Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олголоо. Түүний гавьяат цолыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн юм. П.Орхон нь чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин бөгөөд С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын дараа гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болсон нэгэн юм. Тэгвэл шинэхэн гавьяат П.Орхоны тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Зул сарын баярын өдөр
П.Орхон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрөөр төржээ. Тэрбээр энэ жил 24 настай.
Баримт 2. Оюуны спорт
Тэрбээр нэгдүгээр ангидаа шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлж байжээ. Сүүлд хотод шилжиж ирэхдээ тэшүүрийн спортоор хичээллэж байж.
Баримт 3. 79 дүгээр сургууль
П.Орхон Олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуулийн төгсөгч.
Баримт 4. Олимп, дэлхийн аваргууд
Түүний төгссөн 79 дүгээр сургуулиас Олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрөн гарчээ.
Баримт 5. Гавьяат тамирчин
Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олголоо. Түүний гавьяат цолыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн юм.
Баримт 6. Анхны багш
Тэрбээр 14 настайгаасаа хойш чөлөөт бөхөөр хичээллэжээ. Түүний анхны багш нь "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр.
Баримт 7. Нагац ах
Түүнийг нагац ах нь хоёр хүүхдийнхээ хамт “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хосбаярт аваачиж өгснөөр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна.
Баримт 8. Бөхөөр барилдаарай, чи бяртай шүү...
П.Орхон энэ талаараа “Манай ах, нагац ахын хоёр хүүхэд тэр үед чөлөөт бөхөөр барилддаг, медаль хүртээд л байсан. Төрсөн ах минь 2006 онд Лу.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнээр хөлөө хугалаад спортоо орхисон болохоор чөлөөт бөх надад ойрхон байлаа. Нэгдүгээр ангид байхад ангийн багш Солонгоо бөхөөр барилдаарай, чи бяртай шүү гээд захидаг байсан. Намайг ийм амжилтад хүрэхэд их баярласан даа багш минь” хэмээн дурсчээ.
Баримт 9. Бөхийн удам
Энэ талаар түүний ээж Б.Пүрэвдулам “Миний аав цэргийн начин цолны болзол хангасан бөх байсан ч цолыг нь албан ёсоор олгоогүй юм билээ. Тухайн үед дайны ч жил байсан гэдэг. Харин дүү маань аймгийн начин цолтой хүн байсан. Тэгэхээр охин маань удмаа дагасан байх” хэмээжээ.
Баримт 10. Сайхан дурсамж
П.Орхон багш нарыхаа тухай ийнхүү хуучилжээ. “Хоёр багш минь бид нарыг хүүхэд шигээ л эрхлүүлнэ. Халаасанд байгаа мөнгөөрөө шавь нартаа хоол авч өгснийхөө дараа Цогоо багш “Өө хүүхдэдээ орой чихэр авч орох мөнгөгүй болчихлоо” гээд л амаа барина.
Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн онцлог гэвэл өглөөнөөс орой хүртэл хэдэн зуун хүүхэдтэй ажилладаг. Тэр олон хүүхдийг нэгийг нь ч илүү, дутуу үздэггүй. Чадах бүхнээ бүгдэд нь заадаг. Тэр дундаас өөрийгөө дайчилж чадсан нь хурдан гарч ирдэг байх. Мэдээж тэр олон хүүхдийн дунд амжилт нь ахихгүй хүүхэд гарч ирнэ. Хамгийн гоё нь хоёр багш минь хэзээ ч муу яваа шавь нарыгаа орхидоггүй. Тийм ч болохоор барилдаад амжилт гаргаагүй ч шавь нар амьдрал дээр дандаа сайн сайхан зөв явдаг.
Ц.Цогтбаяр багшийгаа мөнгөний хулгайд сэрдэгдэхэд сэтгэл нь ихэд тавгүйтсэн тухайгаа ярив. “Тухайн үед би Оросын тэмцээнд түрүүлээд 10 мянган ам.доллар авсан юм. Багшийн талаар янз бүрийн мэдээлэл гарангуут нь утасдаад “Багшаа таныг хардаад байгаа хүмүүст өчнөөн мянган долларын шагнал хүртэх олон шавь байгаа шүү гэж хэлээрэй" гэж захижээ.
Баримт 11. Найзууд дэвжээнд өрсөлдөгчид болсон нь
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд тэр хоёр 2008 оноос хойш “Алдар” спорт хороонд чөлөөт бөхөөр хүсэл мөрөөдлөө нэгтгэснээр үй зайгүй найзууд болжээ. Олимпийн жил эхлэхтэй зэрэгцэн С.Цэрэнчимэд 60кг-аас жин хасч, П.Орхон жин өгсч 58кг-д өрсөлдөх болсноор найзууд дэвжээнд өрсөлдөгчид болсон байна. 2016 оны УАШТ-ий эхний тойрогт П.Орхон, С.Цэрэнчимэд нар эхний тойрогтоо учраа таарсан. Чимэдээгийн хувьд техник ур чадвар бусдаас илүү учраас хамгийн хүнд барилдаан байсан гэдэг.
Баримт 12. 2013 онд л Чимэдээ тэр хоёр...
П.Орхоны нагац ахын охин Цолмонгийн өмсгөл, просункийг Орхоо, Чимэдээ хоёр олон жил ээлжилж гуйж өмсчээ. Тэд 2013 оноос л өөрийн гэсэн өмсгөлтэй болсон байна.
Баримт 13. Спортын төлөөх золиос
2012 оны залуучуудын ДАШТ-д С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр хамтдаа явсан ч медальд хүрээгүй. Медалиас мултарсан орой нь Ц.Цогтбаяр багш П.Орхонг сургуулиасаа жилийн чөлөө авчих. Та хоёрыг багш нь нэг сайн бэлдье гэжээ. ШУТИС-ийн КТMС-ын нийгмийн ажилтны ангид суралцдаг тэрээр чөлөө авч нэг жилийг зөвхөн бэлтгэлдээ зориулжээ. Жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлж С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга болж П.Орхон хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Баримт 14. Шигшээ багт орсон түүх
П.Орхоны хувьд залуучуудын шигшээ багт харьяалагддаг байжээ. Ц.Хосбаяр багш нь гурван жил насанд хүрэгчдийн шигшээ багт оруулах гээд хөөцөлдөөд бараагүй байна. Учир нь холбооныхон нь тархи толгойны өвчтэй гээд аваагүй аж. Энэ талаар Ц.Хосбаяр “2015 оны ААШТ-ээр Хятадын тамирчинд ялагдсан. Үдээс хойш нь тэмцээн лүү явж байгаад автобусанд гэнэтхэн ухаан алдаад уначихсан. Батбаяр багш эмнэлэгт хүргэсэн байсан. Ирээд Насанбат багшид үзүүлсэн чинь ядаргааных гэсэн. “Mongolian open”-түрүүлэхдээ мөрөө жаахан гэмтээчихсэн. Тэрийгээ эмчлүүлэхгүй шууд эрчимжүүлсэн бэлтгэлд ороод Азийн аварга явсан болохоор ядарсан юм шиг байна лээ. Тэрнээс болсон уу нэг ийм яриа гарчихсан юм. Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн түүнийг ирэнгүүт шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр багш хөөцөлдөж шигшээ багт оруулсан" гэв.
Баримт 15. Каори Ичог сөхрүүлсэн МОНГОЛ
Тэрбээр 2016 онд олимпын гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг "мартаад" байсан босоо аварга билээ. Тэрбээр энэ талаар “Ээж минь Каори Ичогоос ганц оноо авчихаасай гэж бодсон гэсэн. Манай том ах хөдөө явж таараад ээж утсаар мэдээ дамжуулсан гэсэн. “5:0-оор эхний үе дууслаа” гэхэд “Арай үгүй байлгүй дээ” гээд итгээгүй гэсэн. Түрүүлчихээд орой нь гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогдтол бүлцийтлээ уйлчихсан хүмүүс байсан.
Тэмцээнд явахаар гэрээс гарахын өмнө ээж “Каори Ичо очихоор болж” гэхэд нь юу ч бодолгүй “Надад хожигдох гэж очих нь дээ” гэчихээд л явсан. Замдаа вагоноор урт зам туулсан ч ерөөсөө Ичогийн талаар барилдааны талаар бодоогүй. Тамирчидтайгаа хөгжилтэй байсаар байгаад л очсон. Ичотой таарна гэж тооцоолж барилдааныг нь судалж очоогүй л дээ” ” гэжээ.
Баримт 16. Гэр бүл
Манай аавыг Пүрэвдорж, ээжийг минь Пүрэвдулам гэдэг. Ах дүү долуулаа. Өнөөдрийг хүртэл амжилтын минь ард гэр бүлийнхэн минь байж дэмжсээр ирсэн. Манай ээж тамирчдын судалгааг их нарийн хийнэ, алдаан дээр минь ажиллаж зөвлөгөө өгдөг болчихсон. Гадагшаа тэмцээн уралдаанд явахад мөнгө төгрөг зохицуулна, хүүтэй мөнгө зээлээд ч хамаагүй намайг тэмцээнд явуулсаар ирсэн.
Баримт 17. Найз залуу
Түүний найз залуу мөн бөх. Н.Лхамгармаа бол "Алдар" спорт хорооны тамирчин. Бас энэ жилийн ДАШТ-д улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөнө. Лхамгармаа Армийн дэлхийн аварга, манай залуу, шилдэг бөхчүүдийн нэг.
Баримт 18. Риогийн олимпийн эрх
Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн болоход П.Орхон 58 кг-д олимпын эрх авчирсан юм. Энэ болзол нь чөлөөтийн найм дахь, манай тамирчдын 16 дахь эрх байлаа.
Баримт 19. Ялагдсан туршлага
К.Ичог ялснаас хойш монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөж чадсан П.Орхон харамсалтай нь, Риогийн олимпод санасандаа хүрч чадаагүй. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Валерия Кобловад ялагдаж, шагналт долдугаар байр эзэлсэн юм.
Баримт 20. Монголынхоо ард түмэн болон ээждээ амласан амлалт
Дэлхийн аварга болсны дараа түүний ээж Б.Пүрэвдулам “Охин маань Дэлхийн аварга болоод ирнэ ээ гээд л явсан. Сорилго тэмцээний үеэр Монголынхоо ард түмэнд “Дэлхийн аварга болж та бүхнээ баярлуулна аа” гээд амлачихсан. Тэр амлалтаа өнгөрсөн шөнө биелүүлж чадлаа” гэжээ.
Баримт 21. Дэлхийн аваргын долоо дахь алт, тав дахь тамирчин
Манай улсаас чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон бөх ховор. Дэлхийн хошой аварга З.Ойдов, С.Батцэцэг, дэлхийн аварга Х.Баянмөнх, С.Цэрэнчимэд гээд нийт зургаан алтан медалийг дөрвөн хүн л эзэмшдэг байсан бол одоо Монголоос дэлхийн аварга тодорсон долоо дахь алт, тав дахь тамирчин нь П.Орхон болов.
Баримт 22. Гурав дахь Дэлхийн аварга
Эмэгтэй бөхчүүд 2005 оноос хойш дэлхийгээс медальтай ирэх болсон. Тэрбээр монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн гурав дахь Дэлхийн аварга.
Баримт 23. Гуншин
Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга,
Баримт 24. Дэлхийн аварга ингэж болов
Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялсан. Дараа нь “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)