Өнөөдөр "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр". Эл өдрийг 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон байна. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг.
Баримт 2. Монгол Улс НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс.
Баримт 3. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна. /2014/
Баримт 4. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.
Баримт 5. Үүнээс хойшхи 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /2012/
Баримт 6. Манай улс өдгөө 15 дахь жилдээ дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.
Баримт 7. Монголын энхийг сахиулагчид 21 мянган дүрвэгсдийг хамгаалж байна.
Баримт 8. 1999 онд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр засгийн хэмжээнд яригдаж, 2000 онд Бүгд Найхамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш Монголын цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьжээ.
Баримт 9. Монголын хамгийн анхны энхийг сахиулагчдын нэг нь хурандаа Р.Даваадорж. Тэрбээр цэргийн мэргэжлийн офицер бус эмч хүн.
Баримт 10. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 11.000 цэргийн 2,9 хувь буюу 341 нь эмэгтэй /2015 оны байдлаар/
Баримт 11. Манай эмэгтэй офицеруудын оролцоо тооны хувьд бага ч чанарын хувьд өндөр, НҮБ-ын төв штабын Ажиллагаануудын дарга нараар ажилладаг, 2-3 гадаад хэлтэй хүмүүс байдаг аж.
Баримт 12. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ Өмнөд Суданыг энхийг сахиулсан.
Баримт 13. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцсан.
Баримт 14. Өнгөрсөн онд Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
Баримт 15. Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Баримт 16. Энхийг сахиулагчид сарын 1380 ам.долларын цалинтай.
Баримт 17. Энхийг сахиулагч Монгол залуу НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ. БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгажээ.
Баримт 18. Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварчээ. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм.
Баримт 19. Энхийг сахиулагч монгол залуу Данкон маршийн рекордыг эвджээ. Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уг маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг аж. Тус маршийг армийнхаа бэлэн байдлыг шалгах зорилгоор зохион байгуулдаг гэнэ. Данкон-2015 НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан байна. 80 гаруй орны 320 энхийг сахиулагчид тэмцээнд оролцсоноос хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон аж. Монголоос 11 энхийг сахиулагч оролцсон байна. Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид өрсөлджээ. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордийг 02 цаг 07 минут болгон шинэчилжээ.
Баримт 20. Энхийг сахиулагч Монгол залуу хүүхэд эх барьжээ. /2014/ Бүгд найрамдах Өмнөд судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авчээ. Тэрбээр Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \хоёр хүү, нэг охин эх барьж авсан/ байна.
Баримт 21. Өмнөд Суданд ажиллаж буй Монгол цэргүүд хоёр настай хүүг аварчээ. /2017/ Монгол улсаас Өмнөд судан улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд цэрэг дайчлан энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг нурангаас аварчээ. Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс аварсан байна. Орон нутгийн цагаар шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт тухайн орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг байна.
Баримт 22. Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд 50 хүний амь аварчээ. /2017/ Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Энэ талаар UBMISS-д мэдээлжээ. Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр хэлэхдээ, Монгол цэргүүдийн энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халджээ. “Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд дорвитой арга хэмжээ авч ажилласны дүнд долоон эмэгтэй, дөрвөн эрэгтэйн амь насыг аварсан байна. Ноён Ширер Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагч Монголын цэргүүд эр зориг гарган, иргэдийг хамгаалсан гэж хэлжээ.
Баримт 23. Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа. /2016/ БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй “Монгол цэрэг” хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа.
Баримт 24. Хошууч генерал Д.Даваа: Монгол цэрэг одоо “од” болсон. "2009 онд Хятад, Монголын хамтарсан хээрийн сургуулилт Бээжингийн ойролцоо болсон полигон дээрх хаалтын ажиллагаанд оролцож байх үед тал талаасаа 40, 40 цэргийн бүрэлдэхүүнтэй салаа оролцсон сургуулилт болсон юм. Энэ үеэр манай цэргүүдийн ур чадвар, тэр олон сая хүний дундаас дээд зэргийн шүүлтүүр шалгуур давж оролцож байсан цэргүүдээс дутахгүй, зарим талаараа илүү ч байсан. Ялангуяа гардан байлдаан, энхийг сахиулахтай холбоотой хөтөлбөр гээд янз бүрийн ажиллагаа гүйцэтгэж байхад өөрийн эрхгүй суудлаасаа босч алга ташиж байсан шүү. Тэр үед Монгол цэргээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан".
24tsag.mn
Сэтгэгдэл (1)