УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны хурал дээр У.Хүрэлсүх байр сууриа товч илэрхийлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг "24 ишлэл" болгон хүргэж байна.
Ишлэл 1. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй.
Ишлэл 2. Төрийн албан хаагчдаар оролдохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллана
Ишлэл 3. Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээль хахууль өгч орсон, төрийн албыг хийдүүлдэг нөхдүүдийг толгойг илэхгүй.
Ишлэл 4. Надад сэтгэлтэй, зүтгэлтэй төрийн албан хаагчид хэрэгтэй байна. Монголын төлөө зүтгэж чадах, сэтгэлтэй, зүтгэлтэй сайд нар хэрэгтэй байна
Ишлэл 5. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Тодорхой ажил хийсэн, өөрчилсөн Ерөнхий сайд байхыг хүсч байна
Ишлэл 6. Надад ямар нэгэн айдас алга.
Ишлэл 7. Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй. Битгий шахаж шаардаарай.
Ишлэл 8. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй.
Ишлэл 9. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй.
Ишлэл 10. Би ганцхан зарчмыг баримтлаж ажиллана. Ард түмэнд бодит үнэнг хэлнэ. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж чадна.
Ишлэл 11. Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх явдал. Цаашдаа ч үнэнийг хэлж хуулийн хүрээнд ажиллана.
Ишлэл 12. Давхар дээлийн асуудлын талаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулинд тодорхой заалт бий. Энэ хуулийн хүрээнд цааш нь хэрэгжүүлэнэ.
Ишлэл 13. Надад ажил хийж чадах, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Мэдээж УИХ-ын гишүүн сайд болно. Үүнийг би нуухгүй.
Ишлэл 14. Төрийн хуулийг завхруулахгүй, төрийн хуулийн дээгүүр давж алхахгүй байх учиртай. Энэ бол Ерөнхий сайдын барьж ажиллах хамгийн чухал зарчим.
Ишлэл 15. Гадаад бонд гаргаж дээрхи өрийн асуудлыг цэгцлэнэ. Үүнээс өөр арга ч байхгүй. ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжилж явах нь чухал гэж үзэж байгаа.
Ишлэл 16. МУ-ын Засгийн газрын дотоод болон гадаад өрийн хэмжээ 24 их наяд төгрөгийн хэмжээнд хүрсэн байна. Он гарангуут нийтдээ 661 сая орчим өрийн ам долларыг төлнө. Шийдвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
Ишлэл 17. Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэх төсвийн төсөл орж ирж байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн явуулъя гэсэн бодолтой байна
Ишлэл 18. Уул уурхайд түшиглэхээс илүү хөдөө аж ахуйн салбарт түшиглэж ажиллана гэж бодож байна.
Ишлэл 19. Байгалийн баялгийг ард түмэндээ хүртээмжтэй зөв хуваарилалтыг хийж, уул уурхайн салбарыг цаашид зөв хөгжүүлэх ёстой.
Ишлэл 20. Уул Уурхайн салбар дээрээ түшиглэж амьдрахын зэрэгцээ хос эдийн засагтай байх ёстой. Энэ эдийн засгийг мал аж ахуй, газар тариалан гэж харж байгаа. Монгол бол хүнсний орон байх бүрэн боломжтой. Бидэнд хоёр том зах зээл байна.
Ишлэл 21. 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан тул би хариулт хэлэх зохимжгүй.
Ишлэл 22. Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана.
Ишлэл 23. Авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ.
Ишлэл 24. Монгол Улсыг муухай харагдуулж, бидний амьдрал гэрэл гэгээтэй байхад хамгийн их саад болж байгаа зүйл бол энэ авлига хээл хахууль юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (50)