Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өчигдөр өглөө мэдэгдсэн билээ. Тэрбээр хүсэлтээ Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөний дараа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ояката Исэгахаматай хамт хийсэн тус хэвлэлийн бага хурлын үеэр ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж юу өгүүлсэнийг 24 баримт буландаа онцолж байна.
Ояката Исэгахама
Баримт 1. Бэлтгэлээ сайн хийж байсан, нийгэмд тустай ажлаа ч мөн маш сайн шавь минь өнөөдөр зодог тайлж байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүсэхгүй байна.
Баримт 2. Өнгөрсөн хугацаанд ёкозүна Харумафүжиг архи ууж, агсам тавьж байхыг харж байсангүй.
Ёкозүна Харумафүжи
Баримт 3. Ард түмэндээ болон нийгэмд түвэг учруулсандаа та бүгдээс уучлалт хүсч байна. Би багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа.
Баримт 4. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан.
Баримт 5. Ёкозүна хүн гэдэг зөвхөн өөрийнхөө бус үе үеийнг аваргуудын нэр хүндийг нуруун дээрээ авч явдаг.
Баримт 6. Ах аваргын хувьд дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг.
Баримт 7. Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, сүмо бөхийн соёл, дэг журмыг илүү сайн баримтлаж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ.
Баримт 8. Би анх 16 настайдаа анх Япон улсад ирж байлаа. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа.
Баримт 9. Япон улсад хайртай, сүмод бүр ч илүү хайртай. Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөнжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн.
Баримт 10. Сүмо бөх барилддаг хүн зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, хүсэл эрмэлзлэлээрээ хүн ардын сэтгэл зүрхэнд хүрдэг хүн байх ёстой.
Баримт 11. Өнөөдрийг хүртэл сайн Ёкозуна ямар байх ёстой. Сайн барилдахаас гадна өөр ямар зүйл хийж болохыг өөрийнхөө хэмжээнд гаргахын төлөө хичээж ирсэн.
Баримт 12. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан байлаа.
Баримт 13. Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн.
Баримт 14. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж, сайн хүү нь байх гэж хичээж, зүтгэж ирсэн.
Баримт 15. Гэвч энэ олон жилийн хөдөлмөртөө ийм төгсгөл хийж байгаадаа багшаасаа уучлалт гуйж байна. Энэ асуудлаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна.
Баримт 16. Багшаасаа сурсан бүх зүйлсээ ирээдүйн амьдралдаа санаж, хэрэгжүүлж явах болно.
Баримт 17. Анхны барилдаан Кюүшюүд байсан, озеки цол авсан маань ч энд, зодог тайлах башё маань ч гэсэн энд болж байна. Фүкүокагийн ард иргэддээ баярлалаа.
Баримт 18. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай.
Баримт 19. Сүмогийн энэ замыг зөвөөр харж яваарай. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай Цаашдаа улам хичээгээрэй гэж захимаар байна.
Баримт 20. Би өнөөдрийг хүртэл архи дарс уугаад агсам согтуу тавьж байсан удаагүй. Архи уусан болохоор зодог тайлж байгаа хэрэг биш юм шүү.
Баримт 21. Ийм үед аварга бол аварга шиг, аварга хүн нь ах шиг хариуцлагаа үүрэх ёстой юм.
Баримт 22. Аварга хүн хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой.
Баримт 23. Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш.
Баримт 24. Дахиж барилдуулмаар байна гэж хэлсэн Ёкозүна Хакуходоо талархаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)