“24 tsag.mn“ сайтын “24 баримт“ булан уншигч олны анхаарал, сонирхлыг байнга татаж байдаг гэж хэлж болно. Манай редакц уншигчиддаа зориулж долоо хоногийн даваа гариг бүр Засгийн газрын түшээдийг онцлох бол лхагва гаригт УИХ-ын гишүүд, баасан гаригт нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийн талаархи сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Энэ удаа өмнөговьчуудыг төлөөлөн УИХ-д сууж буй УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг онцолж байна. Эрхэм гишүүн хожмын өдөр “2016-2020 оны парламент гишүүдийн нэрсийн жагсаалт миний нэрээр эхэлж байлаа” хэмээн тэрүүхэндээ онгирч суух биз. Үнэхээр тийм юм чинь яалтай билээ. Ингээд түүний талаархи 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа намтартаа хаана төрсөнөө бичээгүй байна лээ. Тэгэхээр Өмнөговийн унаган иргэн мөн эсэх нь эргэлзээтэй болоод явчихаж байгаа юм. Сураг тавих аваас Булган сумын гаралтай гэж сонсогдов.
Баримт 2. Намсрай гуайнх олон охидтой, түвшин айл агаад эрхэм гишүүний тухайд дээрээсээ гурав дахь нь гэнэ.
Баримт 3. Н.Амарзаяа гишүүн сурлагаар тийм ч сайнгүй нэгэн байсан бололтой. ЕБС төгсөөд мал дээр гарсан байх юм. Хувийн шалтгаанаар мал дээр гарсан байхыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ л малчин байсан гэх өгүүлбэр түүнийг нийгэмд ийн дүгнэгдэхэд хүргэсэн хэрэг.
Баримт 4. Тэрбээр тун чиг олон мэргэжлийг эзэмшжээ. МУИС-ийг Физикийн багшаар, мөн нэр нь үл мэдэгдэх сургуулийг эдийн засагч мэргэжлээр, Засагт хан дээд сургуулийн эчнээ ангийг нягтлан бодогчоор, Удирдлагын академийг төрийн удирдлага, менежментээр тус тус төгссөн байх жишээний. Бас болоогүй ээ, эдийн засгийн ухааны магистр цолтой юм байна.
Баримт 5. Эрхэм гишүүний ажил, амьдралын намтар Өмнөговь аймгийн захиргаанд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл төрийн алба хашиж байсан үеэс эхэлжээ. Гэвч үнэн хэрэгтээ аймгийхаа сургуульд багахан хугацаанд багшлаад амжиж. Энэ бол ичих зүйл биш.
Баримт 6. Тэрбээр албан тушаалын одтой нэгэн аж. Засагт хан дээд сургуулийг төгссөн даруйдаа аймгийнхаа тамгын газарт Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Өмнөговь МАН-ын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байсан байх юм. Түүнийг хэвлэлүүд бензин колонкийн даргаар ажиллаж байсан хэмээн УИХ-ын гишүүнээр томилогдсон даруйд шуугиж байсан ч намтартаа энэ талын нэг ч үг өгүүлбэрийг тусгаагүй байна. Ичсэн болов уу даа.
Баримт 7. Хувийн амьдрал руу нь өнгийхөд, Н.Амарзаяа арван жилийн ангийнхаа хөвгүүнтэйгээ гэрлэсэн бөгөөд тэд долоон настай хүүтэй. Нөхөр нь мянгат малчны хүү агаад эгэл боргил нэгэн гэнэ. Жолооч.
Баримт 8. Монголчууд хүүхдээ багад нь “Улаанаа, Ногооноо, Бороо, Шараа, Бамбуухай“ гэх мэтээр өхөөрдөх нь бий. Түүний жишгээр Намсрай гуайнх охин Амарзаяагаа Амбагай хэмээн өхөөрддөг байж. Монгол Улсын түүхэнд Амбагай сэцэн хаан гэж байсан даа. Эцэг хүн холыг харж охиноо төр түших тавилантайг нь мэдэрсэн ч юм билүү, хэн мэдлээ.
