24tsag.mn сайт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудын талаарх 24 баримтыг цувралаар хүргэж эхэллээ. Энэ удаад бид албан тушаалд томилогдсон цагаасаа хойш дуулианд холбогдсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг онцолж байна.
Баримт 1. Ховд аймагт төрсөн. ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг 1992 онд төгссөн. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй.
Баримт 2. Удирдлагын академийг 2004 онд, Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг 2008 онд тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр цолтой.
Баримт 3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 1992-1997 ондуудад мэргэжилтэн, 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.
Баримт 4. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр нилээн болж, бүтэхгүй асуудалд нэр холбогдож байжээ. Төсвийн олон сая төгрөгийг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илэрсэн хэмээн түүний тухай хэвлэлүүд бичиж байв. Үүнээс болж түүнийг ажлаас нь огцруулсан гэдэг.
Баримт 5. 2006 онд Нийслэлийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 2005 оны 12 дугаар сарын 31-ээр тасалбар болгон гаргасан төсвийн санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитын дүнгээр тус байгууллага нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12.1.1, 14.1..5 заалтуудыг зөрчиж батлагдсан төсвөөс 223.4 сая төгрөг илүү зарцуулсан нь Тамгын газрын нийт зардлын 38.8 хувь, Орон нутгийн гүйцэтгэлийн зардлын 28.1 хувийг эзэлж санхүүгийн тайланд сөрөг дvгнэлт өгөхөд нөлөөлсөн гэсэн байна.
Баримт 6. Хамгийн том зөрчил нь тэрээр цалингийн хүснэгтээс өөртөө 10 сая төгрөг бичин бэлнээр авсан байна. Дүрэм журмаар бол Засаг Дарга ингэж бэлэн мөнгө авах нь битгий хэл цалингийн хvснэгтэд ч хvрэх эрхгүй ажээ. Ц.Цогзолмаа нь энэхvv 10 саяын хэргээ эмзэг бvлгийн иргэдэд гэр олгосон нэрээр тагласан гэдэг.
Баримт 7. Тэрбээр өмнө нь мөн л Засаг Даргаасаа огцорч байжээ. Энэ талаар “Эрх мэдлээ ашиглан Сүхбаатар дүүргийн иргэдийг хохироосон хэмээн Нийслэлийн Засаг Дарга болон тус дүүргийн ИТХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүд онцлон дурьдаж байсан” хэмээн хэвлэлд бичжээ.
Баримт 8. Сүхбаатар дүүргийн Засаг Даргаар ажиллаж байхдаа Ц.Цогзолмаа төсвийн олон сая төгрөгийг "Эв нэгдлийн сүм" буюу Мүүний шашнаас эрхлэн гаргадаг “Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд оруулсан нь илэрч байжээ.
Баримт 9. Иргэн Э.Цэрэндолгор “Мүүнийхэн олон улс төрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан. Мүүнийхэнд өөрсдөө мэдэлгүй ашиглуулсан улс төрчид бас их байдаг. Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, С.Баярцогт, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооны ерөнхийлөгч Ша.Батбаяр, Сүхбаатар дүүргийн Ц.Цогзолмаа, Монгол Улсын бүх л Ерөнхийлөгчид хамрагдсан байдаг” хэмээн мэдэгдэж байжээ.
Баримт 10. Түүнчлэн Улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Ч.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын ТББХ-ны дарга А.Бакей, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэрэг Монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий маш олон хүн МҮҮН-ий шашин гээчийн улаан фэн биш юм гэхэд МҮҮН гэсэн хаягтай энэ том малгайд “хамааралтай” гэж 2011 онд “Үндэсний тойм” сэтгүүл нийтэлсэн байх юм.
Баримт 11. Мөн энэ талаар “Түүнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад нь “Агуу үндэстэн” сонины эрхлэгч бүсгүй тус дүүргийн гадаад харилцааг удирдаж, тодорхойлж байжээ. Улмаар Өмнөд Солонгостой Сүхбаатар дүүргийн гадаад харилцааг уях нэрийн дор Мүүний шашны толгой байгууллагуудтай ойр дотно ажиллаж байсан жишээ ч олон бий. Хориотой шашны урсгалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа үзэл санааны хувьд түгэн дэлгэрэх үүд хаалгыг нь нээж өгсөн хүн өнөөдөр бүхэл бүтэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг удирдах нь хэр оновчтой шийдвэр вэ” хэмээн “Үндэсний шуудан” сонинд бичиж байжээ.
Баримт 12. Ц.Цогзолмаа энэ талаар тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Намайг 2000 онд Нийслэлийн Хүүхэд, залуучуудын газрын даргаар ажиллаж байх үед Монголд Дэлхийн энх тайвны төлөөх залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага ажиллаж байсан. Тухайн үед тэднийг ямар нэг шашны оролцоотой үйл ажиллагаа явуулж байна гэж хэн ч ойлгоогүй. Тэр залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын хийж байсан сургалт, олон улсын арга хэмжээнүүдэд уригдаж очоод оролцсоны төлөө мүүнчин болж болохгүй л дээ. Мүүний шашин гэж юу байдаг, ямар үйл ажиллагаа явуулдгийг би мэдэхгүй. Ямар ч мүүнчин биш. Тэгэхээр бусад төрийн өндөр албанд ажиллаж байсан хүмүүстэй л адилхан нэг арга хэмжээнд очиж, нээлтэнд нь оролцсоны төлөө ийм "нэр, хаяг" зүүсэн байх” гэжээ.
Баримт 13. Түүнийг МАН-ын хотын фракцийг тэргүүлдэг УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэж ярьдаг. Тиймдээ ч У.Хүрэлсүх М.Энхболдын фракцийн төлөөлөл болгож, Засгийн газартаа сайдаар томилсон.
Баримт 14. Тэрбээр БСШУС-ын сайдаар томилогдсоныхоо дараа цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарыг “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” хэмээн хэлсэн гэх дуулианд холбогдсон.
Баримт 15. Цахимд нэлээд олон хүний дургүйг хүргэсэн тус мэдээллийг талаар Ц.Цогзолмаа “Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа” гэсэн юм.
Баримт 16. Тэрбээр энэ дуулианы мөн л хэл амны бай болсон нь ДОХ-той банан, мандарин гэх хуурамч мэдээлэл байв.
Баримт 17. Худлаа гэдэг нь тодорхой болсон дээрх мэдээллийг Ц.Цогзолмаа өөрийн фэйсбүүктээ хуваалцсанаараа “Цахим орчинд энэ мэт учир холбогдолгүй, худлаа мэдээлэл түгээдэг, олон нийтийг үймүүлдэг сайтууд, тэдгээрийн пэйжүүд олон байдаг. Боловсролын сайдаар ажиллах хүн ийм мэдээллийг ялгаж салгахыг мэддэггүй бололтой” гэх шүүмжлэлд өртсөн билээ.
Баримт 18. Хуурамч мэдээлэл түгээсэн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн фэйсбүүк хуудсыг 10 мянган хүн дагадаг бөгөөд 5000 найзтай аж.
Баримт 19. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.
Баримт 20. 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий газартай.
Баримт 21. Түүний нийт орлого 187 сая. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 79 сая төгрөг
Баримт 22. lexus 570, Mersedes Benz - 1017F0, Nissan Navara зэрэг гурван машинтай. 21 үхэртэй, 35 хоньтой.
Баримт 23. 65 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй.
Баримт 24. 6,5 сая төгрөгийн хадгаламжтай.
24tsag.mn
Сэтгэгдэл (50)