Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байна. Жил жилийн наадмыг Ерөнхийлөгч нээдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч нээнэ гэсэн хүлээлттэй байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдахаар болсон нь төлөвлөсөн олон ажлыг өөрчлөхөд хүргэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадмыг шинэ Ерөнхийлөгчөөр нээлгэхгүй байхаар болсон бол дахин санал хураалтын өдөртэй давхцаж байгаа хэд хэдэн аймгийн наадмын товыг өөрчилллөө. Ингээд энэ жилийн наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1: Шадар сайд У.Хүрэлсүх “Төрийн наадмыг шинэ Ерөнхийлөгч нээж чадахгүй боллоо. Наадмын комисс бэлтгэлээ ханга” хэмээн мэдэгдлээ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирц хүрэхгүй байх, баяр наадмын өмнө дахин санал хураалт зохион байгуулагдах магадлалтай ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээхээр болж байна.
Баримт 2: УДЭТ-ын Ерөнхий найруулагч,Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болжээ. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байна.
Баримт 3: Наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцоно хэмээн урлаг соёлын салбар зөвлөлийн дарга БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр мэдээлэв.
Баримт 4: Энэ жилийн нээлтийн нэг онцлог шигтгээ нь Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг анхны хувилбараар нь наадамчин олонд сонордуулна.
Баримт 5: “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны хувилбар нь тус үйлдвэрийн архивт хадгалагдаж байжээ.
Баримт 6: Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг” хэмээн мэдэгдэв.
Баримт 7: Түүнчлэн У.Хүрэлсүх “Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой” хэмээн Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулсан.
Баримт 8: Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог болон эрлийз төрлийн морио сойх боломжтой.
Баримт 9: Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг Монгол наадам цогцолборт тав, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Баримт 10: Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,
Баримт 11: Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд болохоор болов.
Баримт 12: Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулна.
Баримт 13: Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийн ажил шинээр хийв.
Баримт 14: Энэ жил Шагайн харвааны асарт их засвар хийж байгаа бол сурын талбайн хэмжээг томсгож, үзэгчдийн суудлыг нэмж байна.
Баримт 15: Шагайн харвааны талбайн дээврийн 152 сая төгрөг төлөвлөсөн.
Баримт 16: Сурын талбайн засварт нийтдээ 140-ээд мянган сая төгрөг засварт зарцуулсан. 55 сая төгрөгөөр наадам олон үзэгчдэд зориулж дотоодын компанид 360 хүний суудалтай 20 ком сандал хийлгэсэн.
Баримт 17: Газрын гарц энэ хэвээр тааруу байх аваас хурдан морины уралдааны зайг богиносгох талаар яригдсан.
Баримт 18: Энэ жил 2.7 тэрбум төгрөгөөр наадамлана.
Баримт 19: Энэ нь энэ жилийн наадмын бэлтгэл ажлын төсөв 300 сая төгрөгөөр танагдсан гэсэн үг.
Баримт 20: Хүй долоон худагт ирээдүйд нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг цогцлоон барьж байгуулна.
Баримт 21: Баяр наадмын шууд дамжуулалтаар Монгол ТВ, ТВ9, МҮОНТ хүсэлт өгсөн бол бусад 14 телевиз нь блок болж ажиллах юм байна.
Баримт 22: “Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” хэмээн найруулагч Н.Наранбаатар мэдэгдэв.
Баримт 23: СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Хүй долоо худагт соёл, урлагийн болон Монголын уламжлалт, зан заншлыг харуулсан ямар онцлогтой тоглолт, үзүүлбэрүүд болно” гэв.
Баримт 24: НЗДТГ-аас хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр бэлтгэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)