Өнгөрсөн жил Панамын баримтууд дэлгэгдэж оффшор данстай монгол иргэдийн мэдээлэл олны анхаарлыг татсан. Гэсэн ч манай улсад үүнийг зохицуулах хууль байгаагүйгээс дуулиан намжиж байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан оффшор данстай төрийн өндөр албан тушаалтангуудад 49 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд үнэнээ илчлэхийг уриалсан. Энэхүү хугацаа 8 хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өдөр дуусах юм. Харин одоогоор хэн ч оффшор дансныхаа талаар өчигөө өгөөгүй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг энэ оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсаралтад оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байдаг. Тэгвэл оффшор данстай холбоотой хэн хэн мэдээлэгдсэнийг 24 баримтаар эргэн сануулж байна.
Баримт 1. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзаж, төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгдэв.
Баримт 2. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэдгийг мэдэгдсэн.
Баримт 3. Харин энэ оны гуравдугаар сард УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар Д.Пүрэвдорж “Бид оффшор бүс дэх хадгаламжийн болон дансны мэдээллийг олон улсын хууль дүрэм, тогтоомжийн дагуу авах, түүнчлэн хэрвээ тэнд байршиж байгаа хөрөнгө нь хууль бус байх юм бол хэрхэн зохицуулах талаар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх зорилгоор тогтоолын төсөл өргөн барьж байгаа” гэжээ.
Баримт 4. “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ураг төрлийн холбоотой буюу ашиг сонирхол нэгтэй хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын хүмүүсийг нэрлэжээ.
Баримт 5. Учир нь Ч.Ганзориг 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсан Т.Очирхүү нар нэрлэгджээ.
Баримт 6. 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн байна.
Баримт 7. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах бөгөөд нэг оффшор данстай.
Баримт 8. Тэднийг “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй хууль бус орлого хэмээн тайлбарлажээ.
Баримт 9. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан Ч.Батзориг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах. Оффшорт долоон данстай бөгөөд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 сая ам.доллартай холбогдож магадгүй гэжээ.
Баримт 10. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрбээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй аж. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.
Баримт 11. 1999-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх оффшорт нэг данстай.
Баримт 12. “НИК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
Баримт 13. “НИК”, “Петровис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
Баримт 14. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд оффшорт дөрвөн данстай. С.Баярын том охин Б.Нандин болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Дээрх бүгд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
Баримт 15. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг.
Баримт 16. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.
Баримт 17. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
Баримт 19. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бус газрын наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хавсаралтад тусгажээ.
Баримт 20. Зарим төрийн бус байгууллагын мэдээллээр нийтдээ 15 орчим тэрбум ам.долларын хадгаламж оффшор бүсэд байна гэдэг.
Баримт 21. Тэгвэл оффшорын хууль хэлэлцэгдэж байх үед АТГ-ын дарга Х.Энхжаргал энэ талаар юу онцолж байсныг хүргэж байна. Тэрбээр "Оффшор бүсэд байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй. 17 тэрбум ам.доллар байгаа эсэхийг батлах боломжгүй. Оффшор бүсээс мэдээлэл авах боломж байдаггүй" гэдгийг хэлсэн.
Баримт 22. Мөн тэрбээр "Эрхзүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг энэ зохих улсуудтай хийх ёстой. Хуулийн байгууллагуудыг ажиллах боломжоор хангах ёстой. Зардал гаргаад өгвөл бид яваад баримт авчраад ирэх боломжтой. ОХУ-ын тухайд төрийн бодлого нь хүчтэй улсуудын ажил яваад байна. Төр нь өөрөө хүчтэй учраас тэдний хүсэлтийг шууд хангаж өгөөд байна. Бид бол зөвхөн авая гэсэн гуйлттай. Гуйлтын шинжтэй болохоор амжилт муутай ажиллаж байна" гэж хариуллаа.
Баримт 23. АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж тогтоогдоод байна. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байна. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг.
Баримт 24. “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн" хэмээж байв.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)