Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргал “Зууны мэдээ” сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг чуулганаар баталж байгаа явцыг харахад УИХ дахь МАН-ын 30 орчим гишүүн чуулганы танхимын үүдэнд ирчихээд хуралдаа орохгүй “Монгол Улсын Их Хурал” гэсэн индэр дээрээс хэвлэлийн хурал хийгээд байна лээ. Хоёр зүйл их зохисгүй харагдсан. Тэд хуралдаа суух нь гишүүнийх нь үүрэг. Дэмжихгүй бол эсрэг саналаа өгч болно.
Баримт 2. “Сонгуулийн дараа 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадахгүй бол УИХ тарна” гэсэн хуулийн заалт бий. Тиймээс УИХ-ын гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж байгаа юм. Төрөө байгуулах гэж байж, бидэнтэй ярьсангүй, тохирсонгүй гэж хөндөлдөх утгагүй.
Баримт 3. Улс орны хувьд маш чухал хоёр асуудал эхэлж байхад хэсэг хүн биднээс хэдийг нь сайд болго, тэгэхгүй бол чуулганд орохгүй гэдэг байж таарахгүй.
Баримт 4. Чуулганы хуралдаанд О.Баасанхүү, Я.Санжмятав нарын гишүүд хэлж байх шиг байна лээ. “У.Хүрэлсүх ээ, та бид нарын дэмжлэгээр боллоо шүү. Гэхдээ бид засагт чинь орохгүй ээ, зүгээр хамтраад ажиллая, дэмжъе. Албан тушаал нэхээд байгаа хүмүүс гаднаа байж байг” гэж. Гэвч одоо хуралд ороогүй 28 гишүүн хэдэн хүнийг сайдаар оруулах байх.
Баримт 5. Ж.Мөнхбат нарын хүмүүс хэвлэлээр бичээд байгаа шиг үнэхээр Шадар сайд болох гээд байгаа бол У.Хүрэлсүх намынхаа эв нэгдлийг бодоод оруулаад ирэг. Нөгөө 47 “Уучлаарай, та Ерөнхий сайдаа сонгоход хурлаа тасалж, эсвэл бойкот хийчихээд ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гээд унагаачих хэрэгтэй. Тэгвэл аль аль талдаа амар шүү дээ.
Баримт 6. Үндсэн чиг үүргийн сайд нарын хувьд давхар дээлтэй байх нь зөв. Яагаад гэвэл, Ерөнхий сайд УИХ-ын гадна байгаа шүү дээ. Харин бусад сайдыг дан дээлтэй болгочих хэрэгтэй. Ингэвэл УИХ дахь горилогчид цөөрнө.
Баримт 7. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үгнээс анзаарч байхад өмнөх танхимд сайд байсан хүмүүсээс авахгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгосон. Уг нь салбарын сайдад мэргэжлийн хүн тавибал Ерөнхий сайдад өөрт нь л амар.
Баримт 8. Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялаа гэж байна. Сонгуулийн амлалтаар бусдын халаасанд орсон хүмүүс төрийн албан хаагчид гэж зуу гаруй мянган хүний асуудал тавьж байна. Төрийн үйлчилгээний алба, боловсрол гэсэн ангиллын дагуу л явах ёстой. Эмнэлгийн дарга, сургуулийн захирал нь цалингаа голвол эргээд багшаа хийнэ биз. Шаардлагаа ингэж тавихгүй бол хавтгайруулж замхруулж болохгүй.
Баримт 9. 60 тэрбумд орж сургуулийн захирал, эмнэлгийн дарга болсон хүмүүсийн цалинг нэмэх хэрэггүй. Зөвхөн 500 мянган төгрөгийн цалин авч байгаа жирийн багш нарыг л хамруулах ёстой.
Баримт 10. Хүүхдийн 20 мянга, багшийн цалин хоёр бол өнөөдөр өглөө, маргааш нь эргэлтэд ордог. Энэ эдийн засгийг эрүүлжүүлэх хамгийн сайн арга.
Баримт 11. Цалин нэмэхээр гардаг бас нэг асуудал хувийн хэвшил нэмэхээс аргагүй болдог. Ингэхээр инфляцийг хөөрөгддөг муу талтай. Тэгэхээр л дундаж хэсгийнхний цалинг л нэмэх шаардлагатай.
Баримт 12. Одоо эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллар бол буух эзэнтэй, буцах хаягтай, барьцаа хөрөнгөтэйгөө байгаа зээл.
Баримт 13. Манайхан өр тавьсан, хийсгэсэн гэж ярьдаг. Тэгвэл шинэ Ерөнхий сайд тэндээс ажлаа эхлэх ёстой. Засгийн ажил гайгүй яваад байгаа шүү, бас ч гэж өсөлттэй, экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн. Харин халаасанд байгаа мөнгөө зөв зүйлд зарах хэрэгтэй. Бусдын өмнөөс өр төлөх ёсгүй.
Баримт 14. Ардын намынхан “Олгой хагаравч тогоондоо” гэдэг зарчмаар явдаг нам шүү дээ. Манай Ардчилсан нам ч яахав, хэрэлдэж, зодолдоод сурчихсан улс.
Баримт 15. Бидний юм ил байдаг болохоор тоодоггүй. Юм нь далд байдаг хүмүүс нэг хагарахаараа сүртэй юм болдог бололтой. Хоёр талд гараад зогсчихсон улсын заримыг танихгүй юм байна лээ.
Баримт 16. “Хатанбаатар Магсаржав” кинон дээр Магсаржав Богд хаантай уулзаж бичиг авсан чинь “Энэ нэг сэлэм далайхаас өөрийг мэдэхгүй амьтан ямар хүний зараалаар ингэж явдаг байнаа” гэдэг шиг босогчдын эгнээнд зогсч байгаа зарим хүнийг сайд болох гэж байгаа юм болов уу, ямар хүний зараалаар ингэж яваа юм бол гэж бодогдож байна.
Баримт 17. Ер нь бол тэр хүмүүс сайд болгох гээд байгаа нөхдүүдээ оруулна л биз. Би тэгэх ч байх гэж харж байна. Харин Ерөнхий сайд өөрийг нь дэмжсэн 47 гишүүнд “Би та нарын дэмжлэгийг авсан. Сөрөг хүчнээ сайд болгочихоё. Та нар дэмжээрэй” гэвэл тэд нь дэмжээд, хамгийн сайн хяналттай Засгийн газар байгуулагдаж ч болзошгүй.
Баримт 18. Сая 65 гишүүн ямар ч хяналтгүй болсон учраас засаг нь унасан шүү дээ. Ард түмэн төр, засгийг ил тод бай, шударга бай л гэж байгаа. Түүнээс би турж үхэх гээд байна гэсэн зүйл тун бага.
Баримт 19. Анхан шатанд томилогдсон 60 тэрбумын улсууд нь бидэнд ирэх юмыг дундаас нь идээд, нүд нь улаан болж алга болчихоод байна гэж ард түмэн хэлээд байна. Түүнээс өнөөдөр юу юугүй 1990 оных шиг болчихсон юм алга. Эсвэл нөгөө хэсэгтэйгээ тангараг тасарчихвал бүр ч эвтэйхэн Засгийн газар болж магадгүй.
Баримт 20. У.Хүрэлсүх 31 гишүүн дээрээ Засгийн газраа байгуулчихна биз. Тэгвэл харин ч Их хурлаас айдаг, идэж уух нь арай бага, хүмүүжилтэй засаг бий болно. Болж өгвөл ихэнх сайдаа гаднаас томилох хэрэгтэй. тэгэхгүй бол УИХ-ын гишүүн сайд нь би огцорсон ч Их хурлын гишүүн, эсвэл эсрэг кноп дарна гээд хэцүү. Ер нь бол 31 гишүүн заавал биднээс сайд болго гэвэл, УИХ-д нэрийг нь оруулчихад 47 л шийднэ шүү дээ.
Баримт 21. МАН-ынхан сая буруу алхам хийлээ л дээ. Хуралд орохгүй биш ороод сөрөг ч гэсэн саналаа өгөх ёстой байсан. Бүгд хуралдаа орсон бол хэн нь ямар бодолтойг ялгахгүй. Тэгээгүй учраас 47 гишүүнийг багцалж ялгарал бий болголоо.
Баримт 22. Шинэ Ерөнхий сайд ч сөрөг хүчнээ тооцоолоод салбарын сайдад идэж уудаггүй хүн тавих талаар бодож байгаа байх.
Баримт 23. Дэд сайдыг бол одоо больчих хэрэгтэй. Ганц тогтоол гаргахад л болчих зүйл. Дэд сайд ямар хариуцлага хүлээх биш, үүрэггүй хүмүүс.
Баримт 24. Хэрэв ард түмний дэмжлэгийг авбал, тэр цалин хөлс нэмж, биднийг өөхөнд умбуулахаа болъё, зүгээр шударга ёсыг тогтооход л Монголын ард түмэн баярлана. Би шударга хөдөлмөрөөрөө амьдрах ёстой юм байна, би хахууль өгч төрд орж хулгай хийж болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгчихөд л ард түмэн талархана, Засгийн газар дэмжигдээд явна. Тэгэхгүй ханцуй доогуур ажиллаад эхэлбэл дахиад унана. Гэхдээ би энэ Засгийн газрыг урт настай байх болов уу гэж бодож байна.
Сэтгэгдэл (12)