Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Хурцыг чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн дуулиантай томилгоонуудын нэг нь энэ байв. Уг нь энэ албан тушаал хурандаа, дэд дарга нарын нэр бүхий дөрвөн хүн яригдаж байсан ч Д.Гэрэл шууд томилогдов. Д.Гэрэлийн хувьд ТЕГ-ын даргын суудал шинэ албан тушаал биш. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө энэ байгууллагыг толгойлж байсан юм. Ингээд ТЕГ-ын шинэ дарга Д.Гэрэл гэж хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэе.
Намтар
Баримт 1. Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.
Баримт 2. НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга,
Баримт 3. Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга
Баримт 4. БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
Спортын хүн
Баримт 5. Монголын Теквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгчөөр 10 гаруй жил ажилласан төдийгүй Олимпийн хороо “Олимпийн алтан од”-оор шагнаж байжээ.
Баримт 6. Түүнийг самбо, боксын спортоор хичээллэж байсан талаар ойр дотныхон нь ярьдаг.
Элчин сайд
Баримт 7. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан.
Баримт 8. Түүнийг 2012 онд ТЕГ-ын даргаар томилогдоход тус газрын даргаар Р.Болд ажиллаж байсан юм. Түүнийг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлсөн. Энэ цаг хугацаа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө.
Баримт 9. Тэрбээр үүнээс өмнө 2009 оноос хойш БНСУ-д суух элчин сайдаар ажиллаж байгаад 2011 онд эргүүлэн татаж байсан билээ.
Баримт 10. 2012 онд Р.Болдоос халааг нь авч Тагнуулын Ерөнхий газрын 9 дэх даргаар ажилласан ч тэрбээр хамгийн богино хугацаанд энэ байгууллагыг толгойлсон даргаар мөн тодорсон билээ.
ТЕГ-ын даргаас халагдсан шалтгаан
Баримт 11. 2013 онд түүнийг тухайн үеийн Ерөнхий сайд чөлөөлсөн.
Баримт 12. Энэ талаараа “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй”
Баримт 13. “Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд чадаагүй”
Баримт 14. ““Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байжээ.
Баримт 15. Харин Д.Гэрэл энэ талаар “ “Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэсэн юм.
Засгийн газрыг "ялав"
Баримт 16. Улмаар 2013 оны 8-р сард Хурандаа Д.Гэрэл нэхэмжлэл бичиж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан.
Баримт 17. Шүүхээс Д.Гэрэлийг хууль бусаар ажлаас нь халсан гэдэг шийдвэр гаргасан байдаг.
Баримт 18. ТЕГ-ын даргын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг аж.
Баримт 19. Тагнуулын байгууллагын тухай хуулиар газрын даргыг чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр нотолсон бол ажлаас нь чөлөөлдөг гэж заажээ. Харин бусад тохиолдолд чөлөөлөхийг энэ хуулийн 14.5 дахь заалтаар хориглосон байна.
Дуулиант зодооны талаар хэвлэлд...
Баримт 20. 2015 онд тэрбээр "дэлбэртэл" зодуулсан гэх дуулианд холбогдож байв.
Баримт 21. Мэдээллийг дэлгэрүүлбэл ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга асан “шанага” М.Ганболд нар ширүүн зодоон өрнүүлсэн гэх.
Баримт 22. Тэд бизнес болон мөнгөний маргаанаас болж зодолдоод зогсохгүй М.Ганболд нь Д.Гэрэлд нэлээд гэмтэл учруулсан талаар хэвлэлийнхэн шуугисан.
Баримт 23. Гэхдээ ч энэ хоёр эрхмийн зодооны талаарх мэдээллийг хүчнийхэн ихэд нууцалсан.
Баримт 24. Тэдний энэхүү зодооны талаар нэг ч үг үсэг гадагшаа гаргаж болохгүй гэсэн үүргийг ч алба хаагчид нь аваад байгаа талаар хэвлэлд онцолжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)