“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин нотоллоо. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Д.Сумъяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Доржсүрэнгийн Сумъяа 1991 оны 3-р сарын 11-ний даваа гаригт Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ.
Баримт 2. Түүнийг төрсөн гаригийнх нь нэрээр Сумъяа хэмээн нэрлэсэн байна. Утгыг нь хөөвөл Саран лугаа гэсэн үг аж.
Баримт 3. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийн аварга боллоо.
Баримт 4. Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд мөнгөн медалийн эзэн болж, 25 дахь медальтан тамирчин болж байв. Харин энэ удаа дэлхийн аварга болж, Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга боллоо.
Баримт 5. Д.Сумъяа таван дүүтэй бөгөөд тэдний дөрөв нь эрэгтэй. Дүү нартайгаа тоглож, ноцолдож өссөн учраас түүнд бөх болох хүсэл бүр эртнээс төрсөн гэдэг.
Баримт 6. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг нэгэн байжээ.
Баримт 7. Бөхөд хайртай аав нь түүнийг дагуулж, “Монгол охид” клубт оруулж анх жүдо бөхийн ертөнцөд хөл тавиулж байв.
Баримт 8. Д.Сумъяад самбо, жүдогийн “А” үсгийг н.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нар зааж өгч байсан байна.
Баримт 9. Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д эх орныхоо нэрийг мандуулж явсан Х.Эрдэнэт-Одыг зодог тайлсны дараа түүний халааг Д.Сумъяаг залгамжилна хэмээн олон хүн итгэж байсан. Тиймээс ч Х.Эрдэнэт-Од багш түүнийг сүүлийн 10 жил тасралтгүй дасгалжуулж байгаа юм.
Баримт 10. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.
Баримт 11. Д.Сумъяа 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа гаргаж байв.
Баримт 12. Жиндээ биеэр жижигдэггүй Д.Сумъяа бяраар хэнээс ч дутахгүй гэдгийг багш нар нь хэлдэг. Манай бөхчүүд хэвтээ барилдаанд тааруу хэмээн шүүмжлүүлэх нь олон. Тэгвэл Д.Сумъяа хэвтээгээс тун сайн барилддаг. 2012 оны УАШТ-д түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан нь үүнийг нотлоно.
Баримт 13. Д.Сумъяа 2013 онд Мастерс тэмцээнд зодоглож, Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмж байв.
Баримт 14. Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан бөгөөд олимпийн жилийн улсын аваргад мөн л түүнийг барах жүдоч гараагүй.
Баримт 15. Самбо бөхийн 2012-2014 оны ДАШТ-д хэнд ч ялагдаагүй босоо аварга бол Д.Сумъяа. Тэрбээр 2012 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлэхдээ шилдэг хүчтэнүүдийг сөхрүүлсээр финалд Болгарийн Калина Стефановаг өвдөг шороодуулан алтан медаль хүртсэн юм.
Баримт 16. Харин дараа жил нь мөн л Болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болжээ. 2014 онд Японы Нарита хотод болсон самбо бөхийн ДАШТ-д манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхиж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэн юм.
Баримт 17. Д.Сумъяагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан.
Баримт 18. Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд Д.Сумъяа хоёр удаа түрүүлсэн нь түүнийг ямар хэмжээний бөх гэдгийг бэлхэн тодорхойлно.
Баримт 19. Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.
Баримт 20. Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.
Баримт 21. "Infostrada" цахим хуудас "Рио-2016" Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.
Баримт 22. Д.Сумъяа Дэлхийн аварга болсныхоо дараа баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Намайг дэмждэг, хайрлаж хүндэлж явдаг нийт монголчууддаа маш их баярлалаа" хэмээн талархал илэрхийлсэн.
Баримт 23. Д.Сумъяагийн алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа. Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.
Баримт 24. Дэлхийн аварга Д.Сумъяатай дэлхийн аваргийн тэмцээнд алтан медалийн төлөө барилдсан Цукаса Ёошида түүний талаар өгүүлэхэдээ "Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ Олимпийн наадам болтол их хугацаа байна. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” гэсэн байна.
Сэтгэгдэл (14)