Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт батлаж, залуучууд анх удаа эрхээ хамгаалуулсан хуультай болсон. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэгвэл “Залуучуудын хөгжлийн тухай хууль”-ийн онцлох заалтуудыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Баримт 2. Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг 24 зүйлтэй юм байна.
Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих
Баримт 3. Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжсэн амьдрах ухааны ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх
Баримт 4. Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжсэн амьдрах ухааны ур чадварыг эзэмшүүлэх бүх төрлийн сургалт, үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийг татварын бодлогоор дэмжих
Баримт 5. Түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвар, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн хувь хүний хөгжлийн тусгайлсан сургалт, бэлтгэлийн хөтөлбөрийн дагуу 18-25 насны залуучуудыг сайн дурын үндсэн дээр хугацаат цэргийн алба хаах
Баримт 6. Хугацаат цэргийн алба хаасан оюутан, залуучуудын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсаас 1 жилээр тооцон төлөх
Баримт 7. Залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлалт зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжин урамшуулах
Залуучуудын боловсролыг дэмжих
Баримт 8. Үндэсний цөөнх, шилжин суурьшигч, зорилтот бүлгийн, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуучуудын боловсролын хэрэгцээг судалж, хэрэгцээнд суурилсан сургалтыг насан туршийн боловсролын хөтөлбөрийн дагуу эзэмшүүлэх
Баримт 9. Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын төлбөрөөр дамжуулан оюутан, залуучуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах
Баримт 10. Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд хугацаат цэргийн алба хаасан суралцагчийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн кредит цагийг нөхөн тооцох
Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах
Баримт 11. Оюутнуудыг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ
Баримт 12. Залуучуудын нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
Баримт 13. Биеийн тамир, спорт, амралт, алжаал тайлах, бялдаржуулалт, бясалгалын төв зэрэг залуучуудын бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Баримт 14. Оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд зуучлах бирж, төвүүдийг байгуулан ажиллуулах, залуучуудыг хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих
Баримт 15. Техник технологи, шинжлэх ухаан, инноваци, эдийн засгийн тэргүүлэх салбарт залуучуудын гарааны бизнесийг дэмжих бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх
Баримт 16. Малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах
Баримт 17. Гадаадад ажиллаж байгаа ур чадвар, ажлын туршлага, технологи дамжуулах чадвар бүхий залуучууд эх орондоо эргэн ирж ажиллахад дэмжих
Баримт 18. Тухайн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангасан ажил олгогчдод эхний 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хэсгийг нөхөн олгох
Аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх
Баримт 19. Залуучуудын орлоготой нийцүүлэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах, хөлслөх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг залуучуудын болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх
Баримт 20. Хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа залуучуудад зориулсан сэтгэл заслын үйлчилгээ, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээг залуучуудын төрийн бус болон холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулах
Баримт 21. Залуучууд бие биенээ хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, иргэний нийгмийн байгууллагын санал, санаачилгыг дэмжих
Баримт 22. Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
Залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх
Баримт 23. Залуучууд өөрсдийн эрх ашиг хөндөх аливаа асуудлаар шийдвэр гаргах бүх түвшинд оролцох, санал хүргүүлэх, мэдээллээр хангах
Баримт 24. Сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудыг оролцоог дэмжих
24tsag.mn
Сэтгэгдэл (1)