Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх саяхан цаг үеийн асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Ишлэл 1. Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна.
Ишлэл 2. Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.
Ишлэл 3. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ.
Ишлэл 4. 2016 оны сонгуулийн дараа би М.Энхболд даргад 65 суудал гэдэг ард түмний том итгэл найдвар, ардчиллын богино түүхэнд манай намд олдох ховор боломж. Тийм учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, Үндэсний хөгжлийн загвар гаргаж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлох, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна. Иймээс намын дарга та Ерөнхий сайд болох ёстой. Энэ том шинэчлэлийн төлөө цаг алдалгүй хамтдаа зүтгэе гэсэн.
Ишлэл 5. УИХ, намын Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг ч сонсолгүйгээр цөөн хэдэн дарга нарын хүрээнд томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.
Ишлэл 6. УИХ-ын 65 суудалтай эрх баригч намын засаг гэхэд үнэндээ дэндүү сулбагар, удаан, шийдэлгүй нэг жилийг өнгөрөөлөө. Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Ишлэл 7. Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.
Ишлэл 8. Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи. Ардын нам бол миний эцэг өвгөдийн нам. Би энэ намд 17 настай байхдаа элссэн. Өлсөж цангаж, жагсаж цуглаж, өгсөж уруудаж, ялж ялагдаж, тэмцэж зүтгэсэн миний амьдралын 32 жилийн түүх энэ намтай салшгүй холбоотой.
Ишлэл 9. Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэдэг. Баатар над руу залгаж ярьсан нь үнэн. Би эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Урьд нь би 2015 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа монгол морь, эрлийз морийг тусад нь уралдуулах журам гаргаж байсан. Үүнийгээ энэ жилийн наадмаар хэрэгжүүлсэн.
Ишлэл 10. Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн. Уг асуудлыг шалгуулахаар ТЕГ, АТГ-т хандсан чинь саяхан дарга нар нь хэвлэлийнхнийг цуглуулчихсан, намайг өөрөө өөрийгөө тагнасан, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн юм ярьчих шиг боллоо. Тэгээд бас өөрийгөө тагнаж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн ч гэх шиг юм яриад байх юм. Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.
Ишлэл 11. Монгол төрийнхөө Шадар сайдыг ингэж гүтгэн доромжилж, хилс хэрэгт холбогдуулж байгаа юм чинь жирийн иргэн, бизнес эрхлэгчдийг бол яаж ч мэдэх юм байна л даа. Ер нь энэ бол ганцхан миний ч биш, Монголын төрд зүтгэж байгаа бүх хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.
Ишлэл 12. АТГ надаас байцаалт авахдаа таныг мөрдсөн нь үнэн юм байна, бид тогтоосон, гэрч болон сэжигтнүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэчихээд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдаж, намын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэхээр сэтгүүлчдийг цуглуулаад намайг өөрийгөө мөрдсөн, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн мэдээлэл тараагаад байгаа нь хууль хүчний байгууллага эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн улстөрчийн гар хөл болчихсон, тэднийгээ хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь айлгадаг, шоронд хийдэг, хэлмэгдүүлдэг, хилс хэрэг үүсгэдэг, хэрэг зохиодог хэрэгсэл болчихсоныг баталлаа.
Ишлэл 13. Гэмт хэргийн тухай мэдээллийг баримтжуулж, холбогдох байгууллагаар шалгуулсан цагдаагийн шударга хоёр алба хаагчийг бас баривчлаад эрүү үүсгэчихсэн. Хэргээ илчилсэн гэрчийг илрүүлсэн цагдаа нартай нь хамт барьж хориод, эрүү үүсгэж гэмт хэрэгтэйгээ тэмцдэг улс манайхаас өөр байхгүй байх.
Ишлэл 14. Хэргийн гэрч Ч.Батболд ТЕГ-т дөрвөн удаа өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөх гэсэн боловч хүлээж аваагүй юм билээ. Дараа нь энэ асуудал ил гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсаны хойно л хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн дээ. Эцэстээ энэ хэргийг илчилсэн, хохирсон хүмүүс нь буруутан болж, энэ хэргийг зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдохгүйгээр хэргийг замхруулна гэж бодож байгаа бол ёстой горьдсоны чинь гарз.
Ишлэл 15. Хууль бус ажиллагааг зохион байгуулахад оролцож байгаа хууль хяналтын байгууллагын зарим хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх цаг ирнэ гэдгийг хатуухан сануулчихъя.
Ишлэл 16. Улс төрийн зорилготой хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа. Тэр ч бүү хэл шударга үнэний төлөө дуу хоолойгоо илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүнийг дарамтлан сүрдүүлэх гэж оролдсон мэдээлэл ч байна.
Ишлэл 17. Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.
Ишлэл 18. Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.
Ишлэл 19. Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай.
Ишлэл 20. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Бэлээхэн туршлага Норвеги байна. Баялгийн сангаас хүнээ дэмжсэн орон сууцны цогц хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчдийн гарааг дэмжих хөтөлбөр, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсрол, эрүүл мэндийн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Ер нь бидний өнгөрсөн хугацаанд алдаж ирсэн алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьсан чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.
Ишлэл 21. Төрийн нэгдсэн стандарт. Нийгэм нь түрүүлж, төр нь хоцорлоо. Төрийн алба нь аль социализмын үеийн тэр л бүтэц системээрээ ажиллаж байна. Энэ олон ашиггүй, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үйл ажиллагаа нь уялддаггүй яам, тамгын газруудыг төрийн нэгдсэн стандарт гаргаж эмхэлж цэгцлэх цаг болжээ.
Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг дарга нар хэт үрэлгэн байж ард түмнээ яаж хямралаас гаръя гэж уриалах билээ.
Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн намууд хандив нэрээр авлига авч дараа нь түүндээ барьцаалагддаг асуудлыг нэн даруй цэгцэлж, намуудын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.
Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингэж байж төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж төрт ёс эмх цэгцтэй болно.
Ишлэл 22. Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.
Ишлэл 23. Одоо л бид эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, эргэж буцсан чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол тун удалгүй нөгөө Грек, Нигери, Аргентиний цөлмөгчдийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй орох эрсдэл хол биш, ойрхон болчихлоо.
Ишлэл 24. Энэ өөрчлөлтийн төлөө монголчууд бид хамтдаа тэмцэх цаг болжээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Эцэст нь, энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийгэмд шударга ёс тогтоох явдал хамгийн чухал. Нийгэмдээ шударга ёс тогтоосон улс гүрэн урагшлан хөгжиж, тогтоож чадаагүй нь уруудан доройтож, мөхсөн түүх дэлхийн түүхэнд олон бий шүү дээ.
Сэтгэгдэл (83)