Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бур улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил уг шагналыг хүртэх эрхмээр олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсон билээ. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. ”Чингис хаан“ одонг 2014 оноос Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болсон.
Баримт 2. Өмнө нь Чингисийн одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр олгодог байжээ.
Баримт 3. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар энэхүү одонг олгож эхэлжээ.
Баримт 4. Одон нь тус бүр 2 мм-ийн зузаантай З давхар байна. Одонгийн нийт диаметр 100 мм аж.
Баримт 5. Одонгийн зүүлт нь алтадсан эвэр угалзан гинжин чимэглэлээр холбогдсон цагаан туг болон бадам цэцгээр хүрээлүүлсэн хөх өнгийн пааландсан суурь бүхий алтан соёмбоос бүрдэнэ. Цагаан тугнууд нь эвэр угалзан хүрээтэй байна. Туг, бадам цэцгийг цагаан алтаар, соёмбыг алтаар хийнэ. Одон, зүүлтийн хэсэгт нийт есөн цагаан туг дүрслэгдэнэ.
Баримт 6. ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.
Баримт 7. Мөн Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн энэхүү шагналын эзэн болох боломжтой.
Баримт 8. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ шагналыг эзэн болж байв.
Баримт 9. Ерөнхийлөгч Н.Багабандийн сvvлчийн зарлиг нь "Чингис хаан" одон хvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хvртэж буй онцгой тохиол таарч байв.
Баримт 10. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав Чингисийн одонгоор шагнагдав.
Баримт 11. Түүний монголын орчин vеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бvтээснийг ийнхvv өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хvртээжээ.
Баримт 12. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн мөн шагналыг эзэн болов. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв.
Баримт 13. 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржод Чингисийн одон гардуулав. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Чингис хааны одон хүртээжээ.
Баримт 14. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хааны одон”-оор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна.
Баримт 15. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тус шагналын эзэн болов. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.
Баримт 16. 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном Чингис хааны одонгоор шагнагдав. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ.
Баримт 17. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайд уг одонг гардуулсан юм. Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм.
Баримт 18. 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёод Чингисийн одон гардуулав. Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн нэрт яруу найрагч юм.
Баримт 19. 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Дараагийн Чингис хааны одонг Л.Түдэв гуайд өгөх ёстой гэсэн саналууд цахим ертөнцөөр явж байна.
Баримт 20. 2017 онд Чингис хаан одонгийн эзэнээролимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярийг нэрлээд байгаа юм.
Баримт 21. “Чингис хаан” одон, дагалдах батламж, урамшууллыг гардуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулдаг.
Баримт 22. Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
Баримт 23. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
Баримт 24. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (9)