Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн пүрэв гарагт М.Сономпилийн орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн юм. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм. М.Сономпилийг тус сатнцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан ийн нэгжлэг хийж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл АТГ-т ороогдож эхлээд буй М.Сономпилийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татав. Түүнийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан ийнхүү шалгаж байгаа аж.
Баримт 2. М.Сономпил нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ.
Баримт 3. Багадаа волейболын спортоор хичээллэдэг байсан бөгөөд шаггүй сайн тамирчин байжээ. Тэрбээр Дарханы шигшээд багтсан, хот улсын чанартай тэмцээнүүд оролцдог байсан бөгөөд волейболын нэгдүгээр зэрэгтэй.
Баримт 4. Тэрбээр Махкомбинатад ачигч хийж байсан бөгөөд 1991 онд “Залуу Монгол”-ыг хэсэг нөхөдтэйгээ нийлж байгуулжээ.
Баримт 5. М.Сономпилийн энэхүү компанийн байранд АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт холбоотой бичиг баримтыг хураасан гэх мэдээлэл байна.
Баримт 6. Түүний гол хөрөнгө нь мэдээж “Залуу Монгол” групп. Эрхэм гишүүн “Залуу Монгол”ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэсэн.
Баримт 7. Түүний гэргийг Д.Батгал гэдэг. Тэрбээр хүү, охинтой. Ууган хүү С.Даян-Очир Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн бол бага охин нь мөн л харьд боловсрол эзэмшижээ.
Баримт 8. М.Сономпил нь цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгөөд Өмнөговь аймагт салаан захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Улмаар офицер байхдаа халагдаж, бизнесийн салбарт хөл тавьжээ. Ахтайгаа хамтарч аялал жуулчлалын компани байгуулж, хойш нь, урагш нь хүмүүс явуулж эхэлсэн. Улмаар баар ажиллуулж, удалгүй гурилын үйлдвэр, гоймонгийн цех ажиллуулсан бас ч үгүй хөдөлмөрч нэгэн.
Баримт 9. Тэрбээр 1988-1991 онд Ардын армийн ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд “Залуу Монгол” ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд “Залуу Монгол” Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.
Баримт 10. Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирж байжээ. Энэ утгаараа тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан.
Баримт 11. М.Сономпилийг 2000 оны эхээр “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан”, “Глоб кредит” зэрэг Хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл аваад төлөлгvй зугтсан гэх мэдээлэл гарч байв. Харин тэрбээр энэ талаар тайлбар өгч, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаярын гарын үсэгтэй, “Сайд М.Сономпил УМБГ-т шалгагдаж байгаа “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдолгүй болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг үзүүлж нэрээ цэвэрлэж байсан юм.
Баримт 12. Тэрбээр анх 2004 онд Дархан-Уул аймгаас АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болон сонгогдож, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан.
Баримт 13. Гэсэн ч М.Сономпил анх нэрийг дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж байсан нь тухайн үедээ олны дургүйцлийг төрүүлж байсан нь нууц биш.
Баримт 14. М.Сономпил нь Батцэрэг, М.Энхсайхан нартай хамтран МҮАН-ыг байгуулж байсан нэгэн. Гэхдээ тэрбээр Батцэрэг, Энхсайхан хоёроос нэг л зүйлээрээ ялгаатай. Учир нь тэрбээр хамтран байгуулсан МҮАН-ынхаа даргыг албыг хашиж байгаагүй.
Баримт 15. Түүний Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрсэн бөгөөд үүнийг түүнтэй холбон тайлбарладаг. Үүгээр зогсохгүй БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн хэмээн шуугиж байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.
Баримт 16. Тэрбээр машинд нугасгvй нэгэн. Мөн тэрбээр машины уралдаан сонирхдог бөгөөд өөрөө хүртэл биеэрээ оролцдог гэдэг.
Баримт 17. Түүний бас нэгэн хобби бол казино. Энэ талаараа ч тэрбээр “хорхойгоо дарах гэж мөрийтэй тоглоом тоглодог минь үнэн тэгээд яах гээд байгаа юм” гэж хэвлэлээр зарлаж байсан удаатай. Тэрбээр Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ОХУ-д очоод казино тоглон нэг орой л 850 доллар доллар салхинд хийсгэж хэмээн нэг хэсэг шуугиж байсан юм.
Баримт 18. Түүнийг УДЕТ-ын жүжигчин Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой байсан гэж нэг хэсэг шуугисан. Дараа нь залуу дуучин охинтой “Эрхүүгийн амралтын төв”-д дуулж явах болсон тухай яриа ч бас үе үе гарч байсан.
Баримт 19. Энэ талаар түүний гэргий нэгэн сонинд нь “Миний нөхөрт санаархдаг эмэгтэйчүүдийг мэднэ. Намайг тайван байлга” хэмээн ярилцлага өгч байжээ.
Баримт 20. М.Сономпил төрийн хамгаалалтын хувцасыг солих нэрээр ойрын хүндээ тендерийг өгч чамгүй их мөнгө “унагаасан“ хэмээн бичигдэж байсан. Мөн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдэд олгогддог нормын хувцасаар бизнес хийсэн явдал юм. Тодруулбал, Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмээрхэн Монгол руу гулгуулчихдаг байсныг Иракт алба хаагаад ирсэн цэргүүд бүгд хэлдэг гэсэн.
Баримт 21. Түүнийг Дарханы Хонгорчуудын хордсон талаар шуугиан дэгдээсэн хэмээн үздэг. Тэрбээр тухайн үед нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний хувьд Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Мэдээж Хонгор сум нэлээд анхаарал татсан асуудал болчихсон нь үнэн. Намайг очихоос өмнө Эрүүл мэндийн яамны эмч нар мөн манай Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэгийн эмч нар Хонгор сумын бүх иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн. Шинжилгээг зөвхөн Монголдоо биш Хятад, Солонгосын лабораторид хийсэн. Шинжилгээгээр цианит натри, мөнгөн усны хордлого илрээгүй. Хонгорын ард иргэдийн нэг хэсэг нь бид ямар нэг хоронд хордоогүй гэсэн бодолтой байхад нэг хэсэг нь цианит натри, мөнгөн усанд хордчихсон байхад эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж байна гэсэн бодолтой байна лээ. Үнэндээ бол Хонгор даяараа хордсон юм байхгүй шүү дээ. Хонгор сумын нийт 2400 иргэд хордсон юм шиг улс төржүүлээд байгаа нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар 5-6 хүнд хордлого илэрсэн. Тэд бол тухайн үйлдвэрт сүүлийн гурван жил ажилласан хүмүүс" хэмээн ярьжээ.
Баримт 22. Түүнийг АТГ-аас улсын гарьд П.Цэрэнпунцаг, Төмөрчулуун нарын хамт шалгаж байжээ. Учир нь түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа төрийн мөнгө завшсан хэргээр ийнхүү шалгасан байна.
Баримт 23. Тэрбээр БХЯ-ны сайд байхдаа бүх ажилчдын цалинг нэгэн нэр бүхий банкаар хүчээр авахуулах шийдвэр гаргаж, тус салбарт хэрэгжиж байгаа 10 орчим төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хувийн компани болох “Залуу Монгол” группын байранд түрээс төлж байрлахыг хүчээр тулган шаардаж байсан хэмээн бичигдэж байсан.
Баримт 24. М.Сономпил 2012 онд Эрчим хүчний сайдаар томилогдож байсан юм. Тэрбээр энэ салбарт чамгүй ажил, бүтээн байгуулалт хийсэн гэдэг.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)