Өнөө жилийн Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, “Сүлд” спорт хорооны бөх Цэдэвийн Содномдорж “Өнөөдөр” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Үндэсний бөхийн талаар болон өөрийн амьдралын талаар ний нуугүй ярилцлага тус ярилцлаганаас онцлох “24 ишлэл”-ийг хүргэж байна.
Ишлэл 1: Улсын наадамд түрүүлж, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахдаа хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэн, багш нарыгаа бодлоо. Урьд нь наадмын өмнө олон хүн “Цолоо ахиулаарай. Хичээгээрэй” гэж хэлдэг байсан. Харин энэ жил таарсан хүн бүхэн “Харцага энэ жил өнгөтэй байна. Наадамд түрүүлнэ ээ. Цаг нь болсон” гэхэд нь их бэлгэшээж байлаа.
Ишлэл 2: Зарим бөх улсын наадмын өмнө том цол авахаа зөгнөдөг юм билээ. Надад тийм мэдрэмж төрөөгүй.
Ишлэл 3: Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа ч Хөвсгөлд зуншлага сайхан болж байгаа гэнэ лээ. Аливаа юм тэгшрэх сайхан юм аа. Манай хоймор нутгийнхан энэ жил сайхан наадаж, азарганы түрүүг ч бас хүртлээ.
Ишлэл 4: Наадмын өглөө барилдахаар очиход яагаад ч юм бэ сэтгэл их түгшсэн. Өмнөх жилүүдэд ер тэгдэггүй байсан юм.
Ишлэл 5: Би морь уядаггүй ч уралдаан үзэх үнэхээр дуртай. Хурдан морь барианы зурхайд орж ирэх мөчид өөрийн эрхгүй нулимс дуслуулж, огшдог юм. Ялангуяа бага насны морь хүүхэдгүй түрүүлж ирэхийг харахаар самсай шархирч, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
Ишлэл 6: Шинэ гарьдаас даагаа нэхэх юм сан. Заавал давна, түрүүлнэ гэж бодоогүй. Гарьд голох учиргүй сайхан цол учраас тэр.
Ишлэл 7: Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж барилдаад тав даван, улсын начин цол хүртсэн маань санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд үнэхээр их баярлаж, догдолсон шүү. Энэ жил түрүүлснийхээ дараа баярлаж яваад факталсаан (инээв). Сэтгэл их хөдөлсөн болоод ч тэр үү, эмч залууг санамсаргүй түлхсэнийг маань зарим хүн буруугаар ойлгосон байна лээ.
Ишлэл 8: Заан цолны босго үнэхээр өндөр байлаа. Өмнө нь заан цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан нарт өвдөг шороодсон хүн дээ, би. Тэгэхдээ ганц ч удаа харамсаж байгаагүй. Бүгдэд нь өвдөг шороодсоныхоо дараа “Сайн барилдаарай. Амжилт хүсье” гээд тахимаа өгөн, “Харцагаас том цол хүртэх цаг хараахан ирээгүй бололтой” гэж боддог байлаа.
Ишлэл 9: Үнэнийг хэлэхэд энэ жил учраа бөхдөө өвдөг шороодон, харцага цолтойгоо дөрөв дэх удаагаа үлдэх вий гэх айдас байсныг нуугаад яах вэ. М.Бадарчийг өвдөг шороодуулан, заан цолны болзол хангасны дараа сэтгэл уужраад, цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон.
Ишлэл 10: Түрүүлснийхээ дараа гэртээ хурдхан харьж, ээждээ үнсүүлэх юм сан гэж их яарсан. Ээж минь миний барилдааныг жил бүр зурагтаар үздэг юм. Сүүлийн хэдэн жилийн наадамд харцага цолоо ахиулж чадалгүй гэртээ харихад надаас дутахгүй шаналсан хүн бол миний ээж. Энэ жил түрүүлж, сэтгэлийг нь тэнийлгэлээ.
Ишлэл 11: Ээж минь “Цаг нь болоогүй юм байлгүй. Битгий шантраарай. Миний хүү өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чадна аа. Ээж нь итгэж байна” гэж урам хайрладаг.
