МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар УИХ-д албан бичиг хүргүүлээд байсан. Тэгвэл цг асуудлыг өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 57,5 хувийн саналаар Мэргэжлийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. Харин санал хураалт явагдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгнээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Ишлэл 1. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л хэвийн үзэгдэл боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог.
Ишлэл 2. Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ.
Ишлэл 3. Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа.
Ишлэл 4. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн, УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна.
Ишлэл 5. Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч, манай танхимыг санаснаасаа илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад гурвын зэрэг үйл явдал цаг хугацааны болоод бусад хүчин зүйлээр бэрхшээл үүсгэж байсныг нуулгүй хэлэх ёстой гэж бодож байна. Нэгд, засгийн эрх авсны дараахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал, хоёрт орон нутгийн сонгууль, гуравт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.
Ишлэл 6. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялж, төсөөлж байснаасаа ч хүнд эдийн засаг хүлээж авсан. Харин өнөөдөр тодорхой үр дүн гарч, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бид бүгдээрээ сайн мэднэ.
Ишлэл 7. Манай Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай болсон байлаа. Өнөөдөр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 5.3 хувьтай байгаа.
Ишлэл 8. Манай Засгийн газрыг эрчтэй, санаснаараа ажиллахад улс төрийн талаасаа бэрхшээл үүсгэж байсан нөгөө хоёр хүчин зүйл нь 2017 оны орон нутгийн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм.
Ишлэл 9. Аливаа сонгууль бол улс төрийн намуудын асуудал. Би хувьдаа төрийн ажлыг Төрийн ордондоо, намын асуудлыг намын байрандаа ярих ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг учраас энэ тухай нам дээрээ дэлгэрэнгүй ярих бололцоо гарна гэдэгт итгэж байна.
Ишлэл 10. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн нэгэн цикль дуусч, ард түмэн сонголтоо хийлээ. Одоо бидэнд сонгуульдаж улстөржихгүй, намаараа талцахгүйгээр зөвхөн ажил хийх бодитой хоёр жилийн л хугацаа үлдлээ.
Ишлэл 11. Бид том төслүүдээ Монгол Улсад, монголчууддаа алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн. Хөдөлгөсөн нэр зүүхийн тулд яарч сандран Монголдоо, нийт монголчууддаа ашиггүйгээр хөдөлгөснөөс алдаа гаргахгүйгээр хүлээж суусан нь хавьгүй дээр гэж Ерөнхий сайд миний бие бодсон.
Ишлэл 12. Нийт Монголын ард түмний баялгийг нэг бүлэглэлийн эрх ашигт тааруулан, эсвэл нэг удаагийн сонгуулийн PR-аа бодож баялгийн эздэд нь ашиггүйгээр шийдэх эрх надад байгаагүй, цаашид ч байх ёсгүй. Харин одоо бол гадаад, дотоод аль аль талдаа боломж, бас тохиромжтой цаг үе нь бүрдлээ.
Ишлэл 13. Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил биднийг хүлээж байна.
Ишлэл 14. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гурван үндэслэлийн нэг нь эдийн засгийн асуудал, нөгөө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага, гурав дахь нь Концессын гэрээний тухай дурджээ.
Ишлэл 15. Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан долоон концессын асуудал манай Засгийн газартай нэр холбогдсон нь үнэн. Хэрвээ концессын эдгээр төсөл дээр Шинээр гэрээ байгуулсан, Гэрээний хуучин дүнг нэмэгдүүлсэн, Улсын төсвөөс төлбөр нөхөн төлөх хугацааг наашлуулсан, Өмнө нь байсан концесс эзэмшигчийг хууль бус шалтгаанаар сольсон, Улсын төсвөөс нэг төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байвал бид хариуцлага хүлээж, сайн дураараа огцроход бэлэн байна.
Ишлэл 16. Бидэнд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол Улсын ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл манай Засгийн газарт байхгүйг би хариуцлагатай хэлье. Иймд Ерөнхий сайдыг огцруулах гурван шалтгааныг миний бие болоод манай танхим Засгийн газрыг огцруулах хэмжээний хуулийн бодитой үндэслэл гэж үзэхгүй байгаа болно.
Ишлэл 17. Бид энд өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус нь хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр сууринаас л асуудалд хандаж байгаа.
Ишлэл 18. Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс дахин хариуцлагатай хэлэх байна.
Ишлэл 19. 60 тэрбумын тухайд энэ талаар надад хэвлэлээр яваад байгаа бичлэгээс өөр мэдээлэл байхгүй ээ. Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Би нэг ч хүнээс мөнгө авч томилгоо хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар удаа дараа мэдэгдэж байгаа.
Ишлэл 20. Өнөөдрийн нийгэмд, иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнх нь улстөрчид бидний эрх ашгийн буруу эрэмбэ, утгагүй улстөржилтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаанаас сургамж авах цаг болжээ.
Ишлэл 21. Явцуу эрх мэдлээр явуургүй улстөр хийж улсаа хохироодог богино зайн улстөрд цэг хатгах болсон байна.
Ишлэл 22. Бид АН-ын алдааг давтахгүй, засгаа огцруулж төрийг тогтворгүй болгодог буруу жишгийг үргэлжлүүлэхгүй гэж амлаж УИХ-д сонгогдсон. Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна.
Ишлэл 23. Нийтлэг эрх ашгийн үүднээс харвал хэрвээ Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсад ашиггүй л юм бол МАН-д ч, АН-д ч ашиггүй л байх ёстой. Бид өнөөдрийн улстөрийн ашиггүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай.
Ишлэл 24. Өнөөдөр бид 65-уулаа буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай. Хэрвээ барьсан байшингаа улс төрийн явцуу сонирхол, хувийн эрх ашигтаа хөтлөгдөн өөрсдөө нураах гэж байгаа бол миний бие ямагт Монгол Улс, монголчуудынхаа эрх ашгийг бодож үнэний төлөө бат зогсох болно гэдгээ илэрхийлье.
24tsag.mn
Сэтгэгдэл (25)