Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн барилга өчигдөр шөнө шатав. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын дээврийн засварын ажил хийж байсан хүмүүс гал алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалууд болон зарим нэгэн төнөг төхөөрөмжийг гадагш зөөж гаргаж амжсан гэдгийг мэдээлсэн юм. Үндэсний томоохон үйлдвэрлэгч "Говь" ХК-ийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 оны 09 сарын 05-ны өдөр Япон улсын хөрөнгө оруулалттайгаар анх байгуулагджээ.
Баримт 2. “Говь” ХК нь 36 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.
Баримт 3. Монгол Улсын Засгийн газрын Өмч Хувьчлалын Комиссын тогтоолоор 1993 онд “Говь” УҮГ-ыг “Говь” ХК болгожээ.
Баримт 4. Улмаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэн, нийт дүрмийн сангийн 25.1 хувь буюу 1,919,061 ширхэг хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдсан байна.
Баримт 5. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авч байжээ.
Баримт 6. Эл цагаас хойш “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Баримт 7. “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь Д.Гэрэлмаа бол гүйцэтгэл захирал нь Ц.Баатарсайхан юм.
Баримт 8. Тус компанийн 34 хувийг “HIDE INTER” ХХК, 28.59 хувийг ЭФ-СИ-АЙ ХХК, 15.90 хувийг Таван Богд Трейд ХХК, 5.63 хувийг Үлэмж их ХХК, харин үлдсэн 15.90 хувийг бусад аж ахуй нэгж, хувь хүн эзэмшдэг аж.
Баримт 9. “Говь” ХК-ны нийт хувьцааны тоо 7,801,125.
Баримт 10. “Говь” ХК нь монгол ямааны 100 хувь ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг юм.
Баримт 11. Тус компани өнгөрсөн онд 88.7 тэрбум төгрөгийн орлого олсон бол үүний 36.2 тэрбум төгрөг нь компанийн ашиг аж.
Баримт 12. Харин компанийн нийт хөрөнгө нь 131 тэрбум төгрөг.
Баримт 13. “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог байна.
Баримт 14. “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур, 30 тн бөмбөгөн ноос, ноолуур, 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай.
Баримт 15. Түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.
Баримт 16. “Говь” ХК нь нийт 1500 гаруй ажилтантай бөгөөд анхан шат, сүлжмэл, нэхмэл, оёмолын 4 үйлдвэрээс гадна чанар, стандарт баталгаажуулалтын хэлтэстэй.
Баримт 17. “Говь” ХК жилд 30,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драпаар бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг урлан, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Баримт 18. 2014 оноос пальто, пиджакны үлгэр суулт, оёдлын болон материалын чанарыг цоо шинэ технологийн дэвшилд хүргэх зорилгоор Японы №1 эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэгч Lapine компанитай хамтран хамтран ажиллах болжээ.
Баримт 19. Говь ХК нь 53 тэрбумаар үнэлэгдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй.
Баримт 20. 2021 он гэхэд ноолууран пальтоны үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.
Баримт 21. Говь ХК-ны хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 15 хувиар унаад байна.
Баримт 22. “Говь” ХК-ны үйлдвэрийн барилгын дээвэр шатсан талаарх дуудлага өчигдөр ОБЕГ-т 20 цаг 46 минутад иржээ.
Баримт 23. Онцгой байдлын 13 ангийн 150 гаруй албан хаагч шуурхай ажилласны дүнд үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоосон байна.
Баримт 24. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (4)