ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох болсон нь олны анхаарлыг дахин татаж, багагүй хэл ам гаргуулаад байсан юм. Тэгвэл ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцов. Түүнийг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн ярьж байсан учраас энэ удаагийн нэвтрүүлэгт ч нэлээд хурц ярих байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч тэрбээр энэ удаа хурц ярьсангүй. Ямартай ч нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
Баримт 1. Би Ж.Батзанданг дарваганаад байгаарай, ална шүү гэж хэлсэн, энэ бол үнэн. Харин Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй юм бэ. Энэ бол эр хүмүүсийн хооронд болсон л хэрүүл.
Баримт 2. Л.Болд гишүүнийг та Хойд Солонгостой онгоцны моторын наймаа хийсэн тул тус улсаас нэхсэн 300 мянган ам.долларыг өөрөө төлөөрэй гэсэн. Харин Ц.Нямдорж сайд “Тийм бичиг ирээгүй” гэсэн. Тэр бичиг хаана байна? Бичиг нь тэндэхийн прокуророос ирсэн гэсэн. Бас хоёр хүн Л.Болдоос болж Хойд Солонгост цаазлуулсан гэсэн. Б.Хурц: Л.Болдын холбогдсон хэрэг 2013 оных. Намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Дашдэлэг генерал ч гэсэн 300 мянган ам.долларыг Л.Болд авсан гэж хэлсэн. Гэвч прокурорын шатандаа Л.Болдтой холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж замхарсан. Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас өгсөн тэр бичгийг би энэ оны зургадугаар сард АТГ-т өгсөн. Ц.Нямдорж энэ бичгийг мэдчихээд дарсан юм уу, би мэдэхгүй ш дээ. Л.Болд бол өөрөөс нь болж хоёр хүн цаазлуулсан тухай ярихад "Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шүү дээ" гэж байна лээ.
Баримт 3. Тагнуулын даргыг ажлаа өгөхөд нь тэнд зохион байгуулалттай авчраад, шоу моу хутгаад л. Нууцын зэрэглэлтэй юмыг ярь гээд л, ярихгүй бол ярихгүй байна гээд л. Баавартай гэдэг нь юу ч юм. Байгаагаараа л ярьсан байна. Эндээс нэг гишүүн битгий ярь гээд, эндээс нэг хүн болио гээд. Тэгээд би инээчихсэн. Хажуунаас нь харахаар инээдэмтэй л харагдаж байсан.
Баримт 4. Но-той хүмүүс л нууцтай болохоос. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа ш дээ. Хиймлээр намайг муухай харагдуулаад байгаа юм. Өөр хийх ажил байхгүй биш дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.
Баримт 5. Би Ц.Нямдоржийг сайд болохоороо яадаг вэ гэдэг талаар дүн шинжилгээний юм л хэлсэн. Энэ хүн ямар учиртай С.Зоригийн хэрэг рүү дайраад байдаг юм. С.Зоригийн хэргийг сайд болохоороо тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж авсан, ажлын хэсгийн 32 ажилтанг сольсон. Дээр нь сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаад, 15 хүнийг хорьж шалгасан. Тэр улсууд хэлмэгдсэн.
Баримт 6. С.Зоригийн хэргийг илрүүлэлт бүрэн биш. Гүйцэтгэгчийн хэрэг илэрсэн. Цагдаа, тагнуул, прокуророос ажлын хэсэг гарч шалгасан. Энэ хэрэгт оролцсон хоёр хүн хэргээ хүлээсэн. Гэхдээ тэдний үгээр биш хөндлөнгийн нотлох баримтаар энэ хэрэг шүүх рүү явсан. C.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. Наад хүүхдүүд чинь Эрдэнэтэд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараар могой бариулдаг нөхөр. Би ч хүртэл хэлмэгдэж байсан.