Баримт 9. Хэнд ч авах сайн тал байдаг даа. Түүнийг шаггүй тамирчин байсан гэх юм билээ. Тэрбээр Сагс, воллейбол, теннисээр улаан хөлт урдаа оруулдаггүй охин байсан гэнэ. Оролцсон спортын уралдаан тэмцээнүүдээсээ медальгүй ирсэн тохиолдол бараг л үгүй гэсэн шүү.
Баримт 10. Хөлбөмбөг гэхээр гэртээ харихаа мартах шахан хорхойсдог бүсгүйчүүд цөөнгүй бий, Монголд. Тэдний нэг нь Н.Амарзаяа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр түүнийг улаанаар эргэлдсэн нүдтэй төрийн ордонд харайлгаж явбал бүү гайхаарай. Тэмцээн үзээд нойргүй хоносны шинж шүү.
Баримт 11. Уншигч та Н.Амарзаяа гишүүний машинд суух аваас толгой өвдтөл “Харанга”-ын тэр дундаа Чукагийн дууг сонсох болно. Учир нь тэрбээр “Харанга” хамтлагт нугасгүй хайртай юм билээ. Тус хамтлагын бүх дууг мэднэ. Худлаа гэвэл түүнтэй караокед хамтдаа дуулаад үзээрэй.
Баримт 12. УИХ-ын гишүүдийн 2016 оны шинэ жилийн үдэшлэгт “Цасны танго” дууг Г.Эрдэнэбат гавьяаттай хоршин дуулж бут авсан. Н.Амарзаяа гишүүнийг энэ дууг сонгоход гавьяат шинэхэн хамтрагчаа чадна гэдэгт эргэлзэж байсан гэнэ лээ.
Баримт 13. Амарзаяа гишүүнийг амбицтай нэгэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Маш залуудаа тодруулбал, 23 настайдаа МАХН-д гишүүнээр элссэн байдаг. Түүний улс төрийн сонголт алдаа болоогүй. Цэл залуу насаа намдаа зориулсны хэргийг хийж, эдүгээ төр түшилцэж яваа. Магадгүй АН-д гишүүнээр элссэн бол акулуудыг барж идэхгүй байсан байх л даа.
Баримт 14. Улстөрчийн хувьд мундаг гэвэл эндүүрэл болно. Харин намдаа үнэнч гэвэл онох байх. Засаг дарга асан Ж.Бадраагийн төрсөн хийгээд хуурай дүү нар МАН-д байдаг агаад ахдаа боломж олгон сул хоол гээд Н.Амарзаяаг тавиад өгсөн чинь.., Үнэндээ ч өнгөрсөн УИХ-д бор халзан хонь байсан ч гараад ирэх байж гэж хэмээн хэвлэлүүд шуугисаар байгаа шүү дээ.
Баримт 15. Багадаа Амбагай хэмээн өхөөрдүүлдэг байсан охин өдгөө “бохь Амараа” болоод байгаа. Ард түмэн улстөрчдийн хийж буй үйлдэл алхам бүрийг анхааралтай ажиглаж байдаг гэдгийг мань хүн мэдэж амжаагүй байхдаа Өргөдлийн байнгын хорооны ээлжит хуралдаан дээр бохь зажилан ангас, ангас хийгээд сууж байгаа бичлэг нь орон даяар цацагдсан юм.
Баримт 16. Ер нь түүний төрийн түшээ болсноос хойш гаргаж буй үйлдлүүд нь ард түмэнд нэг л таалагдахгүй байгаа. Хугарсан нэрээ хусч амжилгүй дахиад л нэрээ сэвтүүлж орхисон. Энэ нь мөн л камерийн дуранд өртсөн бичлэг. Тодруулбал, оффошерын асуудлаар байр сууриа илэрхийлсэн төрийн бус байгууллагын гишүүнийг үл хүндэтгэн, утсаар ярьсан чигтээ Өргөдлийн байнгын хорооны нэр дээр ирүүлсэн албан бичгийг солгой гараараа авч байгаа дүрс бүхий бичлэг УИХ-аас эргүүлэн татах хэрэгтэй гэх хэмжээнд яригдах хүртлээ цахим ертөнцөд шуугиан тарьсан.
