НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, нийт 38 гишүүний 81,82 хувь нь түүнийг ажлаас чөлөөлөхийг дэмжсэн билээ. Хуралдааны үеэр “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хуралдааныг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан хэсгүүдийг “24 ишлэл” болгон хүргэж байна.
Ишлэл 1. 2012 оны Иргэдийн Хурлыг сонгох сонгуульд ялагдал хүлээж гишүүд дэмжигчид намын ажлаас дайжиж, хөрөнгө санхүү бага, үйл ажиллагаа явуулах өөрийн байргүй нийслэлийн МАН-ыг удирдах даалгаврыг миний бие хүлээн авч журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэж, иргэдийн итгэлийг сэргээн, сонгогчдын дэмжлэгийг авахын төлөө хүчин чармайлт гаргасны дүнд 2016 оны УИХ-ын, нийслэлийн болон орон нутгийн Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан эрх баригч хүчин болж, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Ишлэл 2. Жил гурван сар нь их хугацаа мэт боловч, хотын хөгжлийн төлөө, 1.3 сая иргэний эрх ашгийн төлөө томоохон бодлого, бүтээн байгуулалт, зорилтыг хэрэгжүүлэхэд дэндүү богино хугацаа.
Ишлэл 3. Улс төрийн сонгуульд нэг баг болж, ялалтын төлөө гар гараа барин алхсан журмын нөхдийн зүгээс эрх мэдэлд шунахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор гүтгэлэг, дайралтыг удаа дараа зохион байгуулалттайгаар хийлээ.
Ишлэл 4. Нэр төрд минь халдаж, итгэл сэтгэл рүү минь ус цацах явдал бишгүй л гарлаа.
Ишлэл 5. 27 жилийн өмнө Монгол Улс ардчиллын замыг сонгохдоо хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ тунхаглаж, хэн нэгнийг шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй байхад нэр төрд нь халдахгүй байхыг тунхаглан зарласан. Гэтэл НИТХ-ын нэр бүхий 16 гишүүн нь НИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардсан.
Ишлэл 6. Төлөөлөгчдийнхөө шаардлагыг хүндэтгэн үзсэний зэрэгцээ, олон нийтийн түвшинд үүссэн эргэлзээг нэг талд нь болгох үүднээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ би гаргасан юм.
Ишлэл 7. Төлөөлөгчдийн шаардлагад дурьдсан хариуцлага хүлээх үндэслэл болоод буй “60 тэрбумын” гэх асуудлаар миний бие хууль, хяналт, Авилгатай тэмцэх газарт 10 гаруй удаа очиж мэдүүлэг өгсөн.
Ишлэл 8. 2016 оноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд цагдаа, хуулийн байгууллагад гурван удаа шалгагдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болсон.
Ишлэл 9. Хан -Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр гэм буруугүй гэдгийг тогтоосон. Нийслэлийн прокурорын газраас дахин хянаад уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж, энэ тухай олон нийтэд мэдээлсэн.
Ишлэл 10. НИТХ-ын дарга хуулиараа хэнийг ч албан тушаалд томилдоггүй, чөлөөлдөггүй.
Ишлэл 11. Нийслэлийн иргэдийн хурлын дарга миний бие төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн биш.
Ишлэл 12. Хуулийг мэдсээр байж, мэдэн будилж, улс төржүүлж болохгүй.
Ишлэл 13. Хариуцлагаар халхавч хийж, муу муухай бүхнээ хэн нэг рүү чихэж, өөрсдөө уснаас хуурай гарах арга саам сүвэгчилж, улс, хотод бий болсон эерэг үйл явцыг үгүйсгэн харлуулахыг санаархагчид манай нам, төлөөлөгчдийн дотор тодрон гарч иржээ.
Ишлэл 14. Зүтгэсэн нь буруудаж, аахигласан нь зөвтөж, тэд буруутан хайх ажиллагааг манлайлж байгаа нь хачирхалтай.
Ишлэл 15. Багаар нүүрээ халхавчлагчид шудрага иргэний дүрд хувирч, улиг болсон мэдээллээр бамбай хийж, тэр ч бүү хэл улс төрийн өөр хүчин, тэдний төлөөлөлтэй сүлбэлдэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр үгэн дайн өдөөж байна.
Ишлэл 16. Хүнд итгэх итгэл, мөс чанар, жудаг үгүй болж байна.
Ишлэл 17. Зохисгүй үйлдлийн жишээг хурлын төлөөлөгчид үзүүлж, өөрсдийн тарыг олон нийтэд таниулж буй нь тун харамсалтай санагдаж байна.
Ишлэл 18. Нэр бүхий төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд эрх мэдэл, албан тушаалын төлөө ажилласаар ирсэн нь нууц биш.
Ишлэл 19. Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн долоон дүүрэгт ялагдал хүлээснээр манай намаас нэр дэвшигч энэхүү сонгуульд ялагдахад нөлөөлжээ гэж үзэн улс төрийн хариуцлагыг Нийслэлийн МАН, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг удирдаж байгаа хүний хувьд би хүлээх нь зүйд нийцнэ.
Ишлэл 20. Би УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийн ялалтын буухиагаа хамтран зүтгэсэн журмын нөхөддөө хүлээлгэн өгөх зорилгоор албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдаанд гаргаж байна.
Ишлэл 21. Надад итгэл даах чадвар, тэвчээр бий.
Ишлэл 22. Эр хүний замын хүзүү урт. Эрх мэдэл миний хүсэл шунал биш ээ.
Ишлэл 23. Эргэж уулзах нүүр, учрах цаг хугацаа гэж бий.
Ишлэл 24. НИТХ, төлөөлөгч Та бүхэн Улаанбаатар хотынхоо эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийг чадавхижуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэн, аж ахуйн нэгжээ дэмжихэд онцгой анхаарал хандуулахыг уриалж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (56)