Баримт 7. Намайг явахад Ц.Нямдорж сайд байсан. АТГ-ын дэд даргаар ажиллаад гурав хоноход цагдаагаас 17 хуудас Н.Энхбаярын гэх хэрэг орж ирсэн. Ингэж хүний гараар могой бариулчихаад өөрөө зугтдаг хүн байхгүй юу. Дараа нь энэ хүн хулгайч гэж ярьдаг хүн. Д.Энхбатын хэрэг байна. Тэгэхэд Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Ц.Сандаг-Очир генерал цагдаагийн дарга байсан.
Баримт 8. АПУ-гийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж сайд байсан.
Баримт 9. Аюулгүйн зөвлөлийн гурван дарга үүрэг, чиглэл ер нь өгөхгүй. Бодлогын юм аа ярихаас биш үүрэг өгөх ёсгүй. Надад хэн үүрэг өгөх вэ. Ц.Нямдоржоос өөрөөс нь асуу. Над руу дайраад байдаг шалтгаан нь гэвэл би үнэнийг нь хэлчихсэн байхгүй юу. Урд нь өөр тусгай албатай холбоотой байсан уу гэвэл байсан шүү дээ. Намайг ажлаа өгсний дараа бригадын генерал Доньжчимбууг хэд хоногийн өмнө халуулсан. Баатар генерал ч Нямдоржийг шалгаж өг гэж өргөдөл өгч байсан. Нямдорж өөрөө ч намайг шалгаж өг гэж байсан. Тэгээд би “Ц.Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой юм уу” шалгаад үз гэсэн. Ингээд ТЕГ-ын дэд дарга Доньжчимбуу ажлын хэсгийг ахлаад шалгаж байсан. Гэтэл тэр хүнийг халчихлаа. Одоо энэ хэрэг дарагдах биз.
Баримт 10. Би Ц.Нямдоржийн талаар үнэнийг хэлчихсэн учраас надруу дайраад байдаг юм. Нэгдүгээрт С.Зоригийг хэрэг. Хоёрдугаарт Хятадын тагнуулын асуудал.
Баримт 11. Би хэнийг ч дарамтлаагүй. Хэрэв дарамтлуулсан хүмүүс байвал гараад ир. Энэ ардчилсан нийгэмд маньд дарамтлуулах гишүүн байх уу.
Баримт 12. Би ТЕГ-ын материалыг дарчихаад гарч ирж байгаа юм биш. Эд нар том бүтэцтэй, өөрсдөө мафи байхгүй юу. Эд нар гэж Ц.Нямдорж тэргүүтэй улсууд.
Баримт 13. Ж.Батзандан гишүүн сайн мэддэг юм шиг байна лээ. Тэр үед Ц.Нямдорж өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр гуай байсан. Энэ хэрэг нууцлалын зэргээс гараагүй учир би яримааргүй байна. Юу үнэн гэхээр хулгайлж авчраагүй баривчилж авчирсан. Германы тал авчирч өгсөн. Доктор Фитце гээд Германы хууль хяналтын байгууллагад ажилладаг, монголоор ярьдаг хүн мэднэ. Тэр хүн түрээд гаргаж өгснийг би холоос харсан шүү. Тэр үед би Унгарт ажиллаж байсан. Авчраад цагдаад хүлээлгэж өгсөн. Хуулийн дагуу явагдсан ажиллагаа шүү дээ. Д.Энхбатыг авчрах нь Багануур дүүргийн шүүхийн шийдвэртэй байсан.
Баримт 14. Би Лондонд 10 сар гаран болоод Германд хоёр сар шахуу болсон. Германы шүүхээс яг жилийн дараа суллагдсан. Тэнд болсон шүүх хурлаар миний гэм буруутай эсэхийг шийдээгүй. Энэ хүнийг Германд шилжүүлж өгнө, өгөхгүй гэдэг л шүүх хурал. Лондонд баривчилсан нь хууль ёсных уу, хууль бус уу гэж. Тэгээд Германд шилжүүлээд манай өмгөөлөгч ажилласан. Миний араас санаа зовж байсан Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамныхан, манай эндэх газрынханд би баярлаж талархаж явдаг. Би буруугүй гэдгээ мэдэж байсан. Нэг л мэдэхэд Улаанбаатарт буусан даа.