Баримт 17. УИХ-ын гишүүн болж, төрийн ордонд суусан эхний зургаан сар мань хүн ганц ч үг амнаасаа унагаагүй. Битүү морьдын тоонд багтаж байлаа. Хамгийн анх нийслэлчүүдийн аж байдлыг дүгнэж “Сүүлийн үед шударга бус, ил тод бус үйлдэл газар авч, ард түмнээ хуваасан, ангилсан, ялгасан ийм л нийгэм бидэнд үйлчилж байна. Би өөрөө хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан. Бүр баг, сум, аймагтаа энэ байдал илүү давамгай мэт бодогдож байлаа. Хотын хүн болоод ирэхэд мөн л адил юм. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ иргэн бүр тэгш хүртэх хэрэгтэй. Харин тэгш хүртэхийн тулд иргэн өөрөө ижил хөдөлмөрлөж, бүтээж, сурч боловсрох хэрэгтэй” хэмээн ам нээсэн байдаг.
Баримт 18. Одоо тэр хуулийн төслийг хэрхэн баталдгийг, хэрхэн хууль санаачилдгийг гадарлахтайгаа болсон. Өнгөрсөн хугацаанд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай”, “Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай“ зэрэг хуулийн төслийг санаачлахад оролцсон. “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан.
Баримт 19. Төрийн ордонтой танилцах гэж мань хүн хэсэг зовсон. Ямар сайндаа УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш сар гаруйн дараа өөрийнхөө өрөөг олохгүй Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтанд чигчий хуруугаараа хөтлүүлээд "Ядаргаатай юм, дахиж танд өрөөг тань зааж өгөхгүй шүү" хэмээн загинуулж явсан удаатай. Тэр үеэ бодвол одоо егзөр гишүүн болсон доо.
Баримт 20. Тэрбээр сүүлийн үед нэлээд идэвхитэй ажиллаж буй. “Инновацийг дэмжих бүлэг”, “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг” зэрэг лобби бүлгийн гишүүн болж нийгэм рүү чиглэсэн төрийн болоод төрийн бус байгууллагуудын зүгээс зохион байгуулж байгаа бүхий л арга хэмжээнд оролцохыг хичээх болсон байна лээ. Мөн аймагтаа Буддын сүм бариулсан. Харин хөрөнгө нь хаанаас гарсан нь тодорхойгүй.
Баримт 21. УИХ-ын сонгууль бол түүний хувьд гурав дахь сонгууль нь юм билээ. Өмнө нь Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр удаа ялж, найман жил ИХ-ын төлөөлөгчөөр ажилласан байдаг.
Баримт 22. Өмнөговь аймаг дахь МАН-ын гал тогоог сахиж үлдэхдээ тэрүүхэндээ бужигнуулаад авсан талаар аймгийнхан нь шивэр авир хийдэг ч Даланзадгадаасаа хэтрээгүй. Сураг сонсох нь ээ, мөнгө төгрөгтэй холбогдсон гэгдэж байгаа ч шүүхээр тогтоогдсон зүйл байхгүй.
Баримт 23. Н.Амарзаяа УИХ-д сонгогдсоноор Улаанбаатарт суурин амьдарч байгаа бөгөөд иргэний бүртгэлээ Өмнөговиос нийслэл рүү шилжүүлэх бодолгүй гэж дуулдсан.
Баримт 24 . Хөрөнгө орлогын мэдүүлэг:
- Үл хөдлөх хөрөнгө : Орон сууц-1 /160сая/
- Автомашин- Honda Ferio-1 /10сая/
- Хадгаламж-327 480 төгрөг
- Эзэмшдэг компани: байхгүй
Н.Тамир
Сэтгэгдэл (80)