Парламентын сэтгүүлчээс төрийн түшээ болоод 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдсан МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэжээ. МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэн нь ч албан ёсоор Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдээгүй байсан билээ. Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад өрсөлдөхөө албан ёсоох илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Өлзийсайханы Энхтүвшин 1958 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 59 настай.
2. Тэрбээр хотгойд үндэстэн бөгөөд эх оронч Хотгойдын Шадар Ван Чингүнжав баатараар бахархаж явдаг.
3. Ам бүл зургуулаа.
4. Тэрбээр эхээс арвуулаа айлын том хүү аж. Бага байхаасаа л гэр бүлийнхээ хоёрдугаар аав нь болж хэдэн дүү нарынхаа төлөө одоог хүртэл зүтгэж хатуужиж ирсэн хүн гэдэг. Тэр ч утгаараа юмуу хэр баргийн зүйлд түргэн хөдлөхгүй барагтай бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй гэдэг.
5. Түүнийг мөнгөн дээр их хатуу хүн гэнэ. Хүүхдүүддээ ч сул мөнгө хэр барагтаа өгөөд байдаггүй. Сургалтын төлбөрийг нь л төлдөг байж. Тиймээс хүүхдүүд нь сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг байжээ.
6. 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 1989 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи төгссөн.
7. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хурд” агентлагт насаараа шахуу ажиллаж буй Энхтуяа гэх бүсгүйтэй ханилж байжээ. Гэвч тэрээр хоёр дахь амьдралаа зохиосон бөгөөд эхнэрийг нь У.Булган гэдэг аж.
8. Түүний ууган хүү Э.Золбоот, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн охин Мандхайтай гэр бүл болж хуримаа хийжээ. Золбоотын хувьд Америкийн Индианагийн их сургуулийг дүүргэсэн. Оюутан ахуй цагаасаа л аавынхаа сонгуулийн сурталчилгаанд оролцдог байсан.
9. Охин улс төр ерөөсөө сонирходоггүй гэдэг бөгөөд гадаад харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшижээ.
10. Түүний өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгт жилийн орлого нь 13 сая төгрөг бол гэр бүлийнх нь орлого 120 сая төгрөг гэжээ.
11. Түүний нэр дээр нэг 36 сая төгрөгийн үнэтэй “Лексус 470” машин байдаг.
12. Ө.Энхтүвшин түүхийн ухааны доктор. Англи, орос хэлтэй.
13. Тэрбээр Улсын бага хурал, УИХ-ын хурлыг сурвалжилж байсан анхны цөөхөн сэтгүүлчдийн нэг.
14. Ө.Энхтүвшин 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймчоос хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж байжээ.
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
15. МАХН-ын нарийн бичгийн даргаар 1996-1997 онд ажиллаж байхдаа “ “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ. Үүнээс цааш дахин гурван жил нарийн бичгийн ажил хийсэн.
16. Тэрбээр 2000-2004, 2006-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, өдгөө дахин намын листээр УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. 2000-2004 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд байв.
17. Ө.Энхтүвшин 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнуулж байсан.
18. 2010 онд МАН, МАХН гэсэн хоёр нам болж хуваагдахад тэрбээр МАН-ын даргад заалнаас нэр дэвшиж байв.
19. Тэрбээр 2008-2012 оны УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан.
20. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлах үеэр тэрбээр намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүхтэй муудалцан байж бүлгийн хурал хийж байсан юм.
21. УИХ-ын гишүүдээс хамгийн бага хэл аманд өртдөг гишүүдийн нэг юм.
22. Гэхдээ Ө.Энхтүвшин Н.Энхбаяртай, С.Батболдтой, У.Хүрэлсүхтэй, мөн намын залуучуудтайгаа ч сайн харилцаатай байдаг. Түүнийг нам дотроо төвийг сахисан хүн гэж үздэг.
23. МАН-ын дөрөвдүгээр бага хурлаар тэрбээр 89 хувийн саналаар намын даргаар сонгогдлоо.
24. Түүнийг МАН-ын бодлогоор сонгосон бөгөөд “Ө.Энхтүвшингээс өөр хүн байхгүй тул” гэсэн тайлбартайгаар тэрбээр ийнхүү сонгогдсон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (43)