдэнэтуул аж.
БАРИМТ 15. Сонгуулийн үед гарсан нэгэн хөгтэй яриа байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж явах үед нэгэн сонгогч “Та тойрогтоо юу хийх вэ” гэж асуухад толгой сэгсрэн “Юу хийхийг аав л мэдэж байгаа” хэмээссэн гэдэг. Мэдээж хэрэг тэр сонгогдвол хийх ажлын хөрөнгө оруулалтыг аав нь зохицуулж таарна. Тиймээс хариулт нь зөв л байж.
БАРИМТ 16. Үүнээс гадна сонгуулийн үед гурил, будаа тараасан хэрэгт ч орж байлаа. Тойргийнхондоо тал засч, сонгогчдын саналыг авах зорилгоор ийм ажил хийсэн хэмээн буруутгаж байсан юм. С.Эрдэнэтуул нь аавынхаа Завханд байх гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л тараасан юм билээ.
БАРИМТ 17. Түүний мөрөөдөл, хүсдэг зүйлийн талаар сэтгүүлч асуухад “Шинээр гарч ирж буй залуу боловсон хүчин, дөнгөж төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах юмсан. Залуу үеээ ирээдүйдээ итгэл төгс болоход нь туслах юмсан. Залуус маань ч гэсэн эцэг, эхийнхээ гарыг харах биш, өөрсдөө хичээл зүтгэл гаргаж, тэднийгээ өргөж амьдраасай гэж хүсдэг” хэмээн хариулжээ.
БАРИМТ 18. Хүүхэд дайрч хүнд гэмтээсэн, машины өгсөн тухай шар хэвлэлийн мэдээлэлд няцаалт хийгээгүй тэрээр нэлээн хожим “Тэр тухай одоогоос арав гаруй жилийн өмнө шар хэвлэлээр бичиж байсан. Ор үндэслэлгүй мэдээлэл шүү дээ. Надтай холбоотой ийм мэдээлэл өмнө нь гарч байсан гээд ижил гарчиг, ижил утгатай мэдээллийг хэд хэдэн цахим сайтаар гаргасан байна лээ” гэж ярьжээ. Улирч одсон он цагийн дурсамж, түүнд таагүй зүйлийг мэдрүүлдэг ч байж болох. Тухайн үед няцаагаагүй атлаа хожим үгүйсгэх нь учир дутагдалтай мэт.
БАРИМТ 19. Үүнээс гадна нэр төрд халдах, гүтгэх нь бүх л хүнд хэцүү тусна. Элдэв асуудлын гол бай болох нь тийм ч амар биш. С.Эрдэнэтуулын хувьд хар тамхи хэрэглэсэн гэж гүтгүүлсэн хэмээн ярьж байсан. Ниргэсэн хойно нь хашгирлаа гэдэг шиг арав гаруй жилийн дараа худал гэх нь бас л жаахан хачирхалтай.
БАРИМТ 20. Монголын томоохон бизнес эрхлэгчид өөрийн барьж, өндийлгөсөн хөрөнгөө үр хүүхдийнхээ нэрээр нэрлэх ёс мэт болсон зүйл. С.Эрдэнэтуулын аав ч энэ шугамнаас хазайгаагүй. Улсдаа хамгийн том захын эзэн Ш.Сайхансамбуу хүү охин хоёрынхоо нэрийг холбон өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ “Нарантуул” гэж нэрлэсэн.
БАРИМТ 21. Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойргоос НИТХ-ын төлөөлөгчийн суудалд заларсан С.Эрдэнэтуул тойргийнхондоо тусламжийн гараа байнга сунгадаг нэгэн. Тэрээр хүүхэд багачуудын хөгжилд чамгүй анхаардаг гэнэ. 2017 оны хичээлийн шинэ жилийг угтан БЗД-ийн 11-р хорооны 200-р цэцэрлэгт хоёр ширхэг хаалга болон өнгөт принтер, дүүргийн 20-р хорооны 63-р цэцэрлэгийн хоёр настай хүүхдүүдийн ангид иж бүрэн тоглоом авч өгсөн байдаг.
БАРИМТ 22. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх ганц байгууламж бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус газрын даргаа ажиллах С.Эрдэнэтуул залуусын хөгжил санаа тавьдаг хэмээн хэлсэн. Тиймээс ч хүрээлэнгийн дотоод ажлыг залуус руу чиглүүлэн, тохижуулах ажилд ханцуй шамлан орсон биз. Өдгөө тус хүрээлэнгийн зүг залуус хурдалж, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол цэг болоод байгаа.
БАРИМТ 23. Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “АЧЛАЛТ ЭЭЖ-1500” арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул санаачлан, ивээн тэтгэж байжээ. Тухайн арга хэмжээнд оролцсон, хүрэлцэн ирсэн бүх ээжүүдэд гарын бэлэг гардуулж байв.
БАРИМТ 24. Ирээдүйд өөрийгөө бэлтгэж ихийг сурч байгаа С.Эрдэнэтуул айлчлан ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэх баталгаа байхгүй. Нийслэлийн парламентад нэрээ дэвшүүлэн сонгогдсон бүсгүй ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэл байгаа биз. Мэдээж хэрэг аав нь түүнд зөвлөж, нэр дэвшүүлэх асуудалд нь туслах байх. Магадгүй 2020 онд парламентын сонгуульд нэр дэвшвэл гайхах хэрэггүй болов уу.
Сэтгэгдэл (54)