Ишлэл 12: Аав минь өнгөрсөн жил өвчний улмаас бурхан болсон. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Аавыгаа амьд сэрүүн үед нь Төрийн наадамд түрүүлж чадаагүй ч ээжийгээ баярлуулж чадлаа гэж бодохоор сэтгэл минь жаахан тайтгарч байна.
Ишлэл 13: Аймгийн хурц арслан О.Гантулга миний хүргэн ах. Төрийн наадамд оноолтоор таарч, давах хэцүү зүйл байсан. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Өнөө жил дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэнээ дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх.
Ишлэл 14: Цолны найраа гэдэг харьцангуй ойлголт. Ирээдүйтэй юм уу, нутгийнхаа бөхийг тунаанаас гаргах, өндөр амжилт гаргах замыг нь засахын тулд өвдөг шороодох бол байх л зүйл. Дээр үеэс ийм зүйл байсаар өдий хүрсэн. Энэ жил л гэхэд улсын аварга С.Мөнхбат Ө.Бат-Орших найздаа, Г.Эрхэмбаяр аварга нутгийн дүү Н.Жаргалбаярыгаа тунаанаас гарган, заан цолны болзол хангуулсныг буруутгаж болохгүй.
Ишлэл 15: Өдий хүртэл надаас хэн нэгэн бөх даваа гуйж байгаагүй. Бүр нэг ч удаа “Төдөн төгрөг өгье. Унаад өгчих” гэж хэлж үзээгүй. Хэрвээ тэгвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй, үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж хэлнэ.
Ишлэл 16: Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ гэж би өөртөө амласан. Би өдий хүртэлх хугацаанд ганц ч удаа худлаа унаж, хэн нэгнийг найраагаар давж ард түмнээ хуураагүйгээрээ бахархдаг.
Ишлэл 17: Сумын заан цол бидэнд их ээлтэй. Багаасаа тэдэн шигээ бөх болохыг мөрөөдөж, энэ спортод хорхойссон. Тэр мөрөөдөлдөө 17 настайдаа буюу 2003 онд хүрч, бөхийн спорттой амьдралаа холбоход Дундговь аймгийн харьяат, аймгийн заан Мөнхтөр их нөлөөлсөн.
Ишлэл 18: Би үндэсний бөхийн хажуугаар Г.Жамсран, Б.Баттулга багш нарын удирдлагад жүдо, чөлөөтөөр давхар хичээллэсэн. 2006, 2007 онд аймгийнхаа наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн. Дараа жил нь улсын наадамд анх зодоглохдоо Төв аймгийн заан Ч.Бямбадоржид өвдөг шороодож байлаа.
Ишлэл 19: Хамгийн дотнын найз минь улсын харцага А.Цацабшир. Бид хоёр дэвжээн дээр өрсөлдөгч. Харин амьдрал дээр сайхан найзууд. Найз минь энэ жил улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж, шөвгөрлөө.
Ишлэл 20: Би дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Олуулаа, өнөр өсөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.
Ишлэл 21: Манайх төмөр хоёр ортой, гэрт амьдардаг байлаа. 10-уулаа гэрийнхээ хойморт гөөхийлдөөд унтдаг байсан сан. Томчууд нь голоор, багачууд нь захаар унтана. Учир нь томчууд нь захаар унтахаар хөл нь оронд тээглээд байдаг байсан юм.
Ишлэл 22: Тавдугаар анги төгсдөг жил л дээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдэд зуныхаа амралтаар ажил олж хийх шиг хэцүү даваа байхгүй. Гэртээ зүгээр сууж байхаар гэрийнхэндээ нэмэр болъё гээд “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү.
Ишлэл 23: Би найм дахь хүүхэд нь болоод ч тэр үү, шинэ хувцас өмсөнө гэдэг нүдний гэм. Ах, эгч нарынхаа хуучин, багадсан хувцсыг л өмсөж өссөн дөө.
Ишлэл 24: "Дараа жил түрүүлнэ, аварга болно” энэ тэр гэж том амлаад яах вэ. Мэдээж юуны түрүүнд олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, арслан цолондоо эзэн болж явахыг хичээнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)