УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар дэмжигдсэн. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байн” хэмээн мэдэгдсэн. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох “24 ишлэл”-ийг хүргэж байна.
Ишлэл 1. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Ишлэл 2. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Ишлэл 3. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Ишлэл 4. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
Ишлэл 5. Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй.
Ишлэл 6. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна.
Ишлэл 7. Төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.
Ишлэл 8. Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа.
Ишлэл 9. Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.
Ишлэл 10. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.
Ишлэл 11. "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.
Ишлэл 12. Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.
Ишлэл 13. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө.
Ишлэл 14. Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
Ишлэл 15. Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи.
Ишлэл 16. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.
Ишлэл 17. Бид азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.
Ишлэл 18. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.
Ишлэл 19. Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Ишлэл 20. Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
Ишлэл 21. Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.
Ишлэл 22. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.
Ишлэл 23. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
Ишлэл 24. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)