УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувь нь дэмжсэнээр тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Надад итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон, миний нэрийг дэвшүүлсэн МАН-ын хамт олондоо талархаж байна.
Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байна. Ард түмэн ууртай байна. Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөсдөж байна.
Манай нийгэмд хууль дээдлэх ёс зарчим бүхэлдээ алдагдлаа. Би төр засаг байдаг, ард түмэн гэж байдгийг мэдрүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ингэж мэдэгдэхээс өмнө МАН болоод АН, МАХН-ын гишүүд, бие даагч С.Жавхлан түүнд хандаж хандаж үг хэлсэн. Ингээд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдөөр томилогдоход түүнд хандаж хэн, юу хэлэв гэдгийг “24 баримт”-аар хүргэж байна.
Баримт 1. О.Баасанхүү “Багш нарын цалинг нэмэх боломжтой гэж би харж байна. Миний тооцооллоор багш нарын цалинг сая болгох боломж байгааг танд хэлсэн. Түүнчлэн Ардчилсан намынхан дөрвөн яам нэмнэ гэдэг хачин юм яриад байна. Та үүнийг дэмжих юм уу. Сая 2018 оны төсвийг буцаан татлаа. Хуулиар бол аравдугаар сарын 1-нд төсөв өргөн барьдаг. Гэтэл яагаад төсвөө буцаан татсан бэ. Өнөөдөр 660 сая ам.долларын өр төлөх боломжгүй байна. Монголд яагаад ам.доллар байхгүй байна вэ. Мөнгөний бодлогоо буруу явуулсны хариуцлагыг хэн үүрэх вэ.
Баримт 2. Б.Бат-Эрдэнэ “Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа иргэд бухимдалтай байна. Сүүлийн 20 гаруй жил бид байгалийн баялгаа буруу бодлогоор явуулсан. Энэ асуудлыг нэг тийш болгомоор байна. Өнөөдөр 3000 гаруй лиценз тараагаад өгчихсөн. Цаана нь цахимаар өгч байх жишээтэй. Хамгийн гол нь уул уурхайг дагаж ирсэн энэ их мөнгө цөөн хэдэн гэр бүлийн өмч, хөрөнгө болоод байна.
Баримт 3. А.Сүхбат: “Нэгдүгээрт, нийтээрээ ёс зүйн ухамсраа уландаа гишгэж байна. Мэндлэх хүндлэх, эрэмбэ ёс дараа, байгаль орчинтойгоо харьцах харилцаа алдагдсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбар орхигдсон байна.
Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжийн асуудлын хэрхэн шийдэх вэ? Байгууламжаас гарч байгаа үнэр Хөшигийн хөндийд ч үнэртэж байна. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг заалтыг зөрчиж байна. Төв аймгийн олон хүн, амьтан тэр үнэрт нэрвэгдэж, хордож байна.
Гуравдугаарт, замын стандартыг шинээр батлахгүй бол худлаа болсон. АН-ынхан бонд босгож, зам барьсан. Гэтэл тэр нь жилийн настай. Өвөл агшдаг, зун тэлдэг.
Баримт 4. С.Эрдэнэ: “Оюутолгой” олборлолтоо монголд хянуулахгүй байна. Дур мэдэн авирладаг гадаадын компаниудыг цэгцэлж чадах уу? Ер нь ганц тулгуурт эдийн засгийн бодлогоо хадгалаад явах уу? Олон тулгуурт эдийн засгийн бодлого баримтлах уу? Хүүхдийн мөнгийг хэдэн оноос 100 хувь олгох вэ? Хүүхдийн мөнгө олгох боломж байна гэж би харж байна.
Баримт 5. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Дубайн гэрээ, Тавантолгойн төсөл, Эрдэнэтийн 49 хувь, Эгийн голын усан цахилгаан станцийн асуудлыг шинэ Засгйин газар хэрхэн шийдэх вэ? Давхар дээлтэй сайд томилох уу?
У.Хүрэлсүх “Оюутлогой, Дубайн гэрээг шалгана. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн бол бид олон улсын гэрээ конвенцын хүрээнд шийднэ. Тавантолгойн төслийг хөдөлгөх ёстой. Харин яаж вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ард түмэн Тавантолгойгоо өөрөө ашиглах ёстой гэж би үздэг. Эрдэнэтийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-аас тогтоол гаргасан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах ёстой. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-тай усны асуудлаар ярилцаж тохиролцох ёстой” гэв.
Баримт 6. С.Жавхлан: Шадар сайдаар ажиллаж байсан нөхдийг бодвол хэлсэн үгтэй, бүтээсэн ажилтай хүн гэж У.Хүрэлсүхийг дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд байгалийн гамшиг, нөхцөл байдалд өөрийн биеэр очиж ажиллаж байсан. Монгол морь уралдуулна гэдгийг би хувьдаа ч дэмжиж байсан. Засгийн газар танд өлзийтэй байх болтугай. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Монголчууд таныг анхааралтай ажиглаж байгаа шүү. Та сайн ажиллаарай.
Баримт 7. Х.Нямбаатар: Төв цэвэрлэх байгууламжийг барьж өгөөч. Сонгинохайрхан дүүрэгт хогийн цэг байдаг. Үүнийг шийдэхэд анхаарал хандуулаарай. Хот орчимд нүүрс угаах үйлдвэр байгуулаад, утааг бууруулах дорвитой ажил санаачлаач. түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийгээрэй.
Баримт 8. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Бид сандал суудлын асуудалд санаархаад байгаа юм биш. Эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөө яамдын тоог нэмэгдүүлэх санал гаргасан. Та УИХ-д суудалгүй учраас ерөнхий чиг үүргийн сайдаа парламентаас томилох нь зөв”.
Баримт 9. З.Нарантуяа “Эдийн засгийн өсөлт 500 тэрбумаар нэмэгдсэн байна. Тиймээс төмөр замын тээвэрлэлт, хил гаалийн нэвтрүүлэх чадвар болон бусад асуудалдаа анхаарал хандуулаарай. Ардчилсан намынхан дөрвөн суудал авахын тулд яам нэмэх гээд байгаа юм биш”.
Баримт 10. Ж.Ганбаатар “Хувийн хэвшлээ айлгахгүй, дарамтлахгүй Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Жижиг дунд үйлдвэр бол ажлын байр бий болгодог. Та энэ салбарын хүмүүсийн үгийг сайн сонсоорой” гэлээ.
Баримт 11: Я.Санжмятав: Хүрэлсүх сайдад захиж хэлэхэд өнөөдрийг хүртэл цөөнх гэдэг юм уу ард түмэн таны талд байсан байж болно. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс гээд олон асуудлууд тулсан учир таны талд байсан. Одоо Ерөнхий сайд болоод тамгаа авсны дараа энэ бүх зовлон таны ачаа болно шүү. Ялангуяа багш, эмч нарын цалингийн асуудал яригдаж байна. Болохгүй, чадахгүй, бүтэхгүй гэж ерөөсөө хэлж болохгүй. Аль болох алхам гаргаарай. Дараагийн сонгууль хүртэл 3 жилийн хугацаа байна хичээж, зүтгэж ажиллаарай. Эдийн засгийн асуудал хүнд байгаа ОУВС-тай Ж.Эрдэнэбатын засгийн газар хамтарч ажилласан шүү. Алдаа оноотой зүйл байж болно. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж яваад бүтээсэн зүйлийн цааш нь үргэлжлүүлэхэд онцгой анхаараарай. Хүүхдийн мөнгийг өгөөрэй. Та одоо бол цөөнх байгаа шүү. Ардчилсан намтай нийлж олонх болсон.
Баримт 12: С.Чинзориг “2016 оны УИХ-ын сонгуулиар иргэд МАН-д өндөр итгэл өгсөн. Харамсалтай нь нэг жилийн хугацаанд тэр өндөр итгэлийг тодорхой хэмжээгээр алдсаар ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн бол иргэдийн итгэл биднээс алсарсны дохио юм. Тиймээс иргэдийн итгэлийг эргүүлж олж авахын тулд Засгийн газартаа өөрчлөлт оруулж, шинэ баг бүрдүүлж ажиллах нь зүйтэй юм гэсэн ойлголттой байгаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд бодлогын алдаанууд гарсан гэж үздэг. Түүнийг засах зайлшгүй шаардлага бий”.
УИХ-ын чуулганаар түүний асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн 30 –аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Улмаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа Ө.Энхтүвшин тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн юм.
Баримт 13. Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна.
Баримт 14. Өнөөдөр У.Хүрэлсүх чуулган дээр амь насаа алдахаас айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд хүрэх гээд байгаа юм бэ.
Баримт 15. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна
Баримт 16. Бид Ерөнхий сайдын үгийг сонсоно. Засагт ямар сайдууд орох вэ гэдэг нь дараагийн асуудал. Эв нэгдлийг хангах талаар Ерөнхий сайд ажиллах ёстой. Үүнийг хийхгүй, ямар ч зүйл ярихгүй байна. Зарчмаа ярья”.
Баримт 17. Ж.Мөнхбат "МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийллээ.
Баримт 18. Амаргүй нөхцөл байдалд Ерөнхий сайд томилогдож байна. Багш нарын цалинг нэмэх, төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайд томилогдлоо.
Баримт 19. Ардчиллын түүхэнд Ерөнхий сайдын амь насанд халдах тохиолдолд гарч байгаагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар зүйлийг үндэслэж, амь насаа алдахаас айхгүй байна гэж хэлснийг мэдэхгүй байна”.
Баримт 20. Н.Номтойбаяр “Өнөөдөр Ерөнхий сайдыг томилсон чуулганаас харахад нэг зүйл маш тодорхой болсон нь УИХ-д сөрөг хүчин, цөөнх гэж байхгүй болжээ. Парламентын засаглалтай аль ч оронд сөрөг хүчин зайлшгүй байж, бурууг харж, шүүмжилж байдаг.
Баримт 21. Манай нам худлаа эв нэгдлийн баг зүүж өнөөдрийг хүрлээ. Яах аргагүй МАН-д үүсээд байгаа байдал нь удирдах, удирдуулах зарчмаа алдсан, намын дүрмээ ноцтой зөрчдөг болсон. Энэ алдааг давтаж болохгүй гэж залуу гишүүддээ хэлмээр байна.
Баримт 22. Зөвхөн эрх ашиг албан тушаалын хойноос хөөцөлдөж Засгийн газраа огцруулсан гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол улстөрийн тэмцлээ хийж ажиллана.
Түүнийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа Төрийн өндөрлөгүүд хүлээн авч уулзав.
Баримт 23. М.Энхболд “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв.
Баримт 24. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байна. Цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хамтран ажиллана” гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)