Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, 27-хон насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг хүртээд буй С.Батцэцэгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар монголчуудын бахархал болсон тамирчин Соронзонболдын Батцэцэг энэ жил 27 настай.
Баримт 2. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн.
Баримт 3. С.Батцэцэг таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Түүний аавыг М.Соронзонболд, ээжийг Д.Оюун-Эрдэнэ гэдэг.
Баримт 4. Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газрын унаган хүүхэд.
Баримт 5. Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав, ээж, эмээ, өвөө нь эгэл жирийн л монгол айл. Одоо ч түүний гэр бүлийнхэн “Хөтөл ус”-д малаа маллан амьдардаг.
Баримт 6. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг.
Баримт 7. Мал маллаж хөдөө өссөн тэрбээр багадаа тун эршүүд хүүхэд байжээ.
Баримт 8. Хөдөлмөрийн баатарыг анх бөхийн спортод хөл тавихад нь гэрийнхэн нь тийм ч ингэл төгс байгаагүй гэдэг. Энэ талаар ч түүний ах С.Батсуурь “Дүү бид хоёр багадаа гүүн зэлэн зээр барилдаж өссөн ч дүүгээ анх бөхийн спортоор хичээллэнэ гэхэд эмэгтэй хүн барилдаж чадах болов уу гээд их гайхаж л байсан. Сүүлдээ аймаг, улсын аварга болох үед нь дүүгээ дэмжиж эхэлсэн” хэмээн ярьсан байдаг.
Баримт 9. Тэрбээр арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Бас тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг.
Баримт 10. С.Батцэцэг бөхийн удамтай. Түүний нагац ах нь сумын заан н.Нарангэрэл гэж хүн байдаг бол авга ах нь улсын начин П.Ганхүү юм. Ер нь ээжийнх нь талд аймаг, сумын цолтой бөхчүүд нэлээд олон байдаг. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг гэдэг.
Баримт 11. С.Батцэцэгийг анх чөлөөт бөхөд хөл тавиулсан хүн бол дунд сургуулийн биеийн тамирынх нь багш Дэмбэрэлийн Дондог. Харин дэлхийн давцанд гарах бөхийн эрдмийг З.Дүвчин багш нь заажээ.
Баримт 12. Тэрбээр 2005 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн нэгэн.
Баримт 13. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг МУБИС-ийн япон хэлний ангид сурч байсан ч бөхийн спортоосоо холдож чадахгүй явсаар тус сургуулиасаа гарсан байна.
Баримт 14. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.
Баримт 15. 2010 онд тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, чөлөөт бөхийн барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авч ирсэн түүхтэй.
Баримт 16. Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас С.Батцэцэгийг хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэж байв. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг бэлэглэж байлаа.
Баримт 17. 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас 63 кг жинд хүрэл медаль хүртэв. Чөлөөт бөхийн тамирчид Олимпоос медаль авалгүй 32 жил болсныг тэрбээр ийнхүү залгуулж өгсөн юм.
Баримт 18. С.Батцэцэг 2009 онд анх шигшээ багт орж байсан ч тэрбээр энэ жил шигшээ багаас гарч буйгаа дуулгасан. Тэрбээр энэ талаараа “Би шигшээ багт байхдаа цалин авч бэлтгэл сургуулилт болон өөртөө зарцуулахад их гоё мэдрэмж төрж байсан. Тэр үед миний авч байсан мэдрэмжийг дүү нар маань мэдэрч, чөлөөт бөхийн хөгжил, сайхан түүхийг бүтээхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, амжилт гаргаасай гэж хүссэн. Ингээд би шигшээ багийн цалингаасаа татгалзсан” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин одоо тэрбээр албан бусаар шигшээ багт байдаг аж.
Баримт 19. С.Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн. 2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон.
Баримт 20. Түүний спортын түүхэнд гаргасан амжилтыг үнэлж 2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол, 2010 онд Гавьяат тамирчин, 2017 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.
Баримт 21. Багаасаа эрэгтэй хүүхдүүтэй нөхөрлөж, зодолдож өссөн болохоор одоо ч тэр илүү эрэгтэй хүмүүстэй найзалдаг. Түүнийг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй гэж ойр тойрныхон нь хэлдэг юм.
Баримт 22. Түүнийг Азийн наадамд барилдаж үзээгүй гэхэд тэр бүр хүмүүс итгэдэггүй юм.
Баримт 23. С.Батцэцэгийг нууц авъяас бол дуулах. Тэр маш сайхан дуулдаг
Баримт 24. Тэрбээр хүнтэй гэрлээд нэлээд олон жил болж буй. Тиймээс ч зодог тайлж хүүхэдтэй болох тухай ярьж байсан. Тэгвэл одоо төр түмнийхээ хүртээсэн гавьяа шагналыг амжилтаараа хариулахын тулд гэр бүлийн асуудлаа хойш тавьж, 2020 оны олимпод амжилт гаргахын төлөө зүтгэнэ гэдгээ Хөдөлмөрийн баатарын шагналаа авах үеэрээ мэдэгдсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)