Мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол энэ тоо ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгвэл гишүүд Засгийн газрыг огцруулах шалтгааныг гишүүд хэрхэн тайлбарлаж буйг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан.
Баримт 2. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэж амлалт өгсөн боловч нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцоогүй.
Баримт 3. Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа.
Баримт 4. Оффшорын тухай хууль анх өргөн баригдахдаа оффшорчдыг хамгаалсан хууль болсон. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан.
Баримт 5. Засгийн газраас олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа.
Баримт 6. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаасаа боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргав.
Баримт 7. Засгийн газрын бодлогын нэгдэлгүй, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд гаргасан.
Баримт 8. Цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаатай байсан.
Баримт 9. Засгийн газар удаа дараа эрхээ хэтрүүлж Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан учраас огцрох нь зүйтэй.
Баримт 10. Ард түмний 70 хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэсэн судалгаа гарсан.
Баримт 11. Засгийн газрыг яаралтай өөрчлөхгүй бол 2020 онд МАН ялагдана.
Баримт 12. Танил тохой татсан хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд бий болсон Засгийн газар болсон учраас огцрох ёстой.
Баримт 13. Засгийн газрын нэр бүхий 4-5 сайд 802.8 тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр өгсөн.
Баримт 14. Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгасан.
Баримт 15. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байна.
Баримт 16. Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.
Баримт 17. Олон улсаас авсан зээл тусламжинд маш ноцтой шамшигдуулалт бий болсон. Нэг жилийн хугацаанд энэ асуудалтай холбоотой нэг ч хариуцлага тооцсонгүй.
Баримт 18. Ард түмний амьдрал хүнд хэвээрээ байхад яахаараа Монгол Улс барьцаанд тавьж авсан зээл хөрөнгүүдийг хувийн компанидаа зарцуулсан.
Баримт 19. “60 тэрбум”-ын хэрэг гэж Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Үүний төрийн эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс ийм гэмт хэргээс улс төрөө цэвэрлэх цаг нь болсон.
Баримт 20. Бид авлигажсан нийгмийг тас цохиж эрүүлжүүлж авахгүй бол ероолгүй, нийгэм, эдийн засгийн хямралт байдал руу жолоодлогогүй унах болно.
Баримт 21. Өнөөдөр эдийн засгийнхаа жолоог олон улсын буюу гадны байгууллагад атгуулчихаад, иргэдийнхээ цалин, тэтгэврийг тавих чадваргүй болчихоод бид эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо зарцуулж байгаа байдалтай эвлэрч болохгүй.
Баримт 22. Хууль, улс төр, эрх мэдэлтнүүдийн орооцолдсон санхүүгийн тодорхой дэмжлэгтэй, зорилготой, монголын ард түмний баялагийг цөөхөн хүрээнд хувааж байгаа, хулгайлж, зарцуулж байгаа явдлыг таслах цаг болсон.
Баримт 23. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг сөрөг хүчин бус МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд даргад хүргүүлээд буй.
Баримт 24. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Мэргэжлийн Засгийн газрыг байгуулсан ч нэг жил гаруйн хугацааны дараа суудал нь ганхаж, огцрох эсэх асуудал яригдаж эхэллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (16)