Баримт 15. Ерөнхийлөгч Нью-Иоркоос, би Германаас ирж таарсан. Тэгээд намайг АТГ-ын дэд даргаар санал оруулж УИХ томилсон. Яагаад намайг томилуулсныг өөрөөс нь асуу.
Баримт 16. Би бол Н.Ганболд даргыг их нуруутай хүн гэж хардаг. Хамгийн итгэж болох хүн. Ерөнхийлөгч хэдэн онд билээ Н.Ганболд даргыг шуналгүй хүн юм гэж их гоё хэлсэн. Хуулийн байгууллагад чинь шуналтай хүн байж болдоггүй юм.
Баримт 17. Миний шунал хязгаартай байх аа. Би өөрөө бизнес хийж байсан хүн.
Баримт 18. Миний хөрөнгө бол Батын Хурцын хувийн юм биш, манай эхнэрийн юм. Манай эхнэр чинь Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүү Үржнээ гэдэг зураачийн охин. Энэ хүний өвлөж ирсэн юм байгаа юм. Занабазар хийцийн бурхад, алт мөнгөн зоос, зээгт наамал, уран зураг, Хүрэл зэвсгийн үеийн эд өлгийн зүйлс Ядамсүрэнгийн гэр музейд бий. Аав бид хоёр Солонгосын хоёр хотоор үзэсгэлэн гаргаж байсан.
Баримт 19. Олон жил бизнес хийж, олон хүн ажиллууллаа. Манай Нямка ах нэг ч ТҮЦ ажиллуулж үзээгүй. Батзандан ч тийм. Хүн ажиллуулна гэдэг хариуцлага шүү дээ. Манай эхнэрийн компанид 100 гаруй хүн ажилладаг. Би Улаанбаатарт анхны вакум цонхны үйлдвэр ажиллуулж байлаа. Дараа нь барилгын компанитай байлаа. Төрийн ордонын ард талын Хүрээ төвийг, Орос элчин, Англи элчингийн хажуу талын барилгыг бий барьсан. Сөүл группийн Өнөрөө мэднэ, би Сарнайхын хажуу талд ч барилга барьсан.
Баримт 20. Миний сарын орлого муудчихаад байна. Гэхдээ 20-30 сая төгрөг сард олоод байх шиг байна. Эдийн засаг муудсан, ер нь л бартер дийлэнх нь.
Баримт 21. Төр л намайг явуулж байгаа болохоос би өөрөө явж байгаа юм биш. Төр намайг боль гэвэл больчихно. Төр намайг яв гэсэн. Би ажиллая, бүтээе гэсэн. Би төрөө хүндэлж амьдардаг.
Баримт 22. Засгийн газрын хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох тул ТЕГ-ын даргаас нь чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Тэрнээс намайг тагнуулаас чөлөөлсний дараа Солонгост томилоогүй. Ерөнхий сайд намайг “Өөр газар толгойгоо сэргээгээд, стрессгүй ажилла. Монголоо төлөөл” гэсэн.
Баримт 23. УИХ нээлттэй сонсгол хийе гэвэл би орно. Би яагаад өнөөдөр таньд ирээд ярилцлага өгч байна гэхээр нээлттэй сонсгол болох ч юм шиг, болохгүй ч юм шиг байна. Хамаагүй.
Баримт 24. Улсын нууцтай холбоотой зүйл ярихгүй бол би нээлттэй сонсголд нь ороод УИХ-ын гишүүдийн асуусан болгонд нь хариулаад явна. Надад нууж хаагаад, ичээд байх юм байхгүй. Би юунаас айх вэ. Хэн намайг орохгүй гэсэн юм
24tsag.mn
Сэтгэгдэл (110)