Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд болно. Тус хэрэгт Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг буруутайд тооцож, анхан шатны шүүхээс тэдэнд 25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр яллагдагч нар болон хохирогч талын гомдлын дагуу дээрх хэргийг хэлэлцэх юм. Харин дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хэргийн зарим нэгэн мэдээлийг улсын нууцаас гаргахыг зөвшөөрсөн юм. Харин тухайн үед энэхүү ноцтой баримтуудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Цагийн Хүрд" нэвтрүүлгээр дэлгэсэн. Мөн Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал С.Зоригийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэгвэл улсын нууцаас дэлгэсэн эл хэрэгтэй холбоотой 24 баримтыг эргэн сануулж, хүргэж байна.
Баримт 1. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн. Анхан шатны шүүхээс энэ хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд Давж заалдах шатны шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Баримт 2. Олны хардлага эргэлзээг төрүүлж, улмаар шүүх хуралдаанд авагдсан нотлох баримтыг ил болгохыг хүсч, шаардаж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.
Баримт 3. Төрийн нууцыг ил болгох тухай уг албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад явуулжээ.
Баримт 4. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр энэ жигшүүрт хэрэг гарсан өдрөөс хойш Тагнуулын Ерөнхий газар, ЦЕГ хамтарсан мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж ажилласан. Өөрөөр хэлбэл энэ хэрэг өнөөдөр гэнэт илэрсэн хэрэг биш 18 жилийн хугацаанд нотлох баримтуудыг цуглуулсан байна.
Баримт 5. С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булган гэрчээр мэдүүлэг өгч байх явцдаа тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй үйлдсэн гэх этгээдүүдийн дүр зургийн өөрийн оюун санаанаасаа дүрсэлж, зуруулжээ.
Баримт 6. Талийгаачийн гэрт ванны өрөө өөрчлөгдсөн, зай талбай өөр байсан гэдгийг Ц.Амгаланбаатар дүрсэлж ярьсан.
Баримт 7. Тухайн байрыг 2000 онд гарснаас хойш Б.Булган засвар хийж өөрчилсөн гэдэг зөвхөн Б.Булганы мэдэж байгаа тэрхүү мэдээллийг Ц.Амгаланбаатар мэдэж байгаа юм.
Баримт 8. Өнөөдөр мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдлаар бид нар дөрвөн хүнийг С.Зориг агсныг санаатай алсан энэ гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцжээ гэж тогтоосон.
Баримт 9. Энэ дөрвөн хүний нэг хүн нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алдсан нь мөн нотлогдсон гэх.
Баримт 10. Б.Булган хэдийгээр хэн ч гарсан шүүх хуралд тухайн нөхцөл байдлыг биеэрээ харсан хүний хувьд яалт ч үгүй гэрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар зүйл гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зөв мэдээллийг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заажээ. Гэтэл Б.Булган хувьд эл хэрэгт холбогдон шалгагдсан хүн аж.
Баримт 11. Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж гэм буруугийн асуудлыг нь шийдэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөл байдлаар энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр тухайн хүн бол байцаан шийтгэх тухай хуулийн шаардлагын дагуу гэрчийн хэмжээнд очихгүй байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй.
Баримт 12. Б.Булган анхны мэдүүлэгтээ хоёр хүн байсан гэж ам зураг гаргуулсан байдаг. Гэтэл хэргийг хоёр биш, дөрвөн хүн үйлдсэн байж таарсан.
Баримт 13. Б.Булган хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан, орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад “Тэр хүмүүс маскаа тайлсан” гэдгийг хэлсэн. Тиймээс мэргэжлийн зураач хүнээр гэмт хэрэгтнүүдийн анхны ам зургийг гаргуулсан байдаг.
Баримт 14. Олон нийтийн сүлжээгээр гарсан хоёр ам зураг бол хэрэг гарсны дараа ажлын хэсгээс мэргэжлийн хүнээр зуруулсан зураг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүдийг Б.Булганы дүрсэлж хэлснээр зурсан зураг. Б.Булган 1999 онд өгсөн мэдүүлэгтээ “Миний хэлснээр тэр зураачийн зурсан зураг бол гэмт хзрэгтнүүдтэй маш адилхан болсон” гэсэн байдаг. Мөн 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ч ам зургийг гэмт хэрэгтнүүдтэй маш адилхан зурагдсан талаар дахин мэдүүлсэн.
Баримт 15. Б.Булган гэрэл зургаар таниулахад гэмт хэрэгтнүүдийг “төстэй байна”, “шууд биш гэж хэлж чадахгүй", “100 хувь мөн гэж хэлэхгүй” гэж мэдүүлж байсан. Хэрэгтнүүдийн царайтай төстэй маш олон аман зургийг нэг дор байрлуулж байгаад таниулах ажиллагаа явуулахад хэрэгтнүүдээс бусдыг нь шууд “Биш” гэж хэлдэг. Харин хэрэгтнүүдийн зургийг “Биш” гэсэн атлаа “Төстэй байна”, Тэхдээ 100 хувь мөн гэж хэлж чадахгүй байна” гэх мэт зүйлийг ярьсан байдаг. Гэхдээ Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ Б.Булгантай уулзаж байсан гэдгээ хэлсэн байдаг.
Баримт 16. Мобикомын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн байсан. Хэрэгтнүүд дундаа нэг гар утастай байсан нь тогтоогдсон. Тэр гар утсаараа захиалагчтай холбогдсон гэж мэдүүлдэг.
Баримт 17. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт "Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг.
Баримт 18. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон. Амгаланбаатар нь хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан ч 18 настай гэж хэлэхэд хэн ч итгэхээр бие бялдрын хөгжил сайтай байсан. Үүнийг Амгаланбаатартай үерхэж байсан эмэгтэй шүүх хуралдааны үеэр гэрчлэв.
Баримт 19. Яллагдагчдын мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдах ёстой хууль мөрдөгдөж байгаа. Амгаланбаатар жишээ нь С.Зориг агсныг хэрхэн хөнөөсөн тухайгаа дүрсэлжээ. Тэрбээр талийгаачийг эхлээд урдаас нь 2 удаа хутгалсаны дараа С.Зориг босч ирж Содномдаржааг боож зогссон тухай ярьжээ. Харин Содномдаржаа нь тухайн үед гэрийн гадаа байсан тухай ярьсаныг Ж.Сандагсүрэн прокурор үгүйсгэв.
Баримт 20. Хэргийн гэрч эмэгтэй шүүх хуралдааны үеэр яллагдагч Амгаланбаатар, Содномдаржаа нарыг хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө хэрэг болсон байрны орчимд эргэлдэж байсан хүмүүс болохыг таньсан.
Баримт 21. Т.Содномдаржаа анх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн талаар, мөн хэн хэн, ямар оролцоотой байсан талаар өмнөөлөгчийн хамт мэдүүлсэн.
Баримт 22. Т.Чимгээ мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ хэрэг үйлдсэн гэдгийг нь нотлох хангалттай баримт, гэрчүүдийн мэдүүлэг бий аж.
Баримт 23. Энэ хэргийг үйлдсэн дөрвөн хүний нэг нь Б.Отгонбаатар. тэрээр 2004 онд эхнэр, 2 хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан. Хэргийг шалгах явцад Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар Б.Отгонбаатарыг гэр бүлийн хамт шатаасан гэдгээ мэдүүлсэн.
Баримт 24. Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (69)