Баримт 1. Ажил амьдралын гараа нь гэрэл зургийн салбараас улбаатай. Д.Сарангэрэл нь анх "Монцамэ”-гийн гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллан сэтгүүлзүй салбарт хөл тавьж, МҮОНРТ-ийн ММ агентлагт редактораас авахуулан захирал хүртэлх албан тушаалыг хашиж байжээ.
Баримт 2. Шулуухан хэлэхэд, мань хүн хичээл зүтгэлийнхээ үр шимийг чамгүй хүртэж яваа нэгэн. Түүнийг түмэн олонд танил болгосон ажил нь хожим эзэмшсэн сэтгүүлч мэргэжил агаад мэргэжлийнхээ оройд ч заларс чадсан. Энэ нь сэтгүүл зүйн салбарын томоохон байгууллага болох МСЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан явдал.
Баримт 3. Үзгээ гэрэнд нь хийж, улс төрд хөл тавих нөхцлийг нь тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон гуай бүрдүүлж өгсөн төдийгүй гараас нь хөтөлж улс төрийн зүг чигтэй болгож өгсөн гэлцэх нь бий. Д.Сарангэрэл хатагтай ч эрхэм генсекийн ач тусыг үе үед санаж,явдаг нь мэдээж. Дашрамд сонирхуулахад, Эрүүл мэндийн сайдын ширээний ном нь хүртэл Б.Даш-Ёндонгийн “Зан авир” гэдэг гүн ухааны бүтээл гэнэ лээ.
Баримт 4. Нэгэнт зүг чигээ олсон түүнийг МАН олж харсан төдийгүй намын дотоод ажилд татан оролцуулсан дараагийн эрхэм бол мөн л тухайн үеийн генсек асан, өдгөө намын дарга У.Хүрэлсүх. Ингэж л эргэлт буцалтгүйгээр улс төрийн тогоонд чанагдаж эхэлсэн. Ингэснээр У.Хүрэлсүхийн хүн гэгдэх болсон.
Баримт 5. Мэдээж хэрэг У.Хүрэлсүхийн гэдэг утгаараа өдгөө мэдэхгүй салбарынхаа сайдын албыг хашиж буй. Гэхдээ түүнийг чадна, эвийг нь олно гэдэгт түмэн олон эргэлзэхгүй байгаа.
Баримт 6. Хүний ая эвийг олохдоо сайн учраас үе үеийн Ерөнхийлөгчтэй эв найртай байсан. Энэ нь, түүний хэлсэн “Эмэгтэй хүн эвлэг даруу, элдэв олон үггүй байвал эрхэмсэг чанараа хадгалж чадна гэж боддог” хэмээх үгнээс харагддаг. Ер нь тэрбээр өөрөө зохион байгуулсан бүхий л арга хэмжээнүүддээ төрийн тэргүүнийг төвөггүйхэн урьж залсаар ирсэн байдаг.
Баримт 7. Төрийн тэргүүн асангуудтай харилцаа холбоо сайтай байсан тэрбээр “ТВ5” телевизээ байгуулахад нэг их асуудал үүсээгүй нь лавтай. Мөн 2003 онд өөрийн гэсэн суваг телевизтэй болж чадсан. Гэхдээ үүнд түүний хичээл зүтгэл чамгүй орсон нь гарцаагүй.
Баримт 8. Түүний үүсгэн байгуулсан мэдээллийн сувгийг цэвэр МАН-ынх гэхэд болно. МАН-ыг ямагт магтан дуулдаг нь ийн бодогдоход хүргэсэн хэрэг.
Баримт 9. Үзгээ тавьж, улстөрч болсноосоо хойш үүсгэн байгуулсан телевизийнхээ захирлаас татгалзаж, зөвлөх гэх сул албан тушаалыг сонгосон. Энэ нь, алсаас удирдаж чиглүүлэх албан тушаал хэмээн зарим нь хэлэх нь бий.
Баримт 10. Улс орны эв нэгдлийг илэрхийлэгч нартай эвтэй байсан ч Н.Энхбаярт тонгоруулж байжээ. Түүнийг “ММ” агентлагийн захирал байхад нь албан тушаалаас нь чөлөөлж байсан удаатай.
Баримт 11. МАН-д нэлээн хожуу элссэн ч маш хурдтайгаар ахиж дэвшин, төрийн түшээ болсон. Ер нь, элсэн ороод хоёр жил болуутаа нэр дэвшиж, төрийн ордон тийш алхаж байсан хүн байхгүй гэхэд болно. Иймд түүнийг маш азтай нэгэн гэхэд болно.
Баримт 12. Сэтгүүл зүйн салбараас үсэрч улстөрч болсон сайд маань хариуцлагагүйн зуд нүүрлэсэн Эрүүл мэндийн салбарыг өөд татаж чадах аваас ирэх УИХ-ын сонгуульд төвөггүйхэн нэр дэвших эрх нь нээгдэнэ. Үгүй бол тэр чигээрээ улс төрөөс арчигдаж ч мэдэх юм.
Баримт 13. Салбар хариуцсан цагаасаа сахилга хариуцлагыг өндөржүүлж, эмч эмнэлгийн салбарт ёс зүйн асуудлыг гаргаж ирэхийг хичээж байгаа ч үр дүн нь одоогоор харагдахгүй л байгаа. Ер нь эрүүл мэндийн салбар байнга л хэл ам таталж байдаг газар л даа. Эрдэнэт хүмүүний амь нас эрсдэх тоолонд салбарын нэр хүнд унаж байдаг юм.
Баримт 14. Д.Сарангэрэл салбарын мэргэшсэн нэгэн биш. Иймээс салбарынхандаа таалагдах гэж чамгүй хичээсээр явааг нь үнэлэх хэрэгтэй. Үүний нэг жишээ нь, өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудад таалагдах явдал.Тэрбээр өрх хариуцагчдыг гадуурхаж 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд хандсан нь “юүко, коко” үнэлгээ авсан.
Баримт 15. Дээрх үнэлгээгээ баталгаажуулж, Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эмнэлэг тус бүрд найман сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг гаргасан юм. Энэ нь, эмнэлэг тэр дундаа өрхийнхөнд тунчиг их таалагдаж, “халамжтай сайд” нэр авахад хүргэсэн байх.
Баримт 16. Хатагтай Д.Сарангэрэл хүн л юм болохоор хааяа тэс хөндлөн юм ярьж орхих нь бий. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний чуулганд илтгэл тавих үеэрээ Монгол Улсын өр 21 тэрбумд хүрч, хүн бүхэн 15 сая төгрөгийн өртэй болсон, 300 мянган ахмадын 80-90 хувь нь зээлтэй, 100 мянган ажилгүй иргэн тутмын 60 мянга орчим нь ид хийж бүтээх насны залуус хэмээн ярих сэдвээсээ хөндөлдсөн удаатай. Энэ нь, гарц шийдлээ хайж, эрэх гэсэн бүсгүйчүүдийг багагүй бухимдуулаад авсан байдаг.
Баримт 17. Ямартай ч Эрүүл мэндийн салбарын талаар мэргэшээгүй ч эмч, эмнэлгийн ажилтнуудын талд бат зогсоно гэдгээ үйл ажиллагаагаараа харуулахыг хичээж яваа улстөрч. Үүнийгээ хэрхэн хийж хэрэгжүүлэхийг нь харах үлдэж байна.
Баримт 18. Тэрбээр сайдын үүрэгт ажлаа авснаас хойш эмнэлгийн салбарын ачаалал, иргэдэд хэрхэн хүрч байгааг судалсаар явна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажилласаар.
Баримт 19. Томуу төст өвчин дэлгэрэх цаг буюу өвлийн улиралд эмнэлгийн ачаалал ихэсч, ор, дэр хүрэлцэхгүйгээс өвчтөнүүд хонгил хэвтэх нь бий. Тэгвэл эрхэм сайд энэ асуудлыг цэгцлэх дээр онцгой анхаарч ажиллахаа амласан.
Баримт 20. Салбарын хүн биш ч гэлээ зоригтой, шийдвэртэй шийдлүүдийг гарган тавьж байгаа нь сайн хэрэг. Тодруулбал, хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдсэн.
Баримт 21. Мөн түүний зоригтойгоор хийсэн нэгэн халаа бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг буюу Г.Өсөхбаяр аваргын эхнэрийг ажлаас чөлөөсөн явдал нийгэмд таалагдсан.
Баримт 22. Үүнээсээ болж, журмын нөхөр, ангийн анд Ж.Мөнхбаттай ам мурийж, муухай харалцаад авсан.
Баримт 23. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл саяхан дуулах авьяасаа олонд гайхуулаад амжсан. Тэрээр МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Цагаан шөнө” хэмээх дууг эвлэгхэн дуулж, клип хүртэл хийлгэж, олны хүртээл болгосноор чамгүй авьяастай гэдгээ харуулаад амжсан.
Баримт 24. Сэтгүүлийн ширээнээс улстөрд шилжсэн эрхэм сайд Д.Сарангэрэл салбарынхаа талаар санаагаа хэр чилээж, хариуцлагын зуд нүүрлэсэн Эрүүл мэндийнхнийг зуднаас гаргаж чадах уу, эсвэл гэсэн асуулт эцэст нь үлдэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (42)