Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарт хандаж юу гэж хэлснийг “24 ишлэл”-ээр онцолж байна.
Ц.Нямдорж
Ишлэл 1. Ц.Нямдорж гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай.
Ишлэл 2. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм.
Ишлэл 3. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.
Ц.Цогзолмаа
Ишлэл 4. БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.
Ж.Бат-Эрдэнэ
Ишлэл 5. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Ж.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.
Х.Баделхан
Ишлэл 6. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.
Д.Сумъяабазар
Ишлэл 7. Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.
Д.Цогтбаатар
Ишлэл 8. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй.
Ишлэл 9. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй.
Ч.Хүрэлбаатар
Ишлэл 10. Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна.
Г.Занданшатар
Ишлэл 11. Г.Занданшатарын хувьд туршлагатай. Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү.
Засгийн газрын талаар
Ишлэл 12. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг.
Ишлэл 13. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү.
Ишлэл 14. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий.
Ишлэл 15. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж
Ишлэл 16. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно.
Ишлэл 17. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана.
Ишлэл 18. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал.
Ишлэл 19. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно.
Ишлэл 20. Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байна. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг.
Ишлэл 21. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн.
Ишлэл 22. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна.
Ишлэл 23. Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм.
Ишлэл 24. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.
24tsag.mn
Сэтгэгдэл (25)