Хоёр сонгуулийн нүүр үзэж, дуулиан тарьсан “60 тэрбум”-ын хэрэг өдгөө өндрийг аваад байгаа билээ. Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эл хэргийг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ч тэрбээр хэдхэн хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төрийн албан тушаалыг наймаалцах талаар яригдсан дээрх хэрэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг дуулгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа 60 тэрбумын хэргийн талаар АТГ-т өгч байсан өргөдлийнхөө хариуг авахыг шаардсан юм. Тэгвэл АТГ дээрх өргөдлийн хариуг Ерөнхийлөгчид илгээсэн байна. Харин АТГ-ын албан бичгийн хариуг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн. Дээрх албан бичигт нэлээд анхаарал татахуйц мэдээллүүд дэлгэгдсэн байгаа юм. Ингээд 60 тэрбумын хэргийг АТГ хэрхэн шалгасан түүнийг нь Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж хариу илгээснийг тоймлон 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ мэдэгдсэн.
Баримт 2. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй.
Баримт 3. Улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.
Баримт 4. Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна.
Баримт 5. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй байна.
Баримт 6. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.
Баримт 7. “60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа.
Баримт 8. Энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна.
Баримт 9. АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН, Ардчилсан Намын ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна.
Баримт 10. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ.
Баримт 11. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна.
Баримт 12. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан аж.
Баримт 13. Мөн АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй аж.
Баримт 14. Дээрх баримтууд нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
Баримт 15. Нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар АТГ-т хүргүүлжээ.
Баримт 16. Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй байсан байна.
Баримт 17. Түүнчлэн өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэг бүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн аж.
Баримт 18. Гэвч дээрх баримтуудыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй аж.
Баримт 19. АТГ нь 90 минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Ерөнхийлөгчид бичсэн албан бичгээс харагдаж байгаа юм байна.
Баримт 20. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна гэдгийг тус албан бичигт дурджээ.
Баримт 21. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож, шударга ёсыг алдагдуулах аюултай гэж үзэж байгаа аж.
Баримт 22. Түүнчлэн АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг анхаарч засч залруулна уу гэдгийг ч дурджээ.
Баримт 23. Х.Энхжаргал та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол Улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна.
Баримт 24. Албан бичгийн төгсгөлд “Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя” гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (52)