Монгол улсын их хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хийсэн онцлох 24 ажлыг танилцуулж байна.
1. Хууль бус анг таслан зогсоох, нөөцийн ашиглалтыг хариуцлагатай болгох үүднээс агнуурын бүс нутгууд байгуулан, зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах бодлогын арга хэжмээг авав. Энэ хүрээнд тарвага агнахыг 3 жилээр хориглосон шийдвэрийг гаргав.
2. Гал түймрээс сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилттай үед бугын ясан эврийг ойгоос түүж бэлтгэхийг хориглосон.
3. 2017 оноос эхлэн ашигт чанар бүхий амьтнаас аргаль хонь, янгир ямааны тоо толгой, ашиглах нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд явуулах ажлыг эхлүүлэв.
4. Хуульд нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглосон байдаг. Иймд яамны зүгээс нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг дэмжихгүй, харин тарималжуулан гадаадад гаргах бодлогыг дэмжих бодлого баримталсан. Энэ хүрээнд дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортлохыг хориглох шийдвэрийг гаргасан.
5. Алтайн барагшуны тархац нөөц багасаж байгаатай холбоотойгоор түүнийг гадаадад гаргах зориулалтаар түүж бэлтгэх, түүж бэлтгэсэн барагшуныг гадаадад гаргахыг 2016 оны 04 дүгээр сараас түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.
6. Өмнөх сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутагт олгосон зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудлууд их байсан. Хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас эхлээд боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Жишээлбэл, Соёмботой уулыг ухаж байсан компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцал цуцалж, ухсан газраа нөхөн сэргээх ёстой гэдэг шийдвэрийг хүргүүлж, зөвшөөрлүүлсэн.
7. БОАЖЯ-ны зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих бодлогыг баримталж байгаа. Тэр ч утгаараа аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байгаа. 2012 оноос хойш 10 гаруй хувиар буурч байсан гадаадын жуулчдын тоо 2017 оны эхний хагас жилийн байдлаар 182 мянгад хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 32,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
8. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Говийн бүсүүдэд бүсчлэн хөгжүүлэхээр заасны дагуу холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн ажил эхэлсэн. Үүнд архитектурын 12 баг хамтран оролцож байгаа.
9. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран хатуу тэмцэл өрнүүлсээр байгаа. Ялангуяа, Архангайн Цэнхэр суманд Орхон голын эхэн дээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоосны үр дүнд одоо Орхон голын урсгал хэвийн байдалд орсон байна.
10. Богдхан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 4000-5000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Иймээс Зайсангийн аяллын чиглэлд 1.2 га газарт нийт 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөж, засгийн газраас газар чөлөөлөх шийдвэр гаргуулсан.
11. БОАЖЯам нь НҮБ-ын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна.
12. Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай 15 машин, бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангасан. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжихэд Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр 3 төрлийн технологитой ариун цэврийн байгууламжуудыг 50 байршилд барьж мөдхөн ашиглалтад оруулна. Хог хаягдлын менежментийн иргэдийн бүлгийг дэмжиж 2 жилийн турш хог хаягдал, нийтийн бие засах газрын менежментийг 8 бүлэг хариуцан ажиллаж байгаа аж.
13. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Туулын бургасыг их хэмжээгээр сүйтгэсэн “Зүүн баян рефайнери” компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан учир газар ашиглах эрхийг нь мөн цуцалсан. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 4 нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримт дутуу байсныг илрүүлж, “Рич Мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрхээс гадна Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-д шалгалт хийж, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна.
14. Таван аймгийн 10 гаруй сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг хамруулан шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөрчлийг таслан зогсоосон.
15. Одоогийн байдлаар БОАЖЯ гадаад санхүүжилттэй 32 төсөл хөтөлбөрийг 16 аймагт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийт санхүүжилт нь 128 сая орчим ам. доллар болж байгаа бөгөөд зөвхөн 2017 он гэхэд бид 26 сая долларын санхүүжилттэй 5 төсөл эхлүүлсэн.
16. Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” олон улсын аянд нэгдэж буй анхны улс болов. Мөн агаарын бохирдлыг бууруулах олон улсын уулзалтыг энэ онд багтаан НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон. Эдгээр хамтын ажиллагаа нь санхүүжилт татахад чухал ач холбогдолтой юм.
17. БОАЖЯ Монголын банкуудын холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хийж, нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг дэмжих зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Үүнд бид Дэлхийн уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт авч байгаа юм.
18. Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд 350 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх, Улаанбаатарын усыг хэмнэх ажлыг эхлүүлэхээр болоод байв. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулснаас үүдэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгараад байсан Хятадын компанийн гэрээ цуцлагдаж, дээрх төсөл гацахад хүрээд байна. Тэгвэл энэ асуудлаар хэдхэн хоногийн өмнө Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслөө үр дүнтэй болгохын тулд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийг шийдэх санал тавьсан.
19. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн оров.
20. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц, байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа яндангууд, нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг нэн яаралтай ажлуудаас гадна орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг аажмаар сааруулах, байгаль орчны хуулийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогцоор нь гүйцэтгэх арга хэмжээнүүдийг ч тусгасан. Ингэж чадвал 2025 он гэхэд бид агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах тооцоотой байгаа.
21. “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгов.
22. Хог хаягдлын хуулийг шинэчилэн найруулж батлуулав. Уг хууль нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой сайн уяж, олон улсад тавьдаг стандарт шаардлагад нийцүүлсэн сайн хууль болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг.
23, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих ТЭЗҮ хийж, төслийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулаад байна. Яам уг байгууламжийг байгуулах 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ.
24, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж дуусч байна. Эдгээр хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл (21)