УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.
Баримт 2. 2017 онд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна.
Баримт 3. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй.
Баримт 4. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна.
Баримт 5. ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.
Баримт 6. Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдалгүй, чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна.
Баримт 7. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг Засгийн газар түүний харьяа байгууллагууд чанд мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг чамлахааргүй хэмжээнд дэмжих боломж бий.
Баримт 8. “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг 2015 онд баталснаас хойш бодитоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг” хэрэгжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэхэд л дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно. Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
Баримт 9. Өнөөдөр бид жилдээ 10 орчим сая ширхэг хонины нэхий, үхрийн ширийг гадагш түүхийгээр нь гаргаж байна. Хэрэв бид боловсруулах үйлдвэр барих юм бол ширхэг арьс тутам нь 300 ам.доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээх салбар байгаа юм.
Баримт 10. Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой. Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ.
Баримт 11. Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна.
Баримт 12. Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ.
Баримт 13. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё.
Баримт 14. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина.
Баримт 15. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна.
Баримт 16. Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий.
Баримт 17. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ.
Баримт 18. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байна. Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.
Баримт 19. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.
Баримт 20. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна. Тэд олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна.
Баримт 21. Гэтэл нөгөө талд нь нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга.
Баримт 22. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрыг бид авлигатай тэмцэх гэж байгуулсан гэдгийг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье.
Баримт 23. Олон улсын Парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооноос Монголын хуулийн салбарт шударга ёс алдагдаж, эргэлзээтэй төлөв байдал үүсээд байгааг С.Зоригийн хэргийн явцтай танилцсаныхаа дараад Монголд ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид улс төрчийн аллагын хэрэг дээр Монголын хууль, шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандартад нийцэхгүй алдаатай шийдвэрүүд олонтаа гаргасан байна гэж мэдэгдэл хийсэн байна. Энэ өдөр мөн МоАХ-ны анхны тэргүүн С.Зоригийн амь үрэгдсэн эмгэнэлт өдөр. УИХ-ын гишүүд та бүхэн анхааралдаа авна биз ээ.
Баримт 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)