Дуулиант "60 тэрбум"-ын хэрэгт хуулийн байгууллагынхан хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа билээ. Нэг ёсондоо энэ хэргээр хуулийнхнийг шалгаж байгаа гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Учир нь хэзээнээс хуулийн байгууллагыг улс төрийнхөнд үйлчилсээр ирсэн хэмээн хардаж ирсэн. Ингэж хардах нь цаанаа үндэслэлтэй. Нэг хэргийн талаар хоёр, гурав бүр түүнээс ч илүү өөр, өөр байр суурь илэрхийлдэг нь энгийн үзэгдэл мэт болсон тул ард түмэн шалгаж байгаа юм. Харамсалтай нь энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар хамгийн түрүүнд унасан. Өнгөрсөн жил "60 тэрбум"-ын гэх хэргийн гол баримт болох дуу бичлэгийг эвлүүлэг хэмээн зарласнаас болж, өнөө улс төрийн нэгэн намд үймээн үүсч, Засгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Хэргийн эздүүд нь эвлүүлэг биш хэмээн мэдэгдчихээд байхад нийслэлийн Прокурор нь эвлүүлэг хэмээн зарлаж байгаа дүр төрх монголоос өөр улс оронд хаа ч байхгүй бизээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа мэдээлэл өгчээ. Ингээд тэрбээр МАН-ын "60 тэрбум"-ын талаар юу хэлснийг 24 баримт болгон хүргэж байна.
Баримт 1. Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн.
Баримт 2. Хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
Баримт 3. 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн.
Баримт 4. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Баримт 5. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.
Баримт 6. Хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан.
Баримт 7. 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан.
Баримт 8. МАН-аас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.
Баримт 9. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан.
Баримт 10. 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Баримт 11. Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Баримт 12. Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.
Баримт 13. Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.
Баримт 14. Сүүлд шинээр гарсан зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй.
Баримт 15. Дээрх бичлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан. Учир нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон.
Баримт 16. Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон.
Баримт 17. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Баримт 18. Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын "Нью Йорк” хот дахь "Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний "Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.
Баримт 19. А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, "60 тэрбум” төгрөг босгох тухай уулзалт, ярианд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэж мэдэгдсэн.
Баримт 20. Уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй.
Баримт 21. А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан байсан гэдэг нь тогтоогдоогүй.
Баримт 22. Энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Баримт 23. Прокуророос “60 тэрбум”-ын гэх хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
Баримт 24: “Шүүх шинжилгээний эхний дүн Ц.Сандуйгийн хоолой мөн гэж гарсан. Хоёр дахь хариу нь эвлүүлэг байна гэсэн. Яг 90 минутыг бичлэгт бүтнээр нь хоолой таниулах шинжилгээ хийгдээгүй. Бичлэгүүд дээр гэрч Г.Доржзодовын хоолой байгаа. Сүүлд гарч ирж буй бичлэгүүдэд н.Анхбаяр гэх хүний хоолой гардаг. Дэлгэц дээр танилцуулга хийж байгаагаар яриа нь сонсогдоно. Тэр хүнийн ямар хүн бэ гэдгийг хуулийнхан л тогтоох ёстой. Эрх нь тэдэнд бий. Даанч хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаг хугацаа их алдаж байна” хэмээн энэ хэргийн гэрч Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдэгдсэн.
Сэтгэгдэл (37)