Хэсэг бүлэг залуус Баянгол дүүрэгт байрлах цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрч, улмаар нэгэн амралтын газар дахин зодоон үүсгэж, хүн гэмтээсэн хэрэг олны анхааралд байгаа билээ. Учир нь эдгээр залуусыг уриалан дуудсан хүн нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан нь хэвлэлийнхэнд ил болоод байгаа юм. Тэгвэл С.Бямбацогт гэгч эрүүгийн ертөнцөд нэлээд зартай нэгэн бололтой. Байс гээд л хэрэгт орооцолддог ч ахынхаа буянаар уснаас хуурай гарчихдаг тэрбээр өчигдөр хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан байна. Ингээд мөрийтэй тоглогч, сэлэм эргүүлэгч, хар тамхи хэрэглэгч С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг "Өдрийн сонин"- ы Эрэн сурвалжлах багийн нийтлэлээс “24 баримт” болгон түүвэрлэн хүргэж байна.
Ахынхаа далбаан дор хэргээс “мултарсан” түүхүүд
Баримт 1. НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт 1987 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төржээ. Эрх зүйч мэргэжилтэй.
Баримт 2. Тэрбээр саяхан хэдэн зуун сая төгрөгөөр “зодож" цэнгээний газраа нээсэн нь ‘Arigu Lounge Art" аж.
Баримт 3. Тэрбээр шинэ баарны нээлтэд загвар өмсдөг охид, бүсгүйчүүдээс эхлээд олны танил олон хүн урьж, UB Palace- ийн концертын их танхимд ‘Бид бүжиглэсээр байна- Репчелленж" нэртэй шоу тоглолт хийжээ.
Баримт 4. С.Бямбацогт 2012 онд хууль бусаар мөрийтэй тоглосон хэрэгт холбогдож шалгагдаж байжээ. Шүүхээс түүнд ямар нэгэн хорих ял оноолгүй үлдээж байсан аж.
Баримт 5. Хэргийн талаар тодруулбал 2012 онд Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр ‘Луу гүн" жолооны курсын барилга дотор мөрийтэй тоглож байгаад тавдугаар сарын 23-нд баригдаж байжээ. Тэд мөрийтэй тоглож байгаад мөнгө өгч авалцах дээрээсээ болж муудалцан зодолдсон байна.
Баримт 6. С.Бямбацогт нь Б.Баасанпүрэв, Ө.Энхзориг, Е.Баянмөнх, Н.Батцэнгэл. Х.Амартүвшин, Б. Намжилгомбо нарын хамт цагдаад шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн байжээ. Гэвч мөрийтэй тоглоом, танхайн хэрэг нь шүүхийн шатанд замхарч, ял шийтгэл өгөлгүй үлдээсэн байдаг аж.
Баримт 7. Мөн С.Бямбацогт нь танхайн хэргээр буюу бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэргээр цагдаад хэд хэдэн удаа шалгагдаж байжээ.
Цагдаагийнханд ХЭН мэдээлэл өгөхгүй байхыг тушаав ???
Баримт 8. С.Бямбацогтын ах НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нь “ VIP security" хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулж байжээ. НИТХ-ын төлөөлөгч болоод өөрийн төрсөн дүү С.Бямбацогтод компаниа шилжүүлэн өгсөн байна.
Баримт 9. С.Бямбацогтын дор хамгаалалтын 120 гаруй залуу байдаг бөгөөд архидан согтуурах бүртээ агсан согтуу тавьж, хамт явж байгаа найз нөхдөө зодож танхайрдаг гэнэ. Тухайн бүрт нь цагдаа нар хэргийг шалгадаг ч ахын буянд үйлдсэн хэргээ “сэгсрээд" уснаас хуурай гараад ирдэг байна.
Баримт 10. С.Бямбацогтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах", харин 2.4 дүгээр хэсэгт ‘Зэвсэг. тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу шалгаж байна.
Баримт 11. Мөн түүнийг бусдыг амь нас эрүүл мэндэд заналхийлж, хутгалж, чулуугаар толгойг нь хагалсан хэрэгт давхар шалгагдаж байгаа аж.
Баримт 12. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаа нар ихэд нууцалж эхэлжээ. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хориглосон гэнэ.
Баримт 13. Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нөлөөлсөн байж болзошгүй байна. ЦЕГ-ын алба хаагчид ч ‘Энэ хэргийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй байх үүрэг чиглэл өгсөн" хэмээн ярьжээ.
Баримт 14. С.Бямбацогт бас нэгэн гэмт хэргийн ул мөрийг ил болгосон нь ‘ДК" буюу дипломат корпусын дугаарын наймаа.
Баримт 15. "ДК" улсын дугаарыг манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын газруудад өгдөг. Тэгвэл хамгаалалтын компанийн захирал С.Бямбацогт аль улсын нэр дээр ‘ДК" улсын дугаар авсан бэ. Ямар замаар авсан бэ гэдгийг цагдаагийн байгууллага шалгаад эхэлжээ.
С.Бямбацогт “Бүгдийг чинь ална шүү” хэмээн хашгирч байжээ
Баримт 16. Хэрэг гардаг өдөр буюу энэ сарын 11-нд С.Бямбацогт ‘Arigu Lounge Art" гэх хувийн шөнийн клубээ нээсэн байжээ. Улмаар нэлээд ууж, шууд дээрх шөнийн цэнгээний газар руу очжээ.
Баримт 17. Гэвч тус баарны хамгаалагчид С.Бямбацогтыг баар руу оруулаагүй аж. Үүнд нь уурссан тэрбээр хэсэг хугацааны дараа гурван машинтай 10 гаруй залуус дагуулсаар ‘Castle" баарны үүдэнд иржээ. Тэрбээр ‘ДК" буюу дипломат корпусын дугаартай хар өнгийн ‘Ланд 200" маркийн автомашинаас гартаа сэлэм барьсаар бууж ирсэн нь бичлэгээс харагддаг.
Баримт 18. С.Бямбацогт шууд баарны хамгаалагчийн нүүр рүү цохиж аваад "Бүгдийг чинь ална шүү. Гөлөгнүүд минь та нар юу юм бэ. Ална аа" хэмээн орилж хашгирч байжээ. Бүр хамт явсан залуустаа хандан “Та нар юугаа хийгээд байгаа юм бэ. Бүгдийг нь алаад өг" гэж хашгирч “Энэ хот өнөө шөнө миний мэдэлд" хэмээн орилсоор байжээ.
Баримт 19. Дээрэнгүй загнаж байхдаа С.Бямбацогт баахан хараал урсгаж, нүд нь улаанаараа эргэлдэн, амнаас нь цагаан хөөс сахарч байсан талаар хамгаалагчид ярьжээ.
Баримт 20. Баарны хамгаалагчид С.Бямбацогтыг сэлэм эргүүлэн танхайрах үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвтэй холбогдож дуудлага өгсөн ч цагдаа нар ирж байгаа сургаар хамт ирсэн залуусаа аваад зугтаажээ.
Баримт 21. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривербич" гэхнэртэй амралтын газарт очсон ч амралтын газрын үүдэнд 06:00 цагийн орчимд дахин зодолдож, нэг иргэнийг хутгалж, хоёр иргэнийг хүнд гэмтээжээ.
Баримт 22. Хэдийгээр хохирогчид хүнд гэмтэж, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч хохирогч нар гомдолгүй хэмээн мэдүүлжээ.
Хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан нь
Баримт 23. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан таван залууг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Тэгвэл тэдний дунд "сэлэм" хочит С.Бямбацогт байсан байна.
Баримт 24. ЦЕГ-аас “2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Улмаар Хар тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хэрэглэдэг хэрэглүүрийг зүйлсийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)