Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нам дамнасан бүлэглэл нуран унаж байгаа талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ талаар түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
Баримт 1. Манай нийгэмд үе солигдох үйл явц ид үргэлжилж байна. Дэлхий даяар явагдаж буй системийн өөрчлөлтүүдээс үүдэн манай улсад ч шинэ сорилт тулгарлаа. Асуудлыг өнгөц харалгүй, жам ёсны энэ үйл явцыг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна.
Баримт 2. Монголын нийгэм сүүлийн жилүүдэд дандаа буруу тийшээ явлаа. Бүх шатандаа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удлаа.
Баримт 3. Би Ерөнхий сайд байх үеэсээ энэ бурууг засаж залруулах гэж тэмцсэн. Тэгээд огцорсон, огцорсон ч тэмцсээр л байна. Гэвч буруу зөрүүг зогсоож дийлэхгүй өдий хүрлээ. Нам дамнасан цөөн хүний бүлэглэл төрийг он удаан жил барих, хулгай луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлж, найр тавин дамжуулах, нам гэдэг институцийг тоглоомын байгууллага болгох оролдлого хийсээр байна.
Баримт 4. Монголын минь заяа их учраас саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч түмэн үүнийг таслах эхлэлийг тавилаа. Миний хувьд бүлэглэлийн эрх ашигт бус, улс орны эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад нь нэмэр болох юм болов уу гэж бодоод Х.Баттулгын саналыг хүлээн авсан. Хэн хэн маань нам дамнасан бүлэглэлийн махны машин дундуур явсан болохоор Монголын нийгмийг зөв болгохын төлөө хамтраад ажиллаж болох байх.
Баримт 5. Бид нэгдмэл эрх ашгаа нийтээрээ ухамсарлах цаг үетэй тулгараад байна. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадгийг яг энэ цаг мөчид харж байна. Тусгаар улсыг хувийн компани мэт өмчлөх гэж оролдоод нийгмийн үзэн ядалтын бай болдгийг харлаа. Гүйцэтгэх засаглалаа өөрийн толгойгүй гүйцэтгэх захирлаар удирдуулбал ямар их хохирол амсдагийг үзлээ.
Баримт 6. Олон гажуудлыг одоо сууриар нь засах захиалга дээр нийгэм олонхоороо нэгдэж байна. Эдгээрийг засаж чадна гэж Х.Баттулгыг ард түмний олонх Ерөнхийлөгчөөр сонгосон. Ямар ч байсан нийгмийн олонх гажуудлаа олж хараад, засуулах захиалгаа өгсөн нь хамгийн чухал.
Баримт 7. Сүүлийн таван жил улс төрд үүсээд буй үл ойлголцол, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдгийг би дөрвөн жилийн өмнөөс л ярьж, хэлсэн. Нийтийн, нийгмийн асар их баялгийг цөөхөн гэр бүл гадаадынхантай хувааж эзэмшээд, үе дамжсан хөрөнгөтний засаглал байгуулах гэж маш нарийн төлөвлөсөн ажиллагааг зохион байгуулсныг одоо олон хүн ойлгодог болж. Хэт цөөнхийн явцуу шуналд туйлдсан ард түмний бухимдал бага багаар нэмэгдсээр асар том эсэргүүцэл болоод байна.
Баримт 8. МАН доторх санал зөрөлдөөн, тэмцэл бол тэсрэх ёстой л зүйл. 60 тэрбумыг нэр бүхий 2-3 хүн, тэр дундаа намын дарга нь ярьсанд асуудлын гол байгаа юм. Тэр зарах төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч байх. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан 60 тэрбумын хэргийг хаасан нь хууль ёсыг уландаа гишгэсэн том доромжлол. МАН-ын дотоод тэмцлийг хараад “Тэдэн дотор ч гэсэн эх орноо боддог, шударга бус зүйлийг хүлцээд сууж тэвчихгүй хүмүүс байна” гэж харж байгаа.
Баримт 9. Шуналдаа сохорсон хүмүүсийн увайгүй үйлдэлд ард түмэн дүн тавьж дөнгөж эхэлж байна. Цаашдаа олон шударга бус зүйл илэрч, зохион байгуулалттайгаар ямар муухай зүйл хийснийг нь иргэд ч илүү ойлгосноор манай нийгэм зарчимд суурилсан үнэт зүйлтэй болно. Ингэсэн цагт Монгол хүчирхэг, хөгжингүй улс болно. Үүнд би эргэлзээгүй итгэдэг учраас гэр бүлээ, дотнын хүмүүсээ эрсдэлд оруулан байж энэ шударга бустай тэмцсэн.
Баримт 10. Улс төрд орж ирж буй залуус түр зуурын ашиг хонжоо, зарчим хоёроо ялгадаг байх хэрэгтэй. Улсынхаа ирээдүйг хараагүй, мөчид бодолтой байсан нь өнөөдөр эргээд өөрсдөд нь ирж байгаа хэрэг. Сайд болж болно. Хүн болох, хүн байх хэцүү л дээ. Зарчимтай байх бүүр хэцүү.
Баримт 11. Ямар эрүүл ухаантай, ёс зүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
Баримт 12. Нэг хүнийг шоронд хийснээр бүх зүйл зөв замдаа орчихгүй. Бүх зүйлийг ил гаргах ёстой. Хууль хяналтынхан хуйвалдаж нуугаад байж болохгүй. Ингэж байж дараа дараагийн удаа төрийн эрхэнд гарах улс төрийн намууд болон нийгэмд сургамж болно.
Баримт 13. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна. Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг.
Баримт 14. АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа болох гэж байхад АТГ намайг дуудаад яллагдагч болгоод зарлачихаж байгаа юм. Үүнийгээ ганц Алтанхуяг дээр хэрэгжүүлээгүй. Сая харж байхад У.Хүрэлсүх дээр ч хийж л байна билээ. Ерөнхий сайд болгохгүйн тулд угтуулаад хэрэгтэн гэж зарласан. Өрсөлдөгчөө дарж л байвал аль ч нам байсан ингэдэг болсон.
Баримт 15. Өөрийг нь Төрийн тэргүүн болтол дэмжиж зүтгэсэн намаа хувьчлалын луйвар хийхийн тулд туйлдаж ядартал нь самарчихаад, өрсөлдөгч намаа далдаас даргалаад буйг МАН-ын гишүүд ил ярьдаг болсон. МАН-д үүсээд буй өнөөгийн зөрчил ч үүнийг задлах гэсэн эх оронч гишүүдийнх нь зоримог алхам гэж харж байна. Өнөөдөр зориг гаргаж байж л энэ бүх муу муухайг өөрчилнө. Эргэлзэж, хулчийх юм бол бүлэглэл бүр хүчтэйгээр дахин амилна.
Баримт 16. Би хувьдаа Элбэгээ ч юм уу, өөр хэн нэгэнд элдэв зүйл бодож санахгүй, гэхдээ мартахгүй. Буруугаас нь болж үүссэн өнөөгийн нөхцөл байдал зөв голдиролдоо орж засагдаад урагшлаасай гэж хүсэж байна. Хонгилыг босгосон хоёр гол хүний нэг нь хугацаагаа дуусгаад буулаа. Нөгөөх нь Ерөнхийлөгч болж үргэлжлүүлэн хамгаалах гээд бүтсэнгүй. Тэгэхээр тэр хонгилын орой нь нурж байна. Гэхдээ л доогуур, хууль хяналтын байгууллагад бий болгосон хонгил нь амь бөхтэй байж л байгаа.
Баримт 17. Эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл дутмаг хүн гадаадын хэчнээн сургууль төгсөөд ч Монголыг өөрчилнө гэж байхгүй. Харин онцлог, давуу болон сул талаа мэдэрч, ойлгосон хүмүүс л Монголыг хөгжүүлнэ.
Баримт 18. Бонд бол хадны мангаа биш. Монголчууд анх удаа элдэв тулгасан нөхцөлгүй, өөрсдийн бодлогоор зарцуулах мөнгө босгож, бүтээн байгуулалт өрнүүлсний үр шимийг одоо бид нийтээрээ хүртээд амьдарч байна. Манай Засгийн газрын үед хийсэн бүтээн байгуулалтыг монголчууд нүдээрээ харж, гараараа барьсан. МАН засаг барих үед улсын төсвийн орлого нэмэгддэг атлаа хаашаа орсон нь мэдэгдэхгүй халамж нэрээр алга болдог. Харин манай нам засаглаж буй үед мөнгө босгоод ч хамаагүй иргэдийнхээ төлөө ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн.
Баримт 19. Намайг энэ намыг зургаан жил удирдахад л лав мөнгөний өрсөлдөөн байгаагүй. АН олон намын нэгдэл учраас бүлэг фракцын бүтцийг ил хүлээн зөвшөөрдгийн хувьд боловсон хүчний давуу талыг нь харж, хэн нь хаана ажиллах вэ гэдгээ ярилцаж шийддэг байснаас биш мөнгөөр албан тушаал наймаалцдаггүй байсан.
Баримт 20. Нийгэмд өрнөж буй сэтгэлгээний хувьсгалын суурь шалтгаан бол шударга бусын хямрал. Бид нийгмээрээ алдаагаа олж таньдаг, буруугаа жигшдэг болж байна. Үүнтэй уялдан манай нам дотоод олон асуудлаа шинэчилж, өөрчлөхөөс өөр аргагүй.
Баримт 21. Шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Гомдоллож, гоншгонох биш намаа хайрлаж, өмөөрдөг, хамгаалдаг намын гишүүний хувьд болж буйг нь урамшуулж, болохгүй байгааг нь хэлж шүүмжлэн залруулах нь миний үүрэг. Үзэл санаанаас илүү хөрөнгө мөнгө, үнэт зүйлсээс илүү бүлэг фракц гэдэг ойлголт байж болохгүй.
Баримт 22. АН-ын шинэчлэл дөнгөж эхэлж байгаа. АН-ын шинэчлэл эхлэхэд би хоёр гараа өргөөд дэмжсэн. Харин одоо хоёр зүйлд сэтгэл гонсгор байгаа. Нэгдүгээрт, мөнгө их ярьж байна. Мөнгө төгрөгөөс илүү сэтгэл зүтгэл чухал. Хоёр дахь нь, улсын хэмжээний сонгуульд МАН-ын хийдэг хулгай, луйвар манай дотоод сонгууль руу орж ирлээ. АН шинэчлэлийг эхлүүлсэн ч алдаагаа засах хэрэгтэй, С.Эрдэнэ дарга.
Баримт 23. Хамгийн аймшигтай нь нам дамнасан бүлэглэл хуулийг хүссэнээрээ өөрчилж, эрх мэдлийг өөртөө авдаг жишиг бүүр тогтчихсон. Хоёр Э маань мөнгө, албан тушаал, цол хэргэмийг хонгилын бүрэлдэхүүндээ найр тавин өгдөг болсон. Ингэж л Монголын төрөөр, шударга ёсоор тоглож байна. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдөх байх. Монголын төрийг буруу замаар явуулсан бүлэглэл засгийн эрхэнд дахин гарвал хэсэг хугацааны дараа Засгийн газар нь дахиад л өнхөрнө. Энэ бол цаг хугацааны л асуудал. Дахиад жаахан хугацаа өнгөрөхөд эднээс ямар шившгийн юм илрэхийг хэн мэдэх вэ.
Баримт 24. Намайг улс төрийн нөхцөл байдлаас болж л татаж чангаадаг юм. Надад хийсэн хэрэг байхгүй, Ц.Элбэгдорж нарын хууль бус үйлдлүүд хэрээс хэтрэхээр нь л түүнийг нь хэлсэн. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүх хууль бустай тэмцэхээ зарласан. Энэ л намайг хүчний байгууллага, АТГ-т дуудах шалтгаан болсон. Дээхнэ үед эх орныхоо төлөө дуугарлаа гээд буудчихдаг байсан бол одоо хэрэг үүсгэж, дарамталдаг болсон юм билээ. Эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөр бүгдийг нь дарамталж, залхаадаг. Энэ бол хүсэл эрмэлзэл, сэтгэл санааг нь тарчлаан зовоох хоёр Э-гийн есөн эрүү шүү дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)