БАРИМТ 1. Т.Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд дүүргэсэн байна.
БАРИМТ 2. Боловсрол мэдлэгийн хувьд 1995-1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистраар, 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурыг тус тус дүүргэсэн байна. Мөн 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 3. Түүнийг анх улс төрд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хөтлөн оруулсан гэдэг. Үүнийг нь илтгэх нэгэн баримт нь 2006 оноос эхлэн гурван жилийн турш түүний шадар туслахаар ажилласан түүх. Мөн залгуулан зөвлөхийн ажлыг ч хийж байжээ.
БАРИМТ 4. Улс төрийн анхдагч хүчин болох МАН-ын шинэ залуу боловсон хүчин гэгдэх тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээх үед өөрийн дуу хоолойгоо чангаар илэрхийлж байсан нэгэн. Тэр ч бүү хэл намын дарга Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээн огцроход шинэ даргын сунгаанд Т.Аюурсайхан орж, М.Энхболдтой өрсөлдөж ялагдал хүлээсэн.
БАРИМТ 5. Энэ нь улс төрд холын зорилготой, том амбицтайгаар орж байгааг нь илтгэсэн юм. Ерөнхийдөө УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд өрсөлдөнө гэдгийг нь илэрхийлсэн гэхэд болно.
БАРИМТ 6. Т.Аюурсайханы том амбицыг гүйцэлдүүлсэн хүн нь Т.Бадамжунайг гэж ярих нь бий. Түүнийг тойрогт сойж, сонгуульд ногоон гэрлээр өрсөлдөх эрхийг нь нээж өгсөн гэх бор шувууны жиргээ МАН-ын хаш цагаан ордноос ниссэн.
БАРИМТ 7. Эрхэм гишүүний хобби нь мод тарих гэх нь бий. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа 5000 ширхэг мод тарьжээ. Гэхдээ ургаж өндийссөн нь хэд юм бол.
БАРИМТ 8. Чөлөөт цаг, зав гарвал сонгодог урлаг үздэг аж. Тодруулбал, балет үзэх дуртайгаа нэгэн ярилцлагадаа онцолжээ.
БАРИМТ 9. Улс төрд нэр цэвэр Т.Аюурсайханы хөрөнгө энгийн нэгний хажууд чамлахааргүй ч улстөрчид дунд бол багахан харагдана. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлсэн орон сууц нь 430 сая төгрөгийн үнэтэй, “Toyota prius XW30” унадаг, “Mercedes Benz ML350” маркын машинтай бөгөөд 113 сая төгрөгийн өртөгтэй аж. Мөн хадгаламжиндээ 40 сая 181 мянга 170 төгрөгтэй бөгөөд аль нэг компанийн эзэн биш, аж ахуйн нэгжгүй гэж мэдүүлжээ.
БАРИМТ 10. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан түүхтэй. Тус газрыг удаан хугацаанд удирдаагүй билээ. Ерөнхийдөө намтар баяжуулах хэмжээнд даргалсан.
БАРИМТ 11. Тус газрыг толгойлох үедээ чамгүй олон асуудлыг хөндөж чадсан нэгэн. Хэрэглэгчдийн төлөө ажиллаагүй гэж хэлж болохгүй биз. Цахилгаан дулааны үнийн өсөлт, шатахууны асуудал, циркийн хувьчлал гээд олон зүйлд санаа тавин ажилласан байна.
БАРИМТ 12. Ер нь, түүнийг улс төрд цэвэр хүн гэсэн тодотгол дагаж яваа. Аливаа хар буруу зүйлийн талаархи мэдээлэл тун ховор. Ганц нэг зүйл дурдвал О.Магнай түүнийг тухайн үед “НИК” ХК-тай холбон “Н.Багабандиар толгойлуулсан нэг түрийвчтэй бүлэглэл” хэмээж байсан. Учир нь, тус компанид тавьсан дөрвөн тэрбумын торгууль цуцлагдсантай холбогдуулан ийнхүү мэдэгдэж байжээ.
БАРИМТ 13. Т.Аюурсайхан ШӨХТГ-ыг удирдсан цагаасаа О.Магнайгийн үед аж ахуйн нэгжүүдэд тавьсан торгууль шийтгэлийн асуудлыг алга болгсон гэх яриа ч бий. Тодруулбал, мөн өмнөх дарга асан О.Магнай сүлжээ дэлгүүрүүдийн торгуулийг хүчингүй болгосон гэж Т.Аюурсайханы хэлснийг няцааж тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгаж, дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг маргаан үүсгэлгүй шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулсан гэж байсан. Мөн Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгосон гэдгийг онцолж байжээ.
БАРИМТ 14. Парламентын шинэхэн гишүүн тэрбээр УИХ-ын оффшорчдын эсрэг бүлгэмд ажилладаг. Татваргүй бүсэд хөрөнгө, мөнгөө нуугчдын эсрэг чангахан дуугарч байгаа нэгэн.
БАРИМТ 15. Намаа шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэх Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хэлж байсан үгс нь өдгөө хэр биелж байгаа бол гэдэг сонирхол татна. Тэрээр “Нам бол албан тушаалд хүрэх хөгшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш. Нам бол оюун ухааны нэгдэл, үзэл бодлын нэгдэл, ард түмнийхээ төлөөх зүтгэл” хэмээн тодотгосон байдаг. Харин ирэх он жилүүд энэхүү үг нь хэр үнэн болохыг харуулах биз ээ.
БАРИМТ 16. Монголын жинхэнэ баялаг бол Монголын хүүхэд, эгэл жирийн ард иргэд билээ. Цөөхөн монголчууд ухаалаг амьдарч, цөөн хүн амаа олигтой удирдаж болно гэж тодорхойлж байсан хүн. Өдгөө төрийн толгойд заларсан тэрээр энэ асуудлыг хэр оновчтойгоор харж байгаа юм бол. Ямартай ч хотын утаа, ядууралд олигтой хариу өгөөгүй л сууна.
БАРИМТ 17. Эдийн засгийн ухаанаар тархиа цэнэглэж, эрдмийг нь сурсан Т.Аюурсайхан татваргүй бүсэд хөрөнгөө нуусан нөхдүүдтэй тууштай тэмцэх шийдэлд хүрсэн. Тиймээс ч тус бүс болон эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэсэн нийтлэл гаргаад амжсан байна.
БАРИМТ 18. ШӨХТГ-ын даргаар ажиллах үедээ нэлээд хэл аманд өртсөн тэрээр ямартай ч тус газрын хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн. ШӨХТГ-н дарга Д.Мөнхтөрийн тушаалаар УИХ-н гишүүн Т.Аюурсайханыг байгууллагын хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгосон юм.
БАРИМТ 19. Бурууд нүд хурц гэдэг шиг нам доторхи болж бүтэхгүйг шуудхан хэлчихдэг тэрээр Засгийн газрын буруутай үйл ажиллагааг ч чимээгүй өнгөрөөж чадаагүй. Ж.Эрдэнэбатын засгийг унагаахад саналаа нэмэрлэсэн.
БАРИМТ 20. Тэгвэл У.Хүрэлсүхийн толгойлсон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа тийм ч зөв явахгүй байгаа. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа юм бол. Магадгүй энэ засаглал унах эсэх асуудал яригдвал өөрийн саналаа өгөх үү, үгүй юу гэдэг ч сонирхол татна.
БАРИМТ 21. Ц.Нямдоржийн улаан фен, түүнийг балиашиглагчдын нэг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, У.Хүрэлсүхийн засаг байгуулагдах үед Ц.Нямдоржийг магтан мандуулж, хэлж байсан үг үүнийг санагдуулдаг. Бараг л бурхан гэж хэлэхээ дөхсөн.
БАРИМТ 22. Т.Аюурсайхан гадаадад сурч мэргэжлийн өндөр зэрэг дэв хүртсэн учир хэл хэлний мэдлэгтэй. Тодруулбал, англи, орос, турк, япон хэлээр төвөггүй ярьдаг аж. Олон хэлээр ярьдаг болохоор салаа хэлт ч хэмээн хочлох нь байдаг гэнэ.
БАРИМТ 23. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлсэн нь түүний парламентад сонгогдсоныхоо дараа хийсэн том ажлын нэг.
БАРИМТ 24. Шударга байх асуудлыг нэн тэргүүнд тавьж, төрийн цэвэршүүлэх, албан тушаалын төлөө тэмцэлдэхгүй байхыг уриалдаг түүний ирэх жилүүдэд ямар ажил хийх нь олны анхаарлын төвд байгаа. Мөн сонгогдсон тойргоос илүүтэй улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах нь чухал гэх яриа ч чих дэлсч байгаа.
Сэтгэгдэл (24)