Жил бүрийн 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. эл өдрийг ч манай улс тэмдэглэж, олон арга хэмжээ , үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэ жил “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгвэл зүрхний тухай хүн бүрийн мэддэггүй, мэдвэл зохих 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Хүний зүрх нь 400 грамм хүрэхгүй жинтэй. Зүрхний дундаж жин нь 230-330 грамм орчим байдаг аж.
Баримт 2. Зүрхний хэмжээ нь хүний хүйс, биеийн ерөнхий хэмжээ, түүнчлэн генээс шалтгаалдаг, гэхдээ эрүүл хүний зүрхний хэмжээг түүний зангидсан нударганы дайтай хэмээн тодорхойлж болно.
Баримт 3. Зарим өвчин зүрхний хэмжээг томруулдаг, харин хоол тэжээлийн дутагдал нь зүрхний масс болон хэмжээг багасгаж болох талтай.
Баримт 4. Зүрх нь цээжний хөндийн голд байрладаг.
Баримт 5. Зүрхний хавьд эвгүй мэдрэмж төрөх юмуу хайр дурлалаа илэрхий үедээ олонхи хүн цээжний зүүн хэсэгт гараа тавьдаг зуршилтай байдаг. Үнэндээ бол, зүрх цээжний хөндийн яг дунд, хоёр уушигны хооронд байрладаг байна.
Баримт 6. Зүрх бол нарийн тохируулсан нэг ёсны машин гэж эрдэмтэд тодорхойлдог.
Баримт 7. Бидний зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг байнгын горимоор шахаж байдаг маш нарийн насос юм. Зүрх энэ цусыг биеэр шахаж, түүний эргэлтэд тус дэм үзүүлж, буцаагаад уушиг руу шахаж, энд дахин хүчилтөрөгчөөр баяждаг.
Баримт 8. Зүрхний булчингаар өнгөрдөг цахилгаан импульс нь зүрхний цохилтыг хянаж, хэзээ агшиж, цусыг цааш нь түлхэхийг булчинд мэдээлдэг байна.
Баримт 9. Зүрх нь дөрвөн таславчнаас бүрддэг. Зүрхний хэмжээ харьцангуй бага хэдий ч, хүний амьдралын туршид бүх биеэр цус шахах хангалттай хүчин чадалтай. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд зүрхэнд дөрвөн таславч байдаг бөгөөд эдгээр нь хамтдаа сайтар гар нийлсэн дөрвөл лугаа адил ажиллана. Багаахан хавхлагууд нь өөр өөр таславчийн хооронд цус гүйх чиглэлийг хянадаг.
Баримт 10. Эрүүл зүрх нэг минутад 60-аас 100 хүртэл агшдаг.
Баримт 11. Тайван байгаа нөхцөлд нэг минут дахь зүрхний цохилт юмуу агшилтын тоог тоолох нь зүрхний эрүүл мэндэд үнэлгээ өгөх нэг арга юм. Та бугуйны хэсэг дэх венийн судсан дээр эрхий хуруугаа тавиад, цагийн секундийн зүүний цохилтоор өөрөө судасны цохилтоо хэмжиж болно (нэг минутад хэд цохиж байна гэдгийг).
Баримт 12. Зүрхний хуурамч дохио нь зүрхний хэм алдагдаж байгааг харуулж болох юм. Зүрхээр дамжуулан цус шахах үйл ажиллагааг цахилгаан импульс хянадаг бөгөөд энэ импульсийг эмч хэмжиж чадна.
Баримт 13. Зүрхний цохилтын хэм нь эрүүл мэндийн нэг үзүүлэлт юм. Гэхдээ хэрвээ энэ импульс “тасалдаж цохивол”, зүрхний хэм алдагддаг. Заримдаа энэ нь түр зуурын шинжтэй байдаг ч, бусад тохиолдолд нухацтай эмчлүүлэхийг шаардсан хэм алдагдалт байж болно.
Баримт 14. Ургийн зүрх үр тогтсоноос хойш хэдхэн долоо хоногийн дараа цохилж эхэлдэг.
Баримт 15. Хүний хөгжлийн хөврөлийн шат – жирэмслэлтийн 5-аас 10 дахь долоо хоногт зүрх олон хүний сайтар мэдэх S-хэлбэртэй болдог. Харин эхний гурван сард зүрх цохилж, цус шахаж эхэлнэ.
Баримт 16. Зүрхэнд массаж хийх нь амь насыг аварч болно. Зүрх нь зогссон өвчтөнийг сэхээн амьдруулахад амаас ам руу амьсгалах заавал албагүй. Цээжний хөндийд гараар массаж хийх (зүрхэнд массаж хийх) нь эмч нарыг иртэл цусыг шахсаар байхад хангалттай хэмээн америкийн зүрх-судасны эмч нарын нийгэмлэг нотолж байна. Ямар ч хүн цээжний хөндийд зөв массаж хийж сурах нь маш чухал, юу гэвэл ингэх нь ойр дотнын хүмүүсээ аврахад туслана.
Баримт 17. Статистикийн мэдээгээр, зүрхний таван шигдээс тутмын дөрөв нь гэр оронд болдог байна.
Баримт 18. Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байсаар байна. Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна.
Баримт 19. Хамгийн өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэй гэх АНУ-д 40 секунд тутамд 1 хүн тархины харвалт болж, 4 минут тутамд 1 хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд 1 хүн зүрхний шигдээс болж, 1 минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна.
Баримт 20. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өснө гэсэн тооцоотой байна.
Баримт 21. Манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна.
Баримт 22. “Өдөр тутмын амьдралдаа цөөхөн энгийн үйлдэлдээ жаахан л өөрчлөлтийг хийхэд та энэ айхтар эмгэгээс сэргийлж чадна. Эхлээд та өөрийн эрсдэлт хүчин зүйлээ мэд. Ингэснээр та ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээ тоол, дараа нь эмч дээрээ очоод энгийн хэдэн үзлэг хийлгэ. Мэдлэг бол хүч гэдгийг та санаарай. Та өөрийн эрч хүчээ хуваан энэ талаар бусдад хэлж, ойлгуулж чадвал өөрийгөө болон гэр бүлээ бусдыг та өөрчилж чадна. Та эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайрла” хэмээн дэлхийн өдөр уриалж байна.
Баримт 23. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.
Баримт 24. Цусны даралт ихсэлт насжилттай холбоотой ч засаж болох эрсдэлт хүчин зүйл юм. Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулж боломж бүрдүүлнэ.
24tsag